Өнөөдөр 14 багц медалийн эзэд тодорно

Хуучирсан мэдээ: 2012.07.29-нд нийтлэгдсэн

Өнөөдөр 14 багц медалийн эзэд тодорно

Будант Албьоны нийслэл Лондон хотноо үргэлжилж буй “Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын тэмцээн, уралдааны хоёр дахь өдөр буюу өнөөдөр 14 багц медалийн эзэд тодорно. Тодруулбал, байт харваа, дугуйн спорт, усанд үсрэлт, туялзуур сэлэм, жүдо, буудлага, усанд сэлэлт болон хүндийг өргөлтийн төрөлд олимпийн алт, мөнгө, хүрэл медаль эздэдээ очих юм.

Байт харвааны төрөлд эмэгтэйчүүдийн багийн харвааны тэмцээн болох бол дугуйн спортын эмэгтэйчүүдийн замын дугуйн аваргууд тодорно. Харин усанд үсрэлтээр эмэгтэйчүүдийн гурван метр, туялзуур сэлэмний эрэгтэйчүүдийн тэмцээн болж, медалийн эзэд тодрох юм.

Жүдо бөхийн тэмцээний тухайд эрэгтэйчүүдийн 66 кг ба эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болж, шилдгүүдээ тодруулна. Тус хоёр жинд Монгол Улсаас Х.Цагаанбаатар /эр, 66 кг/, М.Бундмаа /эм, 52 кг/ нар зодоглох билээ.

Буудлага спортын тухайд эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалд медальтнууд тодорно. Энэ дасгалд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа онч сорих учиртай. Мөн эмэгтэйчүүдийн таваг буудлагын скит төрлийн тэмцээн болох юм.

Харин усанд сэлэлтийн төрлөөр эмэгтэйчүүдийн 100 метрийн эрвээхий сэлэлт, 400 метрийн чөлөөт сэлэлт, эрэгтэйчүүдийн 100 метрийн өврөөр даллах сэлэлт, мөн 4х100 метрийн чөлөөлт сэлэлтийн буухиа төрөлд медальтнууд тодорно.

Мөн өнөөдөр хүндийг өргөлтийн эрэгтэйчүүдийн 56 кг, эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд олимпийн медалийн эзэд тодрох хуваарьтай байна.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж