Хангайн бүсийн хурдан морьдын уралдааны их нас барианд орлоо. Хэдхэн хоногийн өмнө төрийнхөө их баяр наадамд түрүүлж, түмэн эхээ дуудуулж байсан Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, "Алтай констракш" ХХК-ийн захирал, Манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн дахин түрүүлж, даян түмний эхээр тодорлоо. Хүрэн морь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул Эрдэнэбатын унаган адуу бөгөөд соёолон насандаа улсын наадамд наймаар хурдалж, давхар уяагаар Баянхонгорын даншигт айрагдсан бол өнгөрсөн жил Дорноговь аймгийн 80 жил, зүүн бүсийн даншигт айрагдаж, өнөө жил Өмнөговийн хаврын бүсэд аман хүзүүдэн, АХ-ын 91 жилийн ойд түрүүлсэн юм. Харин аман хүзүүнд Булган аймгийн Хангал сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, "Эрдэнэт хурд" морин спорт уяачдын холбооны нарийн бичгийн дарга, аймгийн Алдартуяач Д.Баясгалангийн Суман хүрэн морь хурдалжээ. Хэдхэн хоногийн өмнө төрийнхөө их баяр наадамд айргийн гурваар хурдалсан Суман хүрэнгийн уяа сойлгыг Булган аймгийн Орхон сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ч.Баярбаатар тааруулдаг юм. Айргийн гуравт Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач А.Отгонбаярын хар халзан хурдалжээ. Төрийн болон шигшмэл морьдын "Их хурд" уралдаануудад Хилэн хар азаргаа айрагдуулж байсан хийморилог эрийн хар халзан Дорнодын адуу гэдэг. Хангайн бүсийн хурдан морьдын уралдааны айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, Монгол улсын Алдарт уяач Н.Хүрлээгийн Яруу саарал давхижээ.
Бүсийн наадмын нэг түрүү, хоёр айргийн эзэн Яруу саарал ийнхүү амжилтын хуудсаа зузаатгаад байна. Айргийн тавд Ховд аймгийн Дарви сумын уугуул, Манлай уяач Б.Мөнхтөрийн хар бор хурдалжээ. Энэ цагийн эгэлгүй хурдан буянгуудын нэг хар бор 2008 онд улсын наадамд айргийн дөрөвт хурдалж, 2009 онд улсын наадамд айргийн гурав, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ой хангайн бүсийн даншигт аман хүзүү, 2010 онд улсын наадамд айргийн гурав, Говь-Алтай аймгийн 70 жилд аман хүзүүнд хурдалж байсан олон жил тогтмол амжилт үзүүлж буй энэ цагийн цөөн хүлгэдийн нэг юм.
Эх сурвалж: WWW.TODMAGNAI.MN