Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар өнгөрсөн хавраас “Эрүүл монгол хүүхэд” аяныг хэрэгжүүлсэн билээ. Аяны хүрээнд орон даяар хүүхэд бүрийг эмчийн үзлэгт хамруулсан боловч эмчилгээ хийгдээгүй юм байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 0-18 хүртэлх насны хүүхдүүдийг дээрх аяны хүрээнд эмчийн үзлэгт хамруулахад дунд сургуулийн сурагчдын дийлэнх нь шүдний өвчлөлтэй хэмээн оношлогджээ. Гэвч одоо хэр нь эмчилгээ хийгдээгүй юм байна. Сумын эмнэлэгт шүдний эмч байдаггүй нь нэг бол аймгийн төв орж эмчид үзүүлэх, эсвэл уламжлалт арга хэрэглэж, шүдний өвдөлтөө түр намдаах зэргээр аргалдаг аж. Тиймээс тус сумын сурагчид “Эрүүл хүүхэд” аяны эмч нар шүдний эмчилгээгээ яаралтай эхлүүлээсэй хэмээн хүлээж буй гэнэ. Мөн эцэг, эхчүүдийн хувьд “Шинээр байгуулагдах Засгийн газар “Эрүүл монгол хүүхэд” аяныг үргэлжлүүлж, эмчилгээнд гол анхаарал хандуулвал “Эрүүл монгол хүүхэд” аян үр дүнгээ өгнө хэмээн үзэж буй аж.
Эрүүл мэндийн яамнаас гаргасан судалгаагаар дээрх аяны хүрээнд 816941 хүүхэд үзлэгт хамрагдсанаар мэдээллийн санд 97.5 хувь нь бүртгэгджээ. Харин эмчилгээ хийлгэсэн хүүхдүүдийн тоо 73575 байгаагаас 22600 орчмынх нь шүдний цооролтыг эмчилсэн юм байна.
Г.ДАРЬ