
Намын ажлаа ямагт төрийн ажлаас дээгүүрт тавьж ирсэн тэд УИХ-ын чуулганыг гацаан байж бага хурлаа хийв.
90 гаруй хувийн ирцтэй хуралддаг байсан бага хурлынх нь ирц энэ удаад арай гэж хүрэв. Ер нь л бага хурлын өнгө аяс урьдынхаас огт өөр болов. МАН-ын бага хурлын 310 гишүүнээс ердөө 200 гаруй нь хуралдаа ирэв. Хуралд оролцсон гишүүдийн 60 нь бага хурлын гишүүн байхаас татгалзав. Голдуу нийслэл болон хөдөө орон нутгийн удирдлага, дарга нараас бүрдсэн бага хурлын гишүүдээс ийм санал гаргасан нь тэдний хувьд байдал улам дордож буйн илрэл. МАН-ын бага хурлаар яригдсан өөр нэгэн чухал асуудал нь намыг дагасан бүх төрийн бус байгууллагуудын удирдлага, Удирдах зөвлөлийн гишүүдийг бүрэн шинэчлэхээр болжээ. Тиймээс намын удирдлага төдийгүй бусад бүх шатанд сэлгээ хийх нь ойлгомжтой болоод байна. Эхний ээлжинд тэд намын дарга, ерөнхий нарийн бичгийн даргаа сонголоо. Гэвч шинэчлэл хийсэн гэхэд дэндүү ахадмаар байлаа. Хуучин удирдлагууд нь өөрсдийнхөө залгамжлагчдыг дэвшүүлж, тэр хэрээрээ “утсан хүүхэлдэйгээр” өөрсдийгөө төлөөлүүлэхээр үлдээж дөнгөв. Байдал бүр дорджээ. Энэ удаад энхрий хайрт намдаа итгэл хүлээлгээд чимээгүй өнгөрөхөөс бага хурлын гишүүд зайлсхийв.
Тиймээс эхний ээлжинд бага хурлын гишүүнээсээ татгалзаж байна. Намынхаа бага хурлын явцуу уур амьсгалаас цэвэр агаар, байгалийн сайхныг илүүд үзэн хуралдаа оролцоогүй зуу орчим гишүүд мөнөөх 60-ын араас сонголтоо хийхийг үгүйсгэх аргагүй.
Дараагийн жилүүдэд У.Хүрэлсүх өөрийн НАМЗХ-ны залуучуудын тусламжтайгаар үзэл бодлоо тулгах нь тодорхой боллоо. Татгалзсан 60 гишүүний дийлэнхийнх нь оронд энэ холбооныхон бага хурлын суудлыг эзэгнэхээр болж байна. Тэдний тусламжтайгаар хийсэн хамгийн эхний ажил нь намын ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох явдал байлаа.
Ерөнхий нарийн бичгийн даргад Сү.Батболд өөрөө улс төрд хөтөлж оруулж ирсэн хүн болох Д.Цогтбаатарыг, харин У.Хүрэлсүх Г.Занданшатарыгаа нэр дэвшүүлсэн юм. Хэдийгээр МАН-ын залуу лидерүүдийн нэг, шударга залуу гэгддэг Ж.Сүхбаатарыг заалнаас нэр дэвшүүлсэн ч аль нэг фракцад харъяалалгүй учраас дэмжлэг авч чадсангүй. Намын ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдүүлсэн Гадаад харилцааны сайд Г.Занданшатарыг 44.6 хувийн саналаар явуулж У.Хүрэлсүх зорьсондоо хүрчээ. Дараагийн ээлжинд Ардчилсан социалист тодотголтой оюутан, эмэгтэйчүүдийн байгууллага руу гараа сунгах нь дамжиггүй. Нэгэнт асуудал түүнд нааштайгаар эргэж байгаа болохоор амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэхгүй нь мэдээжийн асуудал.
Үүнийг дагаад ажиглагдсан МАН-ын хувьд нэгэн сөрөг үр үзэгдэл нь бага хурлын гишүүнээс татгалзсан эрхмүүдээс МАХН-д орох санал гарсан явдал. Одоогоор хэдэн хүн ийм сонголт хийсэн нь тодорхойгүй ч УИХ-ын гишүүн асан Д.Загджаваас эхлээд хэд хэдэн хүн орох болсон талаар сураг дуулдаж байна. Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарыг гарахад тэднээр огтхон ч дутахгүй “Зөрөөд мянган залуус манай намд орж ирлээ” гэдэг шигээ өнгөрөөвөл энэ намд олигтой лидер үлдэхгүй нь ойлгомжтой. Тиймээс сүргээ тараахгүйн тулд МАН-аас гарах санал гаргагсдад албан тушаал амлаад эхэлсэн бололтой юм. Д.Арвинд л гэхэд эмэгтэйчүүдийн байгууллагыг толгойлох санал тавьсан гэж эх сурвалжууд хэлж байна.
Харин тэд үүнийг нь хүлээж аваад намдаа үлдэх үү, эсвэл хэзээ нэгэн цагт хийх сонголтоо өнөөдөр хийх үү л гэдгийг харах л үлдэж байна.
Энэ мэтээр нэгийг нөгөөгөөр сольж шинэчлэл хийхчээн аядсан МАН долоо хоногийн сүүлч гэхэд төрийн ажлыг гэнэт санав. Шинээр МАН-ын дарга болсон Ө.Энхтүвшин шинээр сонгогдсон УИХ-ын дарга З.Энхболд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуягтай уулзаж эхлэв.
Ингэхдээ цаашид ч бид асуудлыг асуудлаар барьцаалах болно гэдгээ шууд хэлэв.
“Ойлголцох ёстой, зөвшилцөх ёстой, өөр яах юм. Ард түмний сонголт угаасаа ийм байгаа. Аль ч улс төрийн хүчин УИХ-д олонхи болж чадаагүй. Ардчилсан нам 31 суудалтай, МАН 27 суудалтай, хоёрынх нь тангаргыг өргүүлэхгүй байна. Эвслийн хувьд 11 суудалтай байна гэдэг чинь аль нь ч олонхи болоогүй гэсэн үг. Ийм тохиолдолд хоорондоо зөвшилц, ойлголц, тэгээд төрийн ажлаа хий гэдгийг ард түмэн сонголтоороо хэлчихээд байна шүү дээ. Энэ сонголтыг л хүндэтгээд өг, энэ байр суурин дээр бид байх болно. Тэгэхдээ бүх зүйл хуулийн дагуу байх ёстой. Ойлголцож чадна гэж бодож байна” гэдэг Ө.Энхтүвшиний үг үүнийг батална.
Үнэндээ бол шүүхээр заргалдаж буй Өвөрхангайн хоёр суудлыг хасвал МАН 25 суудалтай. Дээр нь прокуророос эрүүгийн хэрэг үүсгэчихсэн, тагнуулынхан шалгаж буй Увсыг асуудлыг сөхвөл улам л цөөрнө. Тиймээс энэ бүхнээ хүлээн зөвшөөрүүлж, Өвөрхангайн суудлаа авахын тулд тэд цаашид ч УИХ-ын чуулганыг гацаах нь нэгэнтэй ойлгомжтой гэдгээ Ө.Энхтүвшин дарга хэлчих шиг боллоо. Өөрсдөд нь таатайгаар асуудлыг шийдсэн цагт л тэд энэ чуулганыг хэвийн ажилуулна гэдгээ хэлсэн гэсэн үг.
Өмнө нь /1996-2000 онд/ ялагдал хүлээхдээ тэд ийм л аргаар төрийн ажлыг завхруулсныг хэн хүнгүй мэднэ. Түүнийгээ үргэлжлүүлэх хангалттай хүч буюу 25 суудал одоогийн байдлаар тэдний мэдэлд байна. Дэндүү хүчтэй сөрөг хүчин гэсэн үг. Тиймээс ч ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэх цаг хаянд ирсэн энэ мөч хүртэл гацааж чадлаа. Энэ бүхнээс шалтгаалаад монголчуудын ирэх өвлийн бэлтгэлийг хангах ёстой Засгийн газар өнөөдөр хүртэл байгуулагдаагүй байна.
УИХ-ыг уях дараагийн төлөвлөгөө нь өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн Цэцэд хандсан явдал. УИХ-ын даргыг сонгохдоо Үндсэн хуулийг зөрчсөн гэж тэд үзэж буй. Үнэндээ бол тэд өөрсдөө чуулганд орж ирээгүй шүү дээ. Гэвч бүгдийг өөрсдийн таашаалд нийцүүлж ирсэн тэд энэ заргаа авахын тулд байгаа бүхнээ хэрэглэнэ. Хэрэвзээ энэ заргыг нь Цэц хянаад “Үндсэн хууль зөрчөөгүй байна” гэсэн шийдвэр гаргавал МАН УИХ-д бүлэггүй болно гэсэн үг. Тиймээс шантаажлах ч шалтаггүй болно. Учир нь УИХ-ын даргыг сонгосноос хойш 24 цагийн дотор бүлэг байгуулагдсанаа УИХ-ын даргад мэдүүлэх ёстой. Энэ хуулийн заалтыг тэд биелүүлээгүй юм. Тиймээс Цэцийн шийдвэр хэрхэн гарахаас хамаараад МАН ирэх дөрвөн жилд УИХ-д бүлэгтэй байх уу, үгүй юу гэдгийг шийдэх болчихоод байна.
Бурхан байтугай гишүүд нь нүүр бууруулах болсон энэ мөчид МАН-ын тааллаар асуудал шийдэгдэнэ гэдэг юу л бол. Гэхдээ МАН чуулганд оролцсон ч ялих, ялихгүй шалтгаанаар төрийн ажлыг зогсоох мундахгүй олон шалтгаан байгаагийн нэг нь байнгын хороодыг байгуулах явдал. Өнгөрсөн долоо хоногт анхны байнгын хороогоо байгуулсан УИХ дараа дараагийн байнгын хороодоо байгуулахад МАН оролцохгүй бол гишүүдийн тоо дутна. Нэг гишүүн хоёр л байнгын хороонд сонгогдоно гэхээр гурваас дөрвөн байнгын хороо байгуулаад л энэ УИХ-ын нөөц шавхагдана. Ингэснээр гурваас дөрвөн байнгын хороод байгуулагдахгүй гацна гэсэн үг.
Сонгуульд ялагдаж, гишүүд нь нүүр буруулах болсон МАН уналтаа зогсоохын тулд эцсийн арга, чаргаа хэрэглэж төрийн ажлыг гацааж байна. Үүний хор, хохирол нь монголчуудын амьдралд хямралаар тусна.
