“Монгол 999+”-д 1700 “толгой” нэгдээд байна

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

“Монгол 999+”-д 1700 “толгой” нэгдээд байна

“Монгол 999+” нэгдэлд 1700 гаруй компани нэгдээд байна. Өчигдөр тус нэгдлийн ТУЗ хуралдаж, гүйцэтгэх удирдлагаа тендер шалгаруулах сонгохоор болсон. Өнөөдөр тус нэгдлийнхэн хэвлэлийнхэнтэй уулзаж ярилцсан юм. Ингээд ТУЗ-ийн гишүүн, “Юнайтедфрэнднс” группийн захирал Г.Пүрэвсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-“Монгол 999+” үндэсний нэгдлийн гол зорилго нь юу вэ?

-Ямар нэг компани, эдийн засгийн бүлэглэлийн төлөө бус, гадаадын хөрөнгө оруулагчид юм уу, үндэстэн дамжсан корпорациудын төлөө биш, Монголын иргэний үнэмлэхтэй монгол хүн бүрийн төлөө нэгдэж байгаа нэгдэл юм. Монгол хүн бүр эдийн засгийн утгаар нь эх орныхоо эзэн нь байхын төлөө юм.  Өөрөөр хэлбэл чи баян, чиний үр хүүхэд баян, хүүхдийн чинь найзууд  ч бас бүгд баян байвал бид сэтгэл амар тайван амьдарч чадна шүү дээ. Тиймээс Монголыг аврах 1700  гаруй “толгой” нэгдээд байна. Үүний цаана маш олон иргэн байгаа шүү дээ. Монголыг уул уурхай аврахгүй, эв нэгдэл аврах юм гэж боддог. 

-Үнэхээр та нар зангидсан гар шиг эвтэй байж чадаж байна уу?

– Чадаж байна. Чадахаас өөр арга зам байхгүй.

-ТУЗ нэлээд урт хугацаагаар хуралдаж байх шиг байна?

-Тийм ээ. Удаан хуралдаж байна. Бид маш нухацтай ярилцаж, нэгдсэн шийдэлд хүрэхийн тулд цаг хугацаа их шаардлагатай. Нэгэнт гарсан шийдвэрийг  нийт гишүүд нэгэн дуу, нэгэн хүчээр  дэмжиж ажиллах нь ойлгомжтой.

-ТУЗ-ийн 15 гишүүний талаар багагүй шүүмж гараад байгаа. Үүнд таны байр суурийг сонсох гэсэн юм?

-Бид монгол эх хүний сэтгэлээр бие биедээ хандах зарчим баримталж байгаа. Нэг айлын хүүхэд дотор алдаж, оносон, амжилт гаргасан, авьяас чадвартай янз бүр байдаг. Эх хүн үр хүүхдээ ижилхэн л хайрладаг.  Харин ч алдаж оносон хүүхдүүддээ илүү сэтгэл гаргадаг байх.  Энэ л зарчмаар бид зангидсан гар шиг нэгдмэл санаатай ажиллаж байгаа.

-Нэгдэж байгаа компаниуд нэг сая төгрөгөөр дүрмийн сангаа бүрдүүлж байгаа. Гэвч зарим нэг компани нэг сая төгрөгөө авна гэсэн санал гаргасан гэх юм. Энэ үнэн үү?

-Өнөөдрийн байдлаар тийм санал нэг ч гаргаагүй.

-Тавантолгойн нөөц олны анхаарлыг татаж байгаа. Ер нь хэдий хэмжээний нөөцтэй вэ?

-6.4  тэрбум  гаруй орчим нөөцтэй гэж байгаа. Тавантолгойг гадаад дотоодын нийлсэн  5-6 “толгой”  биш зөвхөн монголчууд л ашиглах ёстой. 

-Та нарын тооцоолсноор Тавантолгойн үр шимийг бид хэдий хугацаанд хүртэх бол. Энэ талаар тооцоо гаргасан  байх?

-Монголчууд нэгэн зорилгын дор нэгдэж, хамтарч ажиллаж чадвал 2-3 жилийн дараа үр өгөөжийг нь хүртэнэ. Одоо ч жижиг Тавантолгойн үр шимийг хувьцаа эзэмшигчид нь хүртэж байгаа. Тус компани өнөөдрийн байдлаар хамгийн шилдэг татвар төлөгч болсон шүү дээ.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж