Үнэртэн зохион бүтээгч Ilias Ermenidis: ”Заримдаа бидэнд өөр “хамар” хэрэг болдог”

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Үнэртэн зохион бүтээгч Ilias Ermenidis: ”Заримдаа бидэнд өөр “хамар” хэрэг болдог”

Үнэртний
мастер Ilias Ermenidis Туркийн Истанбулд төрж, арван настайдаа Грекийн
Афин хот руу гэр бүлийнхэнтэйгээ нүүсэн байна. 18-тайдаа Францыг зорьж,
Versailles хотод Олон улсын үнэртэн бүтээх институтэд суралцаж эхэлжээ.
Гурван жил тэндээ суралцсаны дараа Парисын “Creations Aromatiques”-т
сургалтаа үргэлжлүүлсэн байна. Ингээд түүнийг 1986 онд Женевийн
“Firmenich” компани ажилд авчээ. 1988-1995 онд Ilias Ermenidis Парис
дахь “Firmenich”-д үнэртэн зохион бүтээгчээр ажилласан юм. Одоо тэрбээр
Нью-Йоркт ажиллаж, амьдардаг байна.

Ilias Ermenidis-ийн бүтээсэн тансаг сүрчигнүүдээс нэрлэвэл:

Gucci
(Gucci by Gucci), Vera Wang-гийн хамгийн сүүлд гаргасан “Lovely
Princess” (Harry Fremont-той хамтран бүтээсэн), романтик So De la
Renta-г Oscar de la Renta-гийн захиалгаар, Givenchy-ийн олон үнэртэн
(Pour Homme, Blue Label, Greenenergy, Oblique FF үнэртнүүдийг Alberto
Morillas-той хамтарч бүтээсэн), Hugo Boss, Aramis, Jil Sander…

1990
онд бүтээсэн “Byblos” сүрчиг түүний хувьд анхны амжилт байсан аж.
Тэрбээр хамгийн сүүлд Victoria Secret-ийн “Heavenly Bloom” болон
“Valentino”-гийн “Rock N"Dreams” сүрчгүүдийг бүтээгээд байна.

-Таныг маш залуугаасаа үнэртэн зохион бүтээгч болохоор шийдсэн гэдэг. Яагаад тэр вэ? Танд юу нөлөөлсөн юм бол?

-Хүүхэд
байхдаа би зуны амралтаараа ихэнх цагаа аавынхаа Истанбул дахь амт,
үнэрийн үйлдвэрт өнгөрөөдөг байлаа. Афинд ахлах сургуулиа төгсчихөөд би
Франц руу хэл, эдийн засгийн чиглэлээр суралцахаар явсан л даа.
Сургуульдаа орохын өмнөхөн би Версальд байдаг ISIP (Institut Superieur
International du Parfum) сургуулийн талаар олж мэдсэн юм. Эдийн засаг
биш тийм л мэргэжил надад тохирох юм шиг санагдсан. Тэр үе 1981 он
байсан. Би үнэртнүүдийн найрлаганд ордог бодисууд, хийх технологи
зэргийг нь үнэхээр шимтэн сонирхож байлаа. Үнэхээр зугаатай ажил
санагдаж байсан.

 -Та үнэртнийг яаж бүтээдэг вэ? Сүрчиг зохион бүтээхийн хамгийн сайхан нь таны бодлоор юу вэ?

-Зарим
нь гурван секундэд ч “төрж” болно. Гэтэл заримыг нь гурван жилийн турш
ч хийдэг. Заримдаа яг л роман бичиж байгаа юм шиг мэдрэмж төрнө.
Үнэртэн бүтээхийн хамгийн сайхан зүйл гэвэл түүндээ донтох. Би үнэхээр
донтдог. Өглөө сэрээд л лаборатори руугаа ум хумгүй яарчихдаг, тэнд
хамаг амь амьдралаа орхичихсон юм шиг л…

-Та өөр зохион бүтээгчидтэй хамтарч нэлээд хэдэн үнэртэн бүтээсэн. Бусадтай хамтарч  ажиллах ямар вэ?

-Заримдаа
бидэнд өөр “хамар” хэрэгтэй болдог шүү /инээв/ Тийм шүү, өөр хүний оюун
бодол, мэдрэмж надад маш их хэрэг болдог. Alberto Morillas бид хоёр
олон төсөл дээр хамтарч ажилласан. Гар нийлдэг нөхөд л дөө.

-Танд мөрөөдлийн үнэртэн байдаг уу? Магадгүй таны бодолд байнга байдаг.

-Тийм
ээ, Грект манай байшингийн ойролцоо хорин яард орчимд “шөнийн цэцэг”
нэртэй нэг сайхан цэцэг ургадаг байсан юм. Хүүхэд байхаас маань тэр
үнэр миний сэтгэлд хоногшсон. Би яг хүссэн тэр үнэрээ гаргаж чадаагүй л
байна. Тэтгэвэрт гарахаасаа өмнө мөрөөдлийн үнэрээ заавал гаргана.

 


-Таны
бодлоор хамгийн алдартай үнэртэн бүтээгчид хэн бэ? Одоо болон өнгөрсөн
цагийн аль алиныг асууж байна л даа. Бас та дуртай үнэртнүүдээ нэрлээч?

-Үнэндээ
миний биширч хүндэлдэг маш олон үнэртэн бүтээгчид байна л даа. Яаж би
Francois Coty-гийн алдарт бүтээлүүдийг дурдахгүй байж чадах билээ.
Diorella, Eau Sauvage мөн домогт Edmond Roudnitska нартай би оюутан
байхдаа судалгааны ажил хийж байх үедээ уулзах завшаан тохиосон юм. Тэд
гайхалтай үнэрийн мэдрэмжтэй хүмүүс. Миний дуртай үнэртнүүд гэвэл олон
байгаа. Нэрлэвэл, Amarige, Cristalle, First, Tresor, Fahrenheit, Light
Blue, Acqua di Gio, Chanel 19, L"Heure Bleue, Azzaro, Macassar,
Mitsouko, Cool Water, Mystere, Nahema, YouthDew, L eau d Issey Pour
Homme, Lolita lempicka, Coco, Nocturnes, Eau des Merveilles,
Declaration, Minotaure, Kenzo Flower, Aromatics Elixir гээд л… Би
цаашаа ч нэрлээд дуусахгүй нь. Гайхалтай үнэртнүүд олон шүү дээ. 

Ж.Индра

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж