
Өмнөх парламентийн хугацаанд гишүүн Ж.Энхбаяр, З.Алтай, З.Энхболд гээд УИХ-ын хориод гишүүн ийм чиг үүрэгтэй бүтэц бий болгох тухай төсөл санаачлан байсан боловч батлагдаж амжаагүй юм. Уг төслийг боловсруулсан гишүүн Х.Тэмүүжин өргөдлийн байнгын хорооны талаар “Энэ парламентаас гарч байгаа хууль тогтоомжууд бизнес бүлэглэл, цөөн тооны олигархийн хувийн ашиг сонирхлыг дэмжих зорилготой болж хувираад байна. Иргэдийн нийтлэг эрх ашигт очихоороо буруу болчихоод байна. Тиймээс хууль тогтоох байгууллагад олон нийтийн санаа бодлыг тусгахын тулд Өргөдөл гомдлын байнгын хороог байгуулья. Тэдний санаа бодол хэрэгцээн дээр тулгуурлаж хуулиа гаргадаг байя. УИХ-ын 76 гишүүн ч юмуу, Засгийн газар дотроос бодлого хайж олно гэвэл тэдний явцуу эрх ашгийг дэмжсэн зүйл болчихоод байна. Хоёр дахийг нь бол хуулин дээрээ “Байцаан шинжих” гэж тодорхойлсон байгаа. Засгийн газрыг хуулийн хэрэгжилт, төсөв, хүний эрхийн чиглэлээр хянадаг бүтцийг УИХ-д бий болгоё. Одоо ажлын хэсэг гэж байгааг түр хороо болгох юм. Ажлын хэсэг гэхээр парламентын эрх мэдэл нь алга болчихдог. Түр хороо парламентын бүтцэд орох учраас эрх мэдэлтэй. Эрх мэдэлтэй учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарчмаар нотлох баримт цуглуулдаг, гэрчийг дууддаг, парламентад хэлэлцүүлэг явуулдаг болно. Гэхдээ шүүх шиг шийдвэр гаргахгүй, “Энд ийм алдаа гарсан байна” гээд алдаа гаргасан албан тушаалтныг цааш нь хариуцлага тооцуулахаар явуулдаг. Тийм эрх мэдэл УИХ-д үүсэх ёстой. Тэгэхгүй бол УИХ-ын гишүүн асуулга тавьдаг, Засгийн газрын гишүүд хариулт өгсөн болдог байдлаас чинь ямар ч үр дүн гарахгүй байна” хэмээн онцолж байсан юм.
Б.МАНД