Лондон-2012: 1,2 дахь өдөр

Хуучирсан мэдээ: 2012.07.30-нд нийтлэгдсэн

Лондон-2012: 1,2 дахь өдөр

БАЙТЫНХАН МОНГОЛЫН ТАМИРЧДЫН САЛХИЙГ ХАГАЛЛАА

Хүн төрөлхтний эв нэгдэл, баяр бахдалын илэрхийлэл болсон зуны олимпийн наадам Лондон хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна.

НЭГ ДЭХ ӨДӨР

Ж.ГАНТӨГС УЛСЫН ДЭЭД АМЖИЛТ ШИНЭЧЛЭВ

Баасан гаригт нээлтээ хийсэн олимпийн наадмын нээлтийн өдөр Монголын баг тамирчдын салхийг хагалж, байтын тамирчид эхний сумаа тавьсан юм. Лондонгийн олимпийн талбарт өрсөлдсөн байт харвааны тамирчин, ОУХМ Ж.Гантөгс урьдчилсан харваан дахь 72 сумаа харваж, 669 оноо авснаар 19 дүгээр байрт бичигдсэн юм. Дэлхийд чансаагаараа 33 дугаарт эрэмбэлэгдээд буй тэрбээр энэхүү амжилтаараа улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.

Олимпийн байтын тэмцээнд урьдчилсан харваанд нийт 64 тамирчин тус тус 72 сум тавих бөгөөд дундаа завсарлагатайгаар 36 сум харвадаг. Урьдчилсан харвааны дараагаар тамирчдыг оноогоор нь жагсааж, эрэмбэлсний дагуу нэгдүгээрт эрэмбэлэгдсэн тамирчин 64 дэх харваачтай, хоёр дахь нь 63, гурав дахь нь 62-той гэхчилэн дараагийн шатанд халз өрсөлдөх учиртай. Эхний тойргийн харваа долдугаар сарын 30-нд болох юм. 19 дүгээрт жагссан манай тамирчны тухайд эхний тойрогт 46 дугаарт бичигдсэн Энэтхэгийн Рахул Банержеетай өрсөлдөх болж байна. Эхний тойргоос эхлэн тамирчид хасагдах журмаар өрсөлдөх юм.

Энэ төрөлд БНСУ-ын тамирчин Им Дун Хьюн нь 699 оноогоор дэлхийн дээд амжилтыг шинэчлэв.

Мөн өдөр байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн урьдчилсан харваа болж, Монгол Улсын тамирчин Б.Урантунгалаг цэц сорьсон байгаа. Тэрбээр 652 оноо авснаар 18 дугаар байрт эрэмбэлэгдээ, долдугаар сарын 30-нд болох эхний тойргийн харваанд Их Британийн тамирчин Алисон Уилльямсонтой өрсөлдөх болж байна. Талбайн эзэн орны тамирчин нь урьдчилсан харваанд 629 оноо авснаар 47 дугаар байрт бичигдсэн юм.

ЖҮДОЧДЫН ГАРАА ТААРУУ…

Харин “Лондон-2012” олимпийн наадмын эхний өдөр буюу бямба гаригт жүдо бөхийн тэмцээн уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаанаар эхэлж, Монголын цагаан өмсгөлтнүүдээс эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ М.Уранцэцэг нар эх орноо төлөөлсөн юм. Харамсалтай нь, Д.Төмөрхүлэг эхний барилдаандаа Бразилийн жүдоч Фелипе Китадайтай барилдаж, юүко үнэлгээгээр ялагдсан бол эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Казахстаны бөхийг ялсан ч хэсгийн аваргын төлөөх барилдаанд Бээжингийн олимпийн аварга, дэлхийн аваргын гурван хүрэл медальтай, Европ тивийн есөн удаагийн аварга, Румыны шилдэг тамирчин Алина Дюмитруд дийлдсэн юм. Улмаар торгуулийн барилдаанд зодоглож, Аргентиний бөхөд ялагдсанаар олимпийн татамиг орхив.

Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 60 кг-ын жинд дэлхийд чансаагаар тавдугаарт эрэмбэлэгдээд буй ОХУ-ын жүдоч Арсен Галстян дэлхийн хошой аварга, Узбекистаны Ришод Собировыг хагас шигшээ барилдаанд нэмэлт цагт ялж, улмаар аваргын төлөө Японы Хироаки Хираокаг 40 секундэд цэвэр ялснаар олимпийн аварга болсон. Харин Бээжингийн олимпийн хүрэл медальт Собиров хүрэл медалийн төлөөх барилдаанд Францын Софиан Милуг ялснаар олимпийн хошой хүрэл медалийн эзэн болов. Түүнчлэн Бразилийн жүдоч Фелипе Китадай Италийн Элио Вердег ялж, хоёр дахь хүрэл медалийн эзэн болсон байна.

ЭРЭГТЭЙ 60 КГ:

Алт: Арсен Галстян /ОХУ/
Мөнгө: Хироаки Хираока /Япон/
Хүрэл: Фелипе Китадай /Бразили/
Хүрэл: Ришод Собиров /Узбекситан/

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Бразилийн жүдоч Сара Менезес шигшээ барилдаанд Бээжингийн олимпийн аварга, Румыны Алина Дюмитруг ялж, олимпийн аварга болсон байна. Лондонгийн олимпийн дараа зодог тайлахаа мэдэгдсэн Дюмитру нь хагас шигшээд Японы Томоко Фүкүмиг ялсан билээ. 48 кг-ын жинд хүрэл медалийг Унгарын Эва Щерновицки болоод Бельгийн Чарлин ван Сник нар хүртжээ.

ЭМЭГТЭЙ 48 КГ:

Алт: Сара Менезес /Бразили/
Мөнгө: Алина Дюмитру /Румын/
Хүрэл: Эва Щерновицки /Унгар/
Хүрэл: Чарлин ван Сник /Бельги/

ХОЁР ДАХЬ ӨДӨР

О.ГҮНДЭГМАА ШИГШЭЭД ШАЛГАРЧ ЧАДСАНГҮЙ

"Лондон-2012" зуны XXX олимпийн наадмын буудлага спортын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалд өрсөлдсөн Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа харамсалтай нь шигшээ буудлагад шалгарч чадсангүй. Тэрбээр урьдчилсан дасгалд нийт  380 оноо авснаар 18 дугаар байрт бичигдэв. Тэмцээний дүрмийн дагуу эхний найман байрт бичигдсэн тамирчид шигшээ буудлагад өрсөлддөг билээ.

Гэхдээ О.Гүндэгмаагийн хувьд наймдугаар сарын 1-нд өөрийн үндсэн төрөл болох 25 метрийн спорт гар бууны дасгалд онч мэргэн сорино.

М.БУНДМАА БЭРТЭЛТЭЙ БАРИЛДЛАА

Лондонгийн олимпийн наадмын хоёр дахь жүдо бөхийн тэмцээн эрэгтэйчүүдийн 66 кг ба эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилсэн. 52 кг-д жингийн тамирчдаа манлайлан барилдсан Гавьяат тамирчин М.Бундмаа хоёрдугаар тойргийн барилдаанд Кубын бөх Янет Бермой Акостад цэвэр ялагдсанаар олимпийн татамиг орхисон юм. Олимпийн наадмын бэлтгэлээ базааж байх явцад хөлөндөө бэртэл авсан тэрбээр ямартай ч эхний өрсөлдөгч болох Гайти улсын тамирчинг цэвэр ялж, удаахь барилдаандаа дэлхийн шилдэг жүдочдын нэг Янет Акостатай хүчтэй өрсөлдөөн үзүүлсэн юм.

Х.ЦАГААНБААТАР ЭЗЭН ОРНЫ БӨХӨД ЯЛАГДАВ

Жүдогийн тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд эх орноо төлөөлсөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар дугаар шилжих мөчид хэсгийн аваргын төлөө барилдахаар болоод байлаа. Эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Тайванийн бөх Ту Кай Венийг вазари, юүко үнэлгээгээр ялж, удаахь барилдаандаа дэвжээний орон орны тамирчин Колин Оатест юүко үнэлгээгээр ялагдсанаар энэ удаагийн олимпийн наадмыг өндөрлүүллээ.

Г.ОЮУНГЭРЭЛ АНХ УДАА ОЛИМПИЙН УСАН ЗАМД

Олон улсын усан спортын холбооноос Монгол Улсад олгосон цагаан хуудсын дагуу Лондонгийн олимпийн наадамд оролцох эрхтэй болсон Г.Оюунгэрэл өчигдөр олимпийн усан замд хурдаллаа. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан 100 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд өрсөлдсөн тэрбээр гараандаа зургаан тамирчинтай өрсөлдөж, 1:27.17 секундын амжилтаар зургаан тамирчнаас тавдугаар байрт шалгарсан байна. Тэрбээр ийнхүү хувийн дээд амжилтаа шинэчилж чадсан байна. Түүний хамт урьдчилсан гараанд уралдсан зургаан тамирчнаас Босния ба Герцеговина улсын тамирчин Ивана Нинкович 1:14.04 цагийн амжилтаар манлайлжээ. Харин Г.Оюунгэрэл түүнээс 13.13 секундээр хоцорч барианд орсон байна.

Лондонгийн олимпийн анхны аварга


“Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын анхны медальтан, анхны аваргаар БНХАУ-ын буудлага спортын тамирчин И Силинг тодорлоо. Долдугаар сарын 28-нд эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн дасгалд өрсөлдсөн тэрбээр урьдчилсан дасгалд 399 оноо, харин шигшээ буудлагад 103,9 оноо авснаар нийлбэр 502,9 оноогоор энэ удаагийн зуны олимпийн наадмын анхны алтан медалийн эзэн болж байна. Харин мөнгөн медалийг Польшийн тамирчин Силвия Богачка 502,2 оноогоор хүртсэн бол БНХАУ-ын тамирчин Юү Дань 501,5 оноогоор хүрэл медалийн эзэн болсон байна.

16 настай охин дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ

“Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын эхний өдөр буюу бямба гаригт усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 400 метрийн ганцаарчилсан холимог сэлэлтийн төрөлд БНХАУ-ын тамирчин, 16 настай Е Шивень дэлхийн дээд амжилтыг шинэчилж, олимпийн аварга боллоо. Тэрбээр шигшээ уралдаанд 4:28.43 секундын амжилт үзүүлснээр дэлхийн дээд амжилтын эзэн болжээ. Харин мөнгө, хүрэл медалийг дэлхийн аварга, Америкийн тамирчин Элизабет Бейзел, БНХАУ-ын Ли Суансү нар хүртсэн байна.

Хүндийг өргөлтийн анхны алт Хятадынх

Хүндийг өргөлтийн төрөлд дэлхийд ноёрхогч байр суурь эзэлдэг БНХАУ-ын тамирчид “Лондон-2012” олимпийн хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 48 кг-д аваргын алтан медалийг өөрийн болгож чадлаа. Бээжингийн олимпийн наадамд Хятадын хүндийг өргөгчид нийт 15 жингээс наймд нь алтан медаль хүртэж байсан билээ. 

Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 48 кг-ын жингийн тэмцээнээр эхэлсэн хүндийг өргөлтийн анхны алтан медалийг БНХАУ-ын тамирчин Ван Минжуан хүртжээ. Дэлхийн дөрвөн удаагийн аварга тэрбээр анхны олимпийн наадамдаа оролцож, аваргалж буй нь энэ аж. 2002 онд дэлхийн аваргад анх удаа түрүүлснээс хойш олон улсын тавцанд ялагдал амсаагүй тэрбээр огцом өргөлтөөр 91 кг, түлхэлттэй өргөлтөөр 114 кг, нийт 205 кг-ыг амжилттай өргөснөөр Лондонгийн олимпийн аварга болжээ.

Японы тамирчин Хироми Мияакэ нийт 197 кг /огцом-87 кг, түлхэлттэй-110 кг/-ыг өргөж, мөнгөн медалийн эзэн болсон байна. Тэрбээр 1968 оны Мехикогийн олимпийн хүрэл медальт Йошиюүки Мияакэгийн охин бөгөөд Бээжингийн олимпийн наадамд зургадугаар байрт, харин 2004 оны Афины олимпийн наадамд есдүгээр байрт шалгарч байжээ.

Харин БНАСАУ-ын тамирчин Руан Чун Хуа нийт 192 кг /огцом-80 кг, түлхэлттэй-112 кг/-ыг өргөснөөр хүрэл медалийн тавцанд гарчээ.

Италийн харваачид багийн төрөлд түрүүлэв

Олимпийн наадмын байт харвааны эрэгтэйчүүдийн багийн тэмцээний аваргууд бямба гаригт тодорсон байгаа. Шигшээд шалгарсан Итали болон АНУ-ын багийн өрсөлдөөнд Италийн байт харваач Мишел Франгилли сүүлийн сумаар 10-ыг оносноор багтаа ялалт авчирчээ. Олимпийн наадмаас багийн төрөлд алтан медаль хүртэж байгаагүй италичууд Франгилли, Мауро Несполи, Марко Галиаццо нарын бүрэлдэхүүнтэйгээр АНУ-ын багийг 219:218 харьцаатай, ганцхан онооны давуугаар ялж, аваргалсан байна. АНУ-ын багийн бүрэлдэхүүнд Брэди Эллисон, Якоб Вуки, Жейк Камински нарын тамирчид багтжээ. 

Харин тэмцээний гол фаворитаар нэрлэгдэж байсан БНСУ-ын тамирчид хагас шигшээд АНУ-ын багт 224:219 оноогоор ялагдсан бөгөөд хүрэл медалийн төлөө Мексикийн харваачдыг ялж, медалийн тавцанд гарчээ.

Тэмцээний дараа Италийн багийн тамирчин Франгилли “Хүнд хөдөлмөр, хичээл зүтгэлийн дүнд ирсэн медаль. Би энэ мөчийг 16 жил хүлээсэн. Үнэхээр мөрөөдөл минь биеллээ. Сүүлчийн сумаар 10 ононо гэдэг зүүд мэт хэрэг байлаа. Надад ямар мэдрэмж төрж байгааг үгээр илэрхийлэхийн аргагүй” хэмээн ярьжээ.

Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр эмэгтэйчүүдийн багийн харвааны тэмцээн болж байна. Харин маргаашнаас эрэгтэй ба эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн харваа эхлэх юм.

Винокуров Казахстаны анхны алтыг авчирлаа

Лондонгийн зуны олимпийн наадмын эрэгтэйчүүдийн замын дугуйн тэмцээнд Александр Винокуров түрүүлж, Казахстаны багийн анхны алтан медалийн эзэн болжээ. Тус төрөлд өндөр амжилт үзүүлнэ гэгдэж байсан, зохион байгуулагч орны тамирчин Марк Кавендиш харин 29 дүгээрт барианд орсон байна. Харин Колумбын тамирчин Ригоберто Уран мөнгө, Норвегийн Адександр Кристофф хүрэл медаль хүртжээ.

Сэргээшийн асуудлаар 2007-2009 оны хооронд хоёр жилийн хугацаатай эрхээ хасуулж байсан Винокуров өдгөө 38 настай. Лондонгийн олимпийн аварга болсон тэрбээр ирэх лхагва гаригт болох эрэгтэйчүүдийн цагийн уралдаанд оролцсоны дараа зодог тайлах төлөвлөгөөтэй буйгаа дуулгажээ.

Ядаж л бамбар баригч

 “Лондон-2012” олимпийн наадамд Их Британийн шигшээ багт багтаж чадаагүйдээ сэтгэл дундуур байсан хөлбөмбөгч Дэвид Бекхэм олимпийн галт бамбарыг Темза мөрөн дээгүүр завиар авч явж, олимпийн цэнгэлдэхэд хүргэж өгчээ. Харин моторт завин дээр олимпийн бамбар авч явахдаа Дэвид бүх гунигаа мартсан мэт инээмсэглэж харагдсан гэнэ. “Лондон-2012” наадамд Их Британийн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч болох нь сүүлчийн хүсэл хэмээн ярьж байсан Дэвидийг шигшээ багт заавал орох ёстой хүний нэг гэх хүн олон байсан ч Английн олимпийн хороо түүний хүсэлтийг хүлээж аваагүй юм. Хэдийгээр шигшээ багаа ахлах аз дутсан ч Дэвид “Лондон-2012” наадмын яах аргагүй хүндтэй зочдын нэг байсан бөгөөд АНУ-ын тэргүүн хатагтай түүнтэй гар барьсан гэнэ лээ.

Лондонг тольдох Орбит цамхаг үүдээ нээв

“Лондон-2012” олимпийн цэнгэлдэхийг дээрээс нь үзэгчдэд харуулахын тулд босгосон “Орбит” цамхаг үүдээ нээжээ. Олимпийн наадам эхэлсэн өдрөөс хойш Орбит цамхгийн оройгоос олимпийн цэнгэлдэх хүрээлэн, олимпийн тосгон, тэр бүү хэл Лондон хотыг бүхэлд нь харах гэсэн хүмүүсийн цуваа тасрахгүй байгаа гэнэ. Лондонд очсон хүн болгон заавал үзэх Орбит цамхгийн зураг төслийг олон улсад нэртэй уран барилгач Аниш Капур гаргажээ. 115 метр өндөр Орбит цамхаг Их Британийн хамгийн өндөр байгууламжид тооцогдож байна. Зочид цамхгийн нарийхан хаалгаар орж, цахилгаан шатаар дээш өгсөн, ердөө 30 секундын дотор 85 метрийн өндөрт гарах аж. Харин цамхгийн орой дээрээс олимпийн цэнгэлдэх төдийгүй, Лондон хот бүхэлдээ харагддаг байна. Цамхгаас доош буухдаа мушгиралдсан дугуй шатаар буудаг аж. Орбит цамхгийг олимпийн наадмын дараа түр хугацаагаар хааж, 2013 оны сүүлчээр дахин нээх юм байна.

Олимпийн тосгонд 180 метр өндөр цамхаг байгуулах төсөл дээр олон улсын 30 гаруй уран барилгач ажиллажээ. Эцэст нь уран барилгач Аниш Капурын загварыг сонгосон байна. Цамхгийг барих ажлыг 2010 оны арваннэгдүгээр сараас эхэлж, өнгөрсөн дөрөвдүгээр сард барьж, дуусгажээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж