Лондонгийн зуны олимпийн наадмын өчигдөр болсон эрэгтэйчүүдийн замын дугуйн тэмцээнд Александр Винокуров түрүүлж, Казахстаны багийн анхны алтан медалийн эзэн болжээ. Тус төрөлд өндөр амжилт үзүүлнэ гэгдэж байсан, зохион байгуулагч орны тамирчин Марк Кавендиш харин 29 дүгээрт барианд орсон байна. Харин Колумбын тамирчин Ригоберто Уран мөнгө, Норвегийн Адександр Кристофф хүрэл медаль хүртжээ.
Сэргээшийн асуудлаар 2007-2009 оны хооронд хоёр жилийн хугацаатай эрхээ хасуулж байсан Винокуров өдгөө 38 настай. Лондонгийн олимпийн аварга болсон тэрбээр ирэх лхагва гаригт болох эрэгтэйчүүдийн цагийн уралдаанд оролцсоны дараа зодог тайлах төлөвлөгөөтэй буйгаа дуулгажээ.