Хүн төрөлхтний баяр үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.07.30-нд нийтлэгдсэн

Хүн төрөлхтний баяр үргэлжилж байна


Өнгөрсөн баасан гаригт (манай цагаар бямба гаригт шилжих шөнө) Лондон хотноо 2012 оны Зуны олимпийн тоглолтын албан ёсны нээлт боллоо. Олимпийн бамбарыг асаах эрхийг долоон залуу тамирчдад өгчээ. Нээлтийн ёслол нь олимпийн хөдөлгөөний түүхэнд хамгийн их дурсагдан үлдэх ёслолуудын нэг болов.

2012 оны долдугаар сарын 27-ны өдөр дэлхийн спортын түүхэнд үүрд үлдэх юм. Энэ өдөр Зуны ХХХ дахь олимпийн өдөр байлаа. Дэлхий даяар амьсгаа даран нээлтийн ёслолыг хамгийн сайхан болно гэж эцсийн мөч хүртэл хүлээв. Шоуг Оскарын шагнал авсан “Ядуусын хорооллын саятан” киноны найруулагч, продюсер Дэнни Бойл найруулсан бөгөөд Их Британийн тухай өгүүлнэ гэдэг нь ойлгомжтой байв.

Зохион байгуулах хорооны хэлснээр ёслолын “саундтрек” нь сонгодгоос рок хүртэлх Британийн хөгжмийн түүхийн шилдэг сонголтууд байсан аж. Цэнгэлдэх хүрээлэнд  Битлз-ийн цуутай гишүүн  Пол Маккартни тоглоно гэж эртнээс зарласнаас ч тэр үү, спорт сонирхогчид агуу шоу үзнэ гэдэгтээ итгэлтэй байв.

Тамирчдын жагсаалтыг уламжлалын дагуу олимпийн тоглолтын эх орон Грек эхлүүлж, тоглолтын эзэн Их Британи төгсгөв. Нээлтийн ажиллагаа уг тоглолтод зориулан зутгасан олимпийн хонх цохисноор эхлэв. Энэ хонх Кремлийн хагархай хонхыг тооцохгүй бол дэлхийн хамгийн том хонх болов. Саяхан болж өнгөрсөн Тур де Франс дугуйн уралдааны аварга Брэдли Уиггинс хонхыг анхлан  цохих эрхийг авсан байлаа.

Цэнгэлдэх хүрээлэнгийн эхний зураглал нь Дундад зууны Английн ногоон нуга, толгод ба амгалан тайван фермерүүдийг харуулав. Аажмаар энэ зураглал нь бортгон малгайтай хөрөнгөтнүүд, халтар царайтай, бохир хувцастай ажилчдийн түрэмгийллээр хунигдаж эхлэв. Ингээд тайз аж үйлдвэрийн зураглалаар солигдоход  үйлдвэржилтийг илтгэсэн төмөр яндангуудаар фермерүүдийн эзэмшил хумигдаж буйг харуулав.

Хөрөнгөтнүүд ба ажилчид малгайгаа нэгэн зэрэг аван дэлхийн дайнуудад үрэгдсэн охид хөвгүүдээ дурсан саналаа. Харин Британи улс орныхоо хүчин чадлыг улам бэхжүүлж, ажилчид нь улайссан гангаар асар том металл цагираг зутгаж байна. Тэр цагираг нь өөр өнгийн дөрвөн цагирагтай  нийлж олимпийн тоглолт эхэлж буйн бэлгэдэл болов.

…Тоглолтыг албан ёсоор нээх хатан хааны чухал хэсэг үлджээ. Букингемийн ордонд ердийн нэгэн кэб-сүйх тэрэг очин түүнээс “Даниел Крэйг – агент 007” буюу Жеймс Бонд гарч ирэв. Тэрээр хатан хааныг тоглолтод урих үүрэгтэй аж. Хатан хаан, Жеймс Бонд хоёр нисдэг тэргээр цэнгэлдэх хүрээлэнд ирээд хоёулаа шүхрээр цэнгэлдэхийн тайзнаа буув.

Лондоны тэнгэрт Их Британийн хатан хааны дүрийг хуулбарлан гаргасан нь мэдээж. Харин Елизавета өөрөө нөхөр жон Филиппийнхээ хамт хаантны тагтад хүндэтгэлтэйгээр гарч ирэн God save the Queen сүлд дууны дор төрийн далбааг мандуулахаар “аравнайлав”.

Цаашлаад үзэгчид Жоан Роллингийн зүтгэлийн дагуу Гарри Поттер, Мэрри Поппинс ба Питер Пэн нар Ахмад Дэгээ болон Волан Де Морт зэрэг үлгэр домгийн хорлонтнуудыг ялж буйг харцгаав. Дараа нь Мистер Бин буюу Роуэн Аткинсоны цаг болж, нэртэй жүжигчин өөрийн стилиэр олимпийн цуутай аяыг “тоглов”. 

Beatles, Rolling Stones, Queen зэрэг британийн цуутай хамтлагуудын ая дуугүйгээр яаж нээлт байх билээ? Бүх талбай нэгэн эгшинд британи хөгжмийн сүүлийн 60 жилийн хөгжмийг сонсгосон нэгэн том дискотек болон хувирлаа. Ливерпулийн домогт дөрвөлөөс Sex Pistols, the Prodigy хүрсэн түүхийг өгүүлсэн хит бүрийг давтах хэрэггүй биз. Энэ онцгой хөгжмийн блокийг интернэтийг бүтээгч сэр Бернерс-Ли өөрөө төгсгөв.

Өөөр бусад сонирхолтой цуврал үзүүлбэрүүдийн дараа тамирчдын прад эхэллээ. Грекчүүд уламжлалын дагуу түүнийг нээв. Олимпийн тоглолтод бараг дэлхийн бүх орон оролцдог учраас энэ парадаас Антигуа ба Андорра зэрэг бичил орнуудын тамирчдыг харж болох байв. Үндэсний болон дүрэмт хувцастай тамирчдын цуваа үргэлжилсээр түүнийг хамгийн олон хүнтэй болох Их Британийн тамирчид дуусгалаа. Белоруссийн ерөнхийлөгч Александр Лукашенког Британид оруулаагүй учраас тоглолтыг Белорусийн тамирчид орхино гэж  яриа гарсныг үгүйсгэн тэдний жагсаалыг теннисийн урт карьертай Максим Мирный толгойлон туг барьж явлаа. Энэ удаагийн тоглолтоор багийн  үзүүлэлтээр тэргүүн байр авах хамгийн өндөр магадлалтай Хятадын тамирчдын жагсаалын тугийг 212 см-ийн өндөртэй сагсан бөмбөгчин Йи Жулиань барьсан харагдлаа. Чехийн тамирчид ер бусын гоёл болсон усны резинэн гуталтайгаар онцгойрч байв. Лондоны тоглолтод Бруней, Катар Саудын Араб анх удаагаа эмэгтэй тамирчдыг илгээжээ. Бахрейн, Катарын төрийн далбааг нь эмэгтэй тамирчид барин тэргүүлсэн нь сонирхолтой байв. Мөн Гонконгийн тамирчид Хятадын багаас тусдаа тоглолтод оролцохоор болжээ.

Үзэгчид тамирчдыг алга ташин угтаж байснаа олимпийн тоглолт бол улс төрөөс хол гэдгийг мартан Иран, Иракийн тамирчдыг гарч ирэхэд чимээгүй угтав. Хөгжим л чангаар дуугарч байлаа. Оросын дэгжин тамирчдын жагсаалтын тугийг нэртэй теннисчин Мария Шарапова арч явлаа. Өөр нэг алдартай теннисчин, эрэгтэйчүүдийн теннисийн хаан Новак Жоковичид Сербийн тугийг барих эрхийг өгсөн байв. Хоёр жилийн өмнө жендерийн гарлаар дуулиан босгоод байсан Кастер Семеня Өмнөд Африкийн жагсаалыг тэргүүлэн туг өргөгч болсон байв. Мөн тэдний дунд хоёр хөлгүй хөнгөн атлетикч Оскар Писториус хиймэл хөлтэйгээ алхаж явна. Тэрээр ойрын зайн  гүйлтэд оролцох юм. Америкийн тугийг барих эрхийг туялзуур жадны сэлмийн төрлийн тамирчин Мариэль Загунис авсан байна. Бүх төрөлд хүчээ үзэх Британийн тамирчдын жагсаалын дараа тоглолт нээгдсэнийг хатан хаан II Елизавета зарлав.

Хатан хааны үгийн дараа олимпийн далбааг өргөлөө. Түүнийг авч ирсэн алдартай тамирчин хүмүүсийн тоонд Мухаммед Али байв. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунд тийм эрх олджээ. Дараа нь олимпийн бамбар асаах ёслол болов. Олимпийн гал Олимпийн уулнаас Лондон хүртэл асар их замыг туулахдаа сансарт хүртэл явсан юм. Түүнийг цэнгэлдэх хүрээлэнд Темза мөрнөөр Английн хөлбөмбөгийн багийн ахлагч асан Дэвид Бэгхем катер онгоцоор хүргэн ирэв. Галыг Бэгхем олимпийн акамемик завийн аварга Стивен Редгрейвт дамжуулан шилжүүллээ.

Дасгалжуулагчид ба шүүгчид тангараг өргөсний дараа бамбарыг асаах л үлдэв. Редгрейв галыг цэнгэлдэхэд авчран британийн аваргуудын сонгон шилсэн долоон залууд дамжуулан өгөв. Тэд цэцэг болгосон дэлбээнүүдэд нь галаа асаасны дараа дэлбээнүүд нь өргөгдөн нийлээд зуны олимпийн бамбар болон аслаа. Гал ассаны дараа Лондоны тэнгэрт маш гоёмсог ёслолын буудлага болов. Энэ зуны тоглолт ямар болохоос үл хамааран нээлтийн шоу нь олимпийн орчин үеийн түүхийн хам­гийн хурц тод, санагдан үлдэх үйл явдал боллоо гэж хэлэхэд илүүдэхгүй биз.




Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж