“Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээний хоёр дахь эрэгтэйчүүдийн 66 кг ба эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн медальтнууд тодорлоо. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Гүржийн жүдоч Лаша Шавдатуашвили финалын барилдаанд Унгарын Миклос Унгвариг юүко үнэлгээгээр ялж, аваргалсан байна. Харин хүрэл медалийг Японы шилдэг жүдоч Масаши Эбинума, БНСУ-ын Чо Жун-Хо нар хүртжээ. Тус жинд эх орноо төлөөлсөн Х.Цагаанбаатарын тухайд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Тайванийн бөх Ту Кай Венийг вазари, юүко үнэлгээгээр ялж, улмаар Их Британийн тамирчин Колин Оатест юүко үнэлгээгээр дийлдсэнээр олимпийн татамиг орхисон билээ.
Харин эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд БНАСАУ-ын тамирчин Ан Кум-Э түрүүлжээ. Тэрбээр шигшээ барилдаанд Кубын жүдоч Янет Бермой Акостаг юүко үнэлгээгээр ялсан байна. Кубын жүдочийн тухайд хоёрдугаар тойрогт Монголын тамирчин М.Бундмааг ялсан билээ. Энэ жинд Италийн Росальба Форчинити, Францын Присилла Гнето нар хүрэл медалийн эзэд болсон байна.
Олимпийн медальтнууд:
ЭРЭГТЭЙ 66 КГ:
Алт: Лаша Шавдатуашвили /Гүрж/
Мөнгө: Миклос Унгвари /Унгар/
Хүрэл: Чо Жун-Хо /БНСУ/
Хүрэл: Масаши Эбинума /Япон/
ЭМЭГТЭЙ 52 КГ:
Алт: Ан Кум-Э /БНАСАУ/
Мөнгө: Янет Бермой Акоста /Куба/
Хүрэл: Росальба Форчинити /Итали/
Хүрэл: Присилла Гнето /Франц/