Н.Төгсцогт өнөөдөр эхний тулаанаа хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.30-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогт өнөөдөр эхний тулаанаа хийнэ

Дэлхийн хүн төрөлхтнийг нэгэн дээвэр дор нэгтгэж буй “Лондон-2012” зуны XXX олимпийн наадам өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр олимпийн өрсөлдөөний талбарт спортын долоон төрөлд 12 багц медалийн эзэд тодорно. Харин Монголын баг тамирчдаас дөрөв нь өнөөдөр Лондонгийн олимпийн талбарт өрсөлдөх гэж байна.

Тодруулбал, боксын эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт эхний тулаанаа хийнэ. Сугалаа ёсоор эхний тойрогт Азербайжаны боксчин Элвин Мамишзадатай таарсан Н.Төгсцогтын тоглолт Монголын цагаар өнөөдөр 21.30 цагт эхэлнэ. Эхний өрсөлдөгчөө ялбал тэрбээр наймдугаар сарын 3-нд Бээжингийн олимпийн хүрэл медальт, 2007 оны дэлхийн аваргын хүрэл, Европын аваргын хошой хүрэл медальт, Италийн боксчин Винченко Пикардитай тоглох юм.

Мөн өнөөдөр жүдо бөхийн тэмцээн эрэгтэйчүүдийн 73 ба эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилнэ. Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд нийт 34 жүдоч зодоглоно. Тус жинд эх орноо төлөөлөх ОУХМ С.Ням-Очирын тухайд эхний тойргийн барилдаанд хийлж, удаахь тойрогт Германы Кристофер Воелктай учраа таарчээ. Ялсан тохиолдолд дараагийн барилдаанд Португаль болон Украйны жүдочдын ялсантай нь хүч үзэх аж.

Харин эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдах ОУХМ Д.Сумъяа эхний тойрогт БНСУ-тай шилдэг жүдоч Ким Жан Дитай, ялсан тохиолдолд Италийн бөх Жулия Квинтаваллтай барилдах юм. 57 кг-ын жинд 25 бөх барилдах юм байна. Жүдо бөхийн тэмцээний хэсгийн барилдаан 16.30 цагт эхэлнэ.

Олимпийн наадмын гурав дахь өдөр мөн Монголын тамирчдаас ОУХМ Н.Баяраа буудлага спортын урт бууны төрөлд онч сорино. Олимпийн урт бууны гурван өөр дасгалд өрсөлдөх тэрбээр өнөөдөр эхнийх нь болох эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд буудна. Урьдчилсан буудлага Монголын цагаар 16.00 цагт эхлэх юм байна.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж