Америкт үр тариа, Өмнөд Солонгост экспорт ”гандаж” байна

Хуучирсан мэдээ: 2012.07.30-нд нийтлэгдсэн

Америкт үр тариа, Өмнөд Солонгост экспорт ”гандаж” байна

“When God Bless US ?”

Сүүлийн үеийн мэдээллээр бол АНУ-ын газар нутгийн гуравны хоёр хувь нь ган гачигт нэрвэгджээ. АНУ-ын төв нутгаар болж байгаа хуурайшилтын улмаас ирэх онд багагүй хэмжээний ургац алдах нь нэгэнт тодорхой болсон гэж АНУ-ын Хөдөө аж ахуйн яам мэдэгджээ. Мөн тус яамнаас 2013 онд АНУ-д хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд хүрч болзошгүй гэж анхааруулсан байгаа аж. Ган гачиг болсонтой холбоотойгоор мал болон гэрийн тэжээвэр амьтны тэжээлд зарцуулах зардал ихэссэнээс болж малын болон тэжээвэр амьтны гаралтай бүтээгдэхүүний үнэ эрс нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Тэр дундаа өндөг,сүүн бүтээгдэхүүн,махан бүтээгдэхүүний үнэ АНУ-д огцом өсөх хандлагатай байна. Хүнсний бүтээгдэхүүний үнэ америкчуудын гар дээр очихдоо 3-4 хувиар өсөх бол махны үнэ таван хувиар нэмэгдэж байгаа гэнэ. Энэ удаа болж байгаа ган гачиг АНУ-д урьд өмнө нь өнгөрсөн зууны дундуур буюу 1956 оны үед болж байсантай адил хэцүү байдалд оруулж байгаа гэнэ. АНУ-ын хувьд хэрэглээний гол хэсгийг эзэлдэг эрдэнэшиш, шар буурцагны тариалангийн ихэнх хэсэг ган гачигт нэрвэгдсэн тул эдгээр ургамлын бүтээгдэхүүний үнэ хэдийнээ өсөөд эхэлсэн.

Нөгөө талаар АНУ нь дэлхийн эрдэнэшиш, шар буурцагны гол экспортлогч болдог учраас АНУ-д бий болох хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт бусад орнуудад ч мөн нөлөөлж байгаа ажээ. “Энэ оны ган гачиг ирэх онд хүнсний бүтээгдэхүүний үнийг зайлшгүй өсгөх болоод байна” гэж АНУ-ын хүнсний яамны төлөөлөгч ноён Ричард Вольпе ВВС агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Түүний хэлж байгаагаар бол ган гачгийн улмаас эрдэнэшиш, шар буурцган бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаа бөгөөд үнийн өсөлт удахгүй бусад хүнсний бүтээгдэхүүнүүдэд нөлөөлнө гэжээ. Эхлээд мал, гэрийн тэжээвэр амьтдын тэжээлийн үнэ өсөх бөгөөд дараа нь малын үнэ өсч, улмаар хүнсний бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ өсөх болно гэж тэр хэлэв. Ер нь бол АНУ-д сүүлийн жилүүдэд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт жил бүр дунджаар 2.8 хувиар өссөөр ирсэн байна. Харин энэ удаагийн ган гачиг нь америкчуудынг хэрэглээний жимс, жимсгэнийн болон хүнсний ногооны үнэд нөлөөлөхгүй аж. Учир нь АНУ-д хүнсний ногоо болон жимсийг хүлэмжийн орчинд байгалийн хамааралгүйгээр ургуулдаг учраас ган гачгаас төдий л хамаардаггүй юм байна. Уг нь энэ онд Нэгдсэн улсад эрдэнэшишийн ургац авалтаар дээд хэмжээ тогтооно гэж америкчууд найдаж байсан гэнэ. Гэвч байгалийн гамшиг энэ зорилтыг нь тасалдуулжээ. Олон долоо хоног үргэлжилсэн халууны улмаас АНУ-ын 31 мужид ган гачиг нүүрлээд байгаа бөгөөд байгалийн гамшигт нэрвэгдсэн мужуудад тусламж үзүүлэх ажил эхлээд байгаа аж.

Экспортын хамаарал гай тарьж эхлэв

Дэлхийд эдийн засгийн үзүүлэл­тээрээ дээгүүр байранд ордог Өмнөд Солонгосын эдийн засаг өнгөрөгч гур­ван сарын хугацаанд өсөлт нь саарсан гэх мэдээлэлтэй байна. Тус улсын эдийн засгийн өсөлт удааширч байгаагийн гол шалтгаан нь мөн л Евробүсийн өрийн хямралтай холбоотой байжээ. Европийн орнууд хямралд нэрвэгдсэнээр тус улсын экспортын салбар цохилтод орсон бөгөөд европийн орнуудаас орж ирэх хөрөнгө оруулалт саатаад байгаа юм байна. Өмнөд Солонгосын ДНБ-ий өсөлт өнгөрсөн улиралд ердөө 0.4 хувиар тэлсэн бол өмнөх саруудад энэ үзүүлэлт 0.9 хувь байсан аж. Өмнөх жилүүдэд олон хувийн өсөлттэй гардаг байсан Өмнөд Солонгосын эдийн засаг сүүлийн жилд ердөө 2.4 хувийн л өсөлттэй гарахаар байдалтай байгаа ажээ. Энэ байдал нь саяханаас мөнгөний бодлогоо зөөлрүүлэхийн тулд бодлогын хүүгийн хэмжээг бууруулж байсан Өмнөд Солоносын төв банкны бодлогыг бүр ч илүү шахаж мэдэхээр байна. Уг нь Өмнөд Солонгосын төв банк гэнэтийн шийдвэр гаргаж бодлогын хүүгээ 3.2 хувьтай байсныг 3.0 хувь болгон бууруулсан нь сүүлийн гурван жилд анх удаа бодогын хүүг багасгаж байгаа арга хэмжээ байсан аж. Гэвч өнөөгийн нөхцөл байдал Өмнөд Солонгосын Төв банкны одоо аваад байгаа арга хэмжээг улам зөөлрүүлэхэд хүргэнэ гэж олонхи шинжээч нар үзэж байгаа юм байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар бол Өмнөд Солонгосын эдийн засгийн өсөлт удааширснаар тус улсын Төв банкны хүүгийн бодлого улам зөөлрөхөөс өөр гарц байхгүй гэж үзэж байгаа бөгөөд солонгосчууд ч ийм бодлого авахад хүрч байна гэжээ.Зарим шинжээчдийн үзсэнээр бол ойрын хэдэн сардаа багтааж зээлийн хүүгийн хэмжээг бууруулах бололтой байгаа ажээ. “Эдийн засгийн өсөлтийн хувь хэмжээ ийм бага гарч байгаа нь нөхцөл байдал тун ч ноцтой болж байгааг харуулж байна” гэж Өмнөд Солонгосын эдийн засгийн аюулгүй байдал хариуцсан шинжээч Сан Ун ярьж байгаа юм. Түүний хэлж байгаагаар бол энэ асуудал зөвхөн Өмнөд Солонгосын ч асуудал бус бөгөөд тиймээс Өмнөд Солонгосын эдийн засаг хэзээ эргэн сэхэх тухай тааварлахад бэрх байна гэжээ.Үнэхээр ч Өмнөд Солонгос нь гадаад зах зээл дээр гаргах экспортын хэмжээнээс эдийн засаг нь маш их хамааралтай байдаг бөгөөд нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ тал хувийг гадаад зах зээлд нийлүүлдэг тул өнөөгийн Европын хямрал тус орны эдийн засагт үнэндээ маш хүнд цохилт болоод байгаа юм. Тэгээд ч хямралд өртөөд байгаа Евробүсийн орнууд болон худалдан авалт нь түр царцчихаад байгаа АНУ-ын өнөөгийн байдлаас болж Өмнөд Солонгосын экспорт хүнд цохилт амссаар байгаа нь ойлгомжтой.Өмнөд Солонгос Азид дөрөв дэх том эдийн засаг болдгийн хувьд энэ нөхцөл байдал бусад улс орнуудад ч нөлөөлөх байдалтай байгаа аж. Өмнөд Солонгосын Төв банкны гаргаж байгаа мэдээллээр бол тус улсын экспорт энэ оны хоёрдахь хагаст 0.6 хувиар унасан байгаа ажээ. Цаашид нөхцөл байдал энэ хэвээр үргэлжлэх бөгөөд зарим шинжээчдийн үзэж байгаагаар Өмнөд Солонгосын эдийн засгийг эргэн сэргээхэд чамгүй урт хугацаа шаардагдах бололтой. Өнөөдөр Өмнөд Солонгосын ажил хэргийн ертөнц Евробүсийн орнуудын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг л анхааралтай ажиглахаас өөр зүйл үлдээгүй аж.Гэвч зарим улстөрчид дотоодын эрэлтийг хангалттай сайжруулснаар гадаад зах зээлээс олж болох ашиг орлогыг нөхөж болно гэж үзэж байгаа гэнэ. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр бол Өмнөд Солонгосын дотоодын зах зээлийн худалдан авалт сүүлийн улиралд 0.3 хувиар өссөн нь дээрхи улстөрчдийг ийм мэдэгдэл хийхэд хүргэсэн бололтой.     

М.НАСТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж