батлагдахыг хүлээдэг хүмүүс байдаг гэдгийг бид анзаардаггүй. Зөв
шударгаар амьдрах гэхэд орчин нөхцөл нь саад болж, олхиогүй нэг нь гай
болсоор байна. Ийнхүү өөрсдийн салбартаа, бүр тодруулбал өөрийн ажлаа
хийгээд амьдраад явах боломжийг хүлээсэн нэгэн бол хорооны цагдаа.
Тодруулбал, цагдаагийн байгууллагын анхан шатны ажилчдын төлөөлөл болсон
энгийн нэг эргүүлийн цагдаа. Харилцах хүмүүс нь уурлаж бухимдсан,
эндсэн, гэмтсэн гээд аль болж бүтэхгүй бүхэн. Ажиллах орчин нь халуунд
халж, хүйтэнд хөрөх. “Баярлалаа” гэх үгнээс занаж, зүхсэнийг сонсох нь
илүү олон.
Хэргийн газар хамгийн эхэнд хороон цагдаа л очно.
Агсам тавьж буй булиа нөхрийг өнөө цагдаа л номхруулна. Харин хэзээ
хойно өнөөх агсам нөхөр номхорсны дараа дарга цагдаа нь өрөөндөө дуудан
уулзаж томорно. Хариуцаж авсан цэнгээний газрууд нь ажиллах цагийн
хуваариа зөрчинө. Хаах ёстой цагаа хэтрүүлэн ажиллана. “Хаах цагтаа хаа”
гэж шаардана. Харин өнөөдүүл нь хаалгаа цоожилж арын хаалгаараа
үйлчлүүлэгчдээ гаргаж аргална. Зарим цэнгээний газрыг цагдах ч эрхгүй.
Хэрэв тэднээр оролдож хууль биелүүлэхийг шаардвал хэн нэгэн хурандаа
утасдаж “ахын дүү наад газраа орхичих, за юу” гэж тушаал гуйлтын дундуур
зааварчилгаа өгнө. “Сохрын газар сохор” гэх дүрмийг дагалгүй өнөө хууль
зөрчигчдийг чангалчихвал сүүлд өөрөө чангалуулах нь тодорхой. Мэдээж
өнөөх хурандаа яаж ийгээд хуулийн дагуу чангалчихаж дөнгөнө. Урамшуулал,
ажлын үзүүлэлтийг дүгнэх эрх хурандаад бий тул ганц муу цагдааг “муу
ажилласан” гээд шоглочихож дөнгөнө. Дүрэм журам зөрчихгүйгээр л өнөөх үг
дагадаггүй цагдааг хол газар томилолт өгөөд цөлчихнө.
Дандаа
борчуулын гэрээс дуудлага ирэхгүй нь тодорхой. Агентлагийн дарга, Их
хурлын гишүүн, сайд нар ч мөн агсам согтуу тавьж айл хөршүүд, айсан
эхнэр нь дуудлага өгнө. Харин дуудлагаар очсон цагдааг гэрт нь очиход
үүднээсээ эхлээд л дарамтална. “Чи орох гэж байгаа бол гутлаа тайл, хэн
чамайг дуудсан юм бэ” гээд л ширүүхэн харцаар хороон цагдааг угтана. Уур
нь өндрөөс буугаагүй байхад ирсэн бол цохиод авчих нь энүүхэнд.
“Прокурорын зөвшөөрөлтэйгээр л орон байранд нэвтрэх эрх бий шүү” хэмээн
хууль ярьж загнана. “Наад хувцсыг чинь тайлуулчихаж чадна шүү” гэж
хашгична. Үнэхээр тэд хүсэх юм бол цагдаагийн эсрэг бүх зүйл эргэж
орхино. Дахиад л нэг хурандаа утасдаж найзаар нь оролдохгүй байхыг
сануулна.
Өдөртөө биш юм аа гэхэд долоо хоногтоо нэг удаа цогцос
үүрнэ. Харахаас ч цээрлэдэг зүйлийг хороон цагдаа үүрээд л явна. Ингэж
бусдад адлуулсныхаа хариуд авах цалин нь ёстой л сарын эхний арав
хоногтоо л дуусна. Шинэхэн цагдаа бол ах нартаа архины мөнгө авч
үнэлүүлэх, авгай хүүхэддээ талхны мөнгө үлдээж адлуулахын нэгийг
сонгоно.
Өлссөн цагдаа бусдын халаас руу өнгийнө. Үүнд амташсан
нэгнээсээ болж “адгийн цагдаа”, “Эрийн муу цагдаа” гэж адлуулна.
Төлөвшөөгүй нэгэнд цагдаагийн хувцас өмсгөснөөс болж цагдаа нар бүхэлдээ
боловсролгүй бүдүүлэг цолоор “шагнуулна”.
Хэврэгхэн
хамгаалалттай, хэцүүхэн эрхтэй цагдаа ажил үүргээ гүйцэтгэхээр гарахдаа
“Хэрэгт ороод буруудчих вий” гэсэн айдастай. Ар гэрийнхэн нь “Эсэн мэнд
эргэж ирээсэй” гэж залбираастай. Ийм л энгийн нэг цагдаа ажилласан шиг
ажиллаж, амьдарсан шиг амьдрах орчин бүрдүүлэх хуулийг хүлээсээр..
Зүгээр нэр төдий хууль биш, жинхэнэ амьд хуулийг хүссээр.