
Хүн төрөлхтний эв нэгдэл, баяр бахдалын илэрхийлэл болсон зуны XXX олимпийн наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. “Лондон-2012” олимпийн наадамд спортын долоон төрөлд 29 тамирчнаа өрсөлдүүлэх Монголын багаас өнөөдөр таван тамирчин олимпийн талбарт өрсөлдөх гэж байна.
Олимпийн наадмын нээлтийн өдөр буюу 27-нд байт харвааны тэмцээн эхэлж, ОУХМ Ж.Гантөгс Монголын тамирчдын салхийг хагалж, эрэгтэйчүүдийн ганцаарчилсан харваанд анхны сумаа тавьж, чансаа тогтоох харваанд 19 дүгээрт бичигдсэн байна. Мөн өдрийн орой эмэгтэйчүүдийн ганцаарчилсан харваанд ОУХМ Б.Урантунгалаг харваж, урьдчилсан харваанд 18 дугаар байрт эрэмбэлэгдсэн билээ.
Тэгвэл өчигдөр, олимпийн жүдо бөхийн тэмцээн уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаанаар эхэлж, Монголын жүдочдын түрүүч Лондонгийн татамид барилдсан. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Д.Төмөрхүлэг эхний барилдаандаа Бразилийн жүдоч Фелипе Китадайд ялагдсанаар тэмцээнээ дуусгасан бол эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Казахстаны бөхийг ялсан ч хэсгийн аваргын төлөөх барилдаанд Бээжингийн олимпийн аварга, дэлхийн аваргын гурван хүрэл медальтай, Европ тивийн есөн удаагийн аварга, Румыны шилдэг тамирчин Алина Дюмитруд дийлдсэн юм. Улмаар торгуулийн барилдаанд зодоглож, Аргентиний бөхөд ялагдсанаар олимпийн татамиг орхисон билээ.
Харин өнөөдөр олимпийн жүдо бөхийн тэмцээн эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилнэ. Монголчуудын гол найдлага тавьж буй тус хоёр жинд Х.Цагаанбаатар, М.Бундмаа нарын манай тамирчид зодоглох билээ. Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Тайванийн бөх Ту Кай Вентэй, ялбал дараагийн барилдаанаа Австрали болон Их Британийн бөхчүүдийн ялсантай нь хийх аж. Түүний жинд 36 жүдоч барилдах юм байна.
Гавьяат тамирчин М.Бундмаагийн тухайд жингийн тамирчдаа манлайлах бөгөөд эхний тойрогт Гаити улсын тамирчин Линоуси Десравинтай, ялбал Кубын тамирчин Янет Бермой Акостатай барилдахаар болсон байна. Тус жинд 23 жүдоч хүч үзэх ажээ. Жүдогийн хэсгийн барилдаан Монголын цагаар 16.30 цагт эхэлнэ.
Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа өнөөдөр онч мэргэн сорино. Тав дахь олимпдоо оролцож буй тэрбээр өнөөдөр эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалд өрсөлдөнө. Урьдчилсан буудлага 16.00 цагт эхэлнэ.
Түүнчлэн цагаан хуудсаар олимпийн наадамд эх орноо төлөөлөх эрхтэй болсон усанд сэлэлтийн тамирчин Г.Оюунгэрэл өнөөдөр Лондонгийн усанд замд хурдална. Усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 50 метрийн зайд мэлхий сэлэлтийн төрөлд улсын дээд амжилтыг эзэмшдэг, мөн 4х100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 04:42.37 цагийн амжилтаар улсын рекордын эзэн болсон тэрбээр өнөөдөр Монголын цагаар 18.13 цагт эмэгтэйчүүдийн 10 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд хурд сорих ажээ.
Өнөөдрийн Лондонгийн олимпийн талбарт Монгол Улсаа төлөөлөх сүүлийн тамирчин нь ОУХМ Б.Түвшинбат. Монголын ширэн бээлийтнүүдийн салхийг хагалах тэрбээр 69 кг-ын жинд эхний тулаанаа хийх юм. Сугалаа ёсоор тэрбээр Габоны боксчин Янник Митумба Мбемитэй эхний тойрогт өрсөлдөнө. Боксын тэмцээн Монголын цагаар 22.00 цагт эхэлнэ.
Олимпийн талбарт хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх Монголын тамирчдадаа амжилт хүсье.