Италийн харваачид багийн төрөлд түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.07.29-нд нийтлэгдсэн

Италийн харваачид багийн төрөлд түрүүлэв

Олимпийн наадмын байт харвааны эрэгтэйчүүдийн багийн тэмцээний аваргууд өчигдөр тодорсон байгаа. Шигшээд шалгарсан Итали болон АНУ-ын багийн өрсөлдөөнд Италийн байт харваач Мишел Франгилли сүүлийн сумаар 10-ыг оносноор багтаа ялалт авчирчээ. Олимпийн наадмаас багийн төрөлд алтан медаль хүртэж байгаагүй италичууд Франгилли, Мауро Несполи, Марко Галиаццо нарын бүрэлдэхүүнтэйгээр АНУ-ын багийг 219:218 харьцаатай, ганцхан онооны давуугаар ялж, аваргалсан байна. АНУ-ын багийн бүрэлдэхүүнд Брэди Эллисон, Якоб Вуки, Жейк Камински нарын тамирчид багтжээ. 

Харин тэмцээний гол фаворитаар нэрлэгдэж байсан БНСУ-ын тамирчид хагас шигшээд АНУ-ын багт 224:219 оноогоор ялагдсан бөгөөд хүрэл медалийн төлөө Мексикийн харваачдыг ялж, медалийн тавцанд гарчээ.

Тэмцээний дараа Италийн багийн тамирчин Франгилли “Хүнд хөдөлмөр, хичээл зүтгэлийн дүнд ирсэн медаль. Би энэ мөчийг 16 жил хүлээсэн. Үнэхээр мөрөөдөл минь биеллээ. Сүүлчийн сумаар 10 ононо гэдэг зүүд мэт хэрэг байлаа. Надад ямар мэдрэмж төрж байгааг үгээр илэрхийлэхийн аргагүй” хэмээн ярьжээ.

Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр эмэгтэйчүүдийн багийн харвааны тэмцээн болж байна. Харин маргаашнаас эрэгтэй ба эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн харваа эхлэх юм.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж