ОХУ-ын жүдоч Галстян олимпийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2012.07.29-нд нийтлэгдсэн

ОХУ-ын жүдоч Галстян олимпийн аварга боллоо

“Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээн өчигдөр эхэлж, эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг ба эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн медальтнууд тодорсон билээ. Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 60 кг-ын жинд дэлхийд чансаагаар тавдугаарт эрэмбэлэгдээд буй ОХУ-ын жүдоч Арсен Галстян дэлхийн хошой аварга, Узбекистаны Ришод Собировыг хагас шигшээ барилдаанд нэмэлт цагт ялж, улмаар аваргын төлөө Японы Хироаки Хираокаг 40 секундэд цэвэр ялснаар олимпийн аварга боллоо. Харин Бээжингийн олимпийн хүрэл медальт Собиров хүрэл медалийн төлөөх барилдаанд Францын Софиан Милуг ялснаар олимпийн хошой хүрэл медалийн эзэн болов. Түүнчлэн Бразилийн жүдоч Фелипе Китадай Италийн Элио Вердег ялж, хоёр дахь хүрэл медалийн эзэн болсон байна. Бразилийн жүдоч хоёрдугаар тойрогт Монголын тамирчин Д.Төмөрхүлэгийг ялсан билээ.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Бразилийн жүдоч Сара Менезес шигшээ барилдаанд Бээжингийн олимпийн аварга, Румыны Алина Дюмитруг ялж, олимпийн аварга болсон байна. Лондонгийн олимпийн дараа зодог тайлахаа мэдэгдсэн Дюмитру нь хагас шигшээд Японы Томоко Фүкүмиг ялсан билээ. 48 кг-ын жинд хүрэл медалийг Унгарын Эва Щерновицки болоод Бельгийн Чарлин ван Сник нар хүртсэн байна.

Олимпийн медальтнууд:

ЭРЭГТЭЙ 60 КГ:

Алт: Арсен Галстян /ОХУ/
Мөнгө: Хироаки Хираока /Япон/
Хүрэл: Фелипе Китадай /Бразили/
Хүрэл: Ришод Собиров /Узбекситан/


ЭМЭГТЭЙ 48 КГ:

Алт: Сара Менезес /Бразили/
Мөнгө: Алина Дюмитру /Румын/
Хүрэл: Эва Щерновицки /Унгар/
Хүрэл: Чарлин ван Сник /Бельги/

Харин өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг ба эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн аваргууд тодорно.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж