Говийн бүсийн “Их мандал 2012”, Дундговь аймаг байгуулагдсаны 71 жилийн ойн даншиг наадам цаг агаарын байдлаас болж товлосон өдрөөсөө нэг өдрийн хойно эхлэхээр болсон билээ. Өчигдөр бөхийн болон сурын харваагаар эхэлсэн наадмын хоёр дахь өдөр буюу өнөөдөр хурдан морьдын уралдаан азаргаар эхэллээ. Нийт 120 азарга мордсоноос Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Жаргалсайханы хул азарга түрүүлж хурсан олныг баясгалаа. Аман хүзүүнд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, УИХ-ын гишүүн асан Р.Раашийн буурал, айргийн гуравт Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул Ж.Нямгаваагийн зэгэл, айргийн дөрөвт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Ж.Бат-Эрдэнийн хар, айргийн тавд Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, УИХ-ын гишүүн Б. Наранхүүгийн Монгол хээр тус тус хурдаллаа.
Эх сурвалж: WWW.TODMAGNAI.MN