Англичууд олимпиос алтан медаль авчирна гэж итгэл хүлээлгэж буй тамирчдаа долоон гайхамшиг хэмээн нэрлээд байгаа гэнэ. Их Британий гэрэл зурагчин Энди Хүүпер дэлхийн долоон гайхамшгаас санаа авч тэдний зургийг авчээ.
Англичуудын алтан медаль авчирна гэж хамгийн их найдлага тавьж буй тамирчин бол усанд сэлэлтийн тамирчин 23 настай Женна Рэндалл. 2006 оны Мельбурны олон улсын тэмцээнд эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртсэн түүнийг олимпийн найдвар гэцгээж байгаа аж. Женна долоо хоногийн зургаан өдөр, өдөрт 10 цагийн бэлтгэл хийдэг. Түүний хүчирхэг гар гурван минут, хагаст 750 хөдөлгөөн хийхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Англичуудын олимпийн бас нэгэн найдвар бол 23 настай каноэ завины уралдаанч Рэйчел Каутворн. Бүр 15 настайгаасаа завины уралдаанд оролцсон Рэйчел каноэ завины Дэлхийн болон Европын аваргаас Их Британид анхны алтан медалийг авчирсан тамирчин.
23 настай Тониа Коуч бол яах аргагүй Британийн ирээдүйтэй залуу усанд шумбагчдын нэг. Тониа Коуч түүний хамтрагч Сара Барроу нар бол Их Британийн хамгийн алдартай эмэгтэй хос шумбагчид. Энэ жилийн Европын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, 74 жилийн дараа Их Британид алтан медаль авчирсан Тониа долоо хоногийн зургаан өдөр, өдөрт зургаан цаг бэлтгэл хийдэг.
Англичуудын олимпийн өөр нэг найдвар бол теннисчин Энн Кеотавонг. Долоон настайгаасаа теннис тоглосон Энн хоёр удаа өвдгөндөө хүнд бэртэл авсан ч Их Британийн номер хоёр тоглогч болсон.
Холын зайн гүйгч Их Британийн тамирчин Мохаммед Фарахыг Англичууд олимпийн алтан медалийн эзэн болно гэдэгт эргэлзэхгүй байна. Дайны хөлд нэрвэгдсэн Сомалигаас найман настайдаа дүрвэж, Английн иргэн болсон Мо Фарах идэрчүүдийн олон удаагийн аварга, 2006 оны холын зайн гүйлтийн дэлхийн аварга. Мо Фарах долоо хоногт 190 км гүйдэг.
Лондон 2012 олимпийн наадамд Англичуудын итгэл хүлээлгэж буй өөр нэг тамирчин бо 28 настай сэлүүрт завины уралдаанч Том Жеймс. 2008 оны Бээжингийн олимпийн аварга Жеймс өнгөрсөн жил зүрх нь гэнэт муудсан ч Лондон 2012 олимпт оролцохоор зоригложээ.
Сёрфингийн спортоор Их Британид олимпийн анхны медалийг авчирсан Брайони Шоуг Англичууд энэ удаа алтан медаль авчирна гэдэгт итгэлтэй байна. Есөн настайгаасаа сёрфингээр хичээллэж эхэлсэн Брайони 2004 онд л архитекторын сургуульд сурахаар спортоо түр орхиж байжээ. Түүнийг энэ төрлийн спортын тамирчдаас биеэр жижиг хэмээдэг ч тэрбээр гайхалтай тэнцвэртэй нэгэн билээ.