69 кг-д Азийн АШТ-ний мөнгөн медальт, Дэлхийн Оюутны аварга, казакстаны “Ерөнхийлөгчийн Цом-2010”-ын мөнгө, Пакистаны “Беназир Бхуттогийн нэрэмжит ОУТ-2010”-ын аварга, ОУХМ Бямбаагийн Түвшинбат габоны Митоумбатай 7-р сарын 29-ний үдээс хойш /УБ-н цагаар 22.15-д 32 дахь тоглолт/ тоглох бол дараагийн давааны тулаан 3-ны үдээс хойш, медалийн төлөөх тоглолт 7-ны орой болох юм.
52 кг-д Дэлхийн аваргын мөнгө, Дэлхийн Оюутны аварга, 2009 оны Азийн аваргын хүрэл, Азийн Залуучуудын АШТ-ний мөнгөн медальт, МУГТамирчин Нямбаярын Төгсцогт азербайжаны Элвин Мамишзадетай 7-р сарын 30-ны үдээс хойш /УБ-н цагаар 21.30-д 53 дахь тоглолт/ тулна. Энэ жингийн дараагийн давааны тулаан 3-нд үргэлжилэх бол медалийн төлөөх тоглолт 7-ны орой болох юм.
64 кг-д Дэлхийн аваргын хүрэл медальт, Дэлхийн Цомын мөнгө, 2006 оны Азийн тоглолтын мөнгөн медальт, Азийн аварга МУГТамирчин Уранчимигийн Мөнх-Эрдэнэ эхлээд чехийн Зденек Чладектай 7-р сарын 31-ны орой /УБ-н цагаар 05.15-д 87 дахь тоглолт/ тоглох бол, дараагийн давааны тоглолт 4-ний орой, медалийн төлөөх тоглолт 8-ны орой болох аж.
49 кг-д 2008 оны Бээжингийн Зуны Олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, дэлхийн хүрэл медальт, Ази тивийн аварга, Дэлхийн Оюутны аварга Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУГавьяат тамирчин Пүрэвдоржийн Сэрдамба эхний даваанд хийлж, дараагийн даваанд 8-р сарын 4-ний үдээс хойш /УБ-н цагаар 20.30-д/ энэтхэгийн Лайшрам Деви, гондурасын Молина нарын ялсантай рингэнд гарна. Энэ жингийн медалийн төлөөх тоглолт 8-ны орой болох юм байна.
Сугалааны дараа зарим жингийн боксчидод ямархан боломж харагдана вэ гэж…
Ер нь бусад жингүүдэд ямар халуухан тулаан гарах эсэх талаар харахад
56 кг-д 2007 оны Чикагогийн дэлхийн аварга, дэлхийн мөнгөн медальт Сергей Водопьянов, дэлхийн аварга кубын Лазаро Альварес, узбекийн Орзубек Шаимов, украйны Павла Ищенко нар нэг хэсэгт их ойрхон чихцэлдэн, ёстой чанга гар нь үхлийн гэмээр энэ хэсгээс мултарч дөнгөн данган медаль дээр буухаар байна. Бас энэ жингийн шилдэг болох казакийн Канат Абуталипов, дэлхийн хошой хүрэлтэй ирландын Жон Жое Невин, дэлхийн хүрэлтэй тажикийн Анвар Юнусов, энэтхэг, мексикүүд бас нэг хэсэгт багтан хэн хоншоортой нь медаль дээр гарч ирэхээр байна. Харин хамгийн доод хэсэгт нь япон, азербайжан, гүрж, алжир гээд ёстой амжиргааны зөөлөн хэсэг байгааг бас хэлэхгүй орхиж болохгүй нь.
60 кг-д ялагдашгүй хэмээн нэрлэгдсэн Василий Ломаченко бас л одтой байна. Түүний хэсэгт медальд хүртэл торгоох, саад тотгор болох боксчин алга гэж хэлж болно. Тэрээр нэг африк, бусад нь латин америкийн боксчидтой тулах нь ээ. Харин түүний доод хэсэгт дэлхийн хүрэлтэй казакийн Гани Жайлауов, дэлхийн мөнгөтэй кубын Ясньер Толедо Лопес, энэтхэгийн Жай Багван, хятадын Лью Цианг нар байна. Эдгээрийн аль шилдэг нь хагас финалаас гарч украйны амьд домогтой мөнгөн медалийн төлөө нүдэлдэх төлөвтэй. Дэлхийн аварга, дэлхийн дөрвөн медальт италийн Доменик Валентиноод англи, латви, туркийг намнаж байж л мөрөөдлийн олимпийн медаль дээр буух эгзэгтэй боломж харагдаж байна. Харин хамгийн доод хэсэгт байгаа азийн сайн боксчидын нэг өмнөд солонгосын Хан Соончул, францын Рашид Аззедине нарын хэн нэг нь медальд авирах сайхан боломж харагдаж байна.
75 кг-д дэлхийн аварга украйны Евгений Хитровтой цуг Дэлхийн залуучуудын аварга байсан английн Энтони Огого, ирландын амаргүй гар Даррен О Нейл нар байгаа бол доод хэсэгт нь казакийн Данабек Сужанов, дэлхийн хүрэлтэй энэтхэгийн Вижендер Сингх, АНУ-н Террел Гауша, армяны ганц найдвар Андряник Хакобян нар хоорондоо эхлэн тулалдаж, дэлхийн хошой аварга узбекийн Аббос Атоеваас гадна дэлхийн хүрэлтэй румыний Богдан Журатони нар байна. Чухам энэ хэдээс нэг нь медаль руу өгсөнө. Хамгийн доод хэсэгт туркийн Адем Кличи байгаа бол медалийн төлөө дэлхийн мөнгөн медальт японы Риота Мурата хоёр тоглолт хийгээд чигээрээ медаль дээр зогсоход бараг л…
81 кг-д дэлхийн аварга кубын Хулио Сезар Де Ла Крузт саад болох томоохон өрсөлдөгч бараг алгаа. Доод хэсэгт нь узбекийн Елшод Расулов, дэлхийн аварга байсан оросын Егор Мехонцев нараас хэн нэг нь л медаль дээр үлдэх гарц байна даа. Энэ жингийн шилдэгүүд туркийн Бахрам Музаффер, казакийн казакстаны Адыльбек Ниязымбетов хоёрын нэг л медальтай хоцорно. Алжирийн Абделхафид Бенчабла, украйны Олександр Гвоздык, германий Энрико Коллинг нараас хэн нэг нь медаль зүүхийн төлөө ангуучлина.
91 кг-д дэлхийн аварга украйны Олександр Усык оросын найдвар Артур Бетербиев нар медалийн төлөө нэгнийгээ жийх хэрэгтэй болов. Азербайжанаас гарч ирж байгаа од дэлхийн мөнгөтэй Теймур Маммадов, дэлхийн хүрэлтэй беларуссийн найдвар Сергей Корнеев нарын нэг нь медальтай хоцрох бол дэлхийн хүрэлтэй кубын Хосе Анхель Лардует Гомес ираны найдвар Али Мазахери нар эхний даваанд тааран хэн ялсан нь италийн супер од Клементе Руссотой медалийн төлөө тулалдах зураг харагдаж байна.
+91 кг-д дэлхийн аварга азерийн Магомедрасул Межидов, оросын залуу найдвар Магомед Омарав нар хоёрын даваанд таарах магадлалтай бол харин 2008 оны олимпийн аварга италийн Роберто Каммареллед уг нь гацаах өрсөлдөгч түүний хэсэгт харагдахгүй байх шиг. Мөн 2011 оны Бакугийн дэлхийн аваргаар хүрэл медалийн давцанд хамтдаа зогссон казакийн Иван Дычко герман Эрик Прайффер нар эхний өдөр хоорондоо таарчээ. Доод хэсэгт нь 2008 оны Бээжингийн Олимпийн мөнгө, дэлхийн хошой хүрэл медальт хятадын Зян Зилей байгаа бол 2011 оны АИБА-н дэлхийн аваргын тэмцээний мөнгөн медаль английн Энтони Жошау, кубын Эрисланд Савон нар эхний даваанд таарчээ. Энэ гурвын аль хүчтэй меадль дээр буух болов уу. Ер нь сугалаанаас харж байхад хүнд жингийн одууд хоорондоо тэмцээний эхний хэсэгт нэлээд таарсан байна. Ер нь Орос, казак, хятадын багт нэлээд хүндхэн, кубад дээрхтэй харьцуулбал арай боломжийн гэхдээ бас л ярвигтай, хамгийн дөнгүүр сугалсан шилдэг баг гэвэл нь украйн гэж бодогдоно. Ямартаа ч тухайн жингийн хамгийн шилдэг гэсэн Зоу Шиминг /49/, Миша Алоян/ , Василий Ломаченко /60/, Серик Сапиев /69/, Риота Мурата/75/, Хулио Сезар Де Ла Круз /81/, Роберто Каммарелле /+91/ нар өөрсдөө сайн хичээгээдэхвэл медальд хүрэх зам нь гайгүй юм шиг харагдах юм. Энэ удаа нэг орноос алтан медалийг өм цөм хурааж авна гэсэн ойлголт гарахгүй бололтой. Ер нь “бүхнийг ринг харуулна биз ээ” гэдэг сайхан үг бас бий.
Манай боксчидын хувьд сугалаа бүр ч чанга гэж хэлэхэд хаашаа ч юм, бүр зөөлөн байна гэвэл утгагүй. Ерөнхийдөө боломжийн гэх болов уу. Мэдээж медальд хүрэхэд амаргүй чанга өрсөлдөгч таарах нь хууль ёсных. Гэхдээ манай боксчид бусад орныхонд бас асар том шүдний өвчин болж байгаа гэдэг нь ойлгомжтой. Өөрөөр хэдбэл манайхнаас бас айж, шаналж, эмээж, бэргэж байгаа гэсэн үг. 49 кг-д 2008 оны Бээжингийн Зуны Олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, дэлхийн хүрэл медальт, Ази тивийн аварга, Дэлхийн Оюутны аварга Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУГавьяат тамирчин Пүрэвдоржийн Сэрдамбын хоёрын давааны өрсөлдөгч нь Азийн залуучуудын мөнгөн медальт 19 настай энэтхэгийн Лайшрам Деви бөгөөд дэлхийн аваргын тэмцээнээр Олимпийн эрхээ авсан залуухан боксчин бол, цаашдын медалийн төлөөх гарч ирэх болов уу гэж таамаглаж байгаа өрсөлдөгч нь 2008 оны Бээжингийн Зуны Олимпйин хүрэл медальт ирландын Патрик Барнес юм. 52 кг-д Дэлхийн аваргын мөнгө, Дэлхийн Оюутны аварга, 2009 оны Азийн аваргын хүрэл, Азийн Залуучуудын АШТ-ний мөнгөн медальт, МУГТамирчин Нямбаярын Төгсцогт азербайжаны Элвин Мамишзадетай Бакугийн дэлхийн аваргаар таарч 14-17-р ялагдаж дэлхийн аваргаар олгосон олимпийн эрхийг азер залуу авч байсан билээ. Одоо түүнээс манай залуу гавъяат даагаа хатуугийн хатуу нэхэх болжээ. Түүнийг ялах боломж бүрэн дүүрэн байгаа билээ. Дараа нь итали, узбектэй медалийн төлөөх тоглолтоо тооцох хэрэгтэй. Төгсцогт гавъяат амаргүй даваануудтай эхнээсээ таарч байгаа ч ихэнх өрсөлдөгч нар нь түүнээс илүү гарах юмгүй, тэрсхэн жигдхэн өрсөлдөгч нар билээ. Эдгээрийг ялж байж медаль дээр буувал харин ч ялалтын амт нэвт шингэсэн медальтай болно. 64 кг-д Дэлхийн аваргын хүрэл медальт, Дэлхийн Цомын мөнгө, 2006 оны Азийн тоглолтын мөнгөн медальт, Азийн аварга МУГТамирчин Уранчимигийн Мөнх-Эрдэнэ мөн медальд хүрэхийн тул дэлхийн хүрэлтэй английн Ливерпул хотын 28 настай, битүү хамгаалалттай Томас Сталкертай тулалдах болов уу гэж тааж байна. Мэдээж үүнийг нутаг дээр нь ялбал дэлхийн медалиа олимпийн хэмээх алдар хүндтэй эрхэм шагналтай хослуулах боломж гарна. 69 кг-д Азийн АШТ-ний мөнгөн медальт, Дэлхийн Оюутны аварга, казакстаны “Ерөнхийлөгчийн Цом-2010”-ын мөнгө, Пакистаны “Беназир Бхуттогийн нэрэмжит ОУТ-2010”-ын аварга, ОУХМ Бямбаагийн Түвшинбатын эхний өрсөлдөгчөө давах нь баараггүй болов уу. Дараагийн даваанд герман, францын аль ялсан тоглоно. Энэ хоёрын тухайд герман залуу нь францыгаа өнгөрсөн жил олон улсын тэмцээнд ялсан санагдана. Харьцангуй нуруулаг энэ хоёр боксчины аль дийдсэнийг манай мастер давах нь тодорхой, харин медалийн төлөө шинэхэн дэлхийн аварга украйны Тарас Шелестюктэй таарах боломж бий. Мэдээж аваргыг давж аварга болох хууль байгаа тул сайхан үзэх хэрэгтэй л дээ. Ингээд манай боксчид Лондонг дайлаар мордоё. Алтыг, мөнгийг, хүрлийг бүгдийг нь хураая.