“Дархан газрын тос” төрийн өмчит нефть боловсруулах үйлдвэр байгуулах болсонтой холбоотойгоор Япон улсаас тавьсан хөрөнгө оруулах саналыг Монголын Засгийн газар хүлээн авсан талаар Газрын тосны газраас мэдээлж байна. Ингэхдээ хөрөнгө оруулах, хамтран ажиллах талаар Монгол Улсын Засгийн газраас баталгаа гаргахаар болсон аж. Мөн Япон улсаас тодорхой хэмжээний хөрөнгийг оруулахаас гадна үйлдвэрт хэрэгтэй тоног төхөөрөмжийг нийлүүлэх, 2016 он гэхэд ашиглалтанд оруулах санал тавьжээ.
Дархан-Уул аймагт барих уг газрын тос боловсруулах үйлдвэр нь жилдээ хоёр сая тонн түүхий нефть боловсруулах хүчин чадалтай гэнэ. Монгол Улсын бензин шатахуун хадгалах нийт савны багтаамж 360 мянган шоо метр байдаг аж. Харин шинэ барих үйлдвэрийн түүхий тосны нөөц, бэлэн бүтээгдэхүүнээ хадгалах сав 600 мянган шоо метр багтаамжтай байхаар төлөвлөжээ.
У.БОЛОР