Монголчуудын амьдрал хэзээ цэцэглэх бол

Хуучирсан мэдээ: 2012.07.28-нд нийтлэгдсэн

Монголчуудын амьдрал хэзээ цэцэглэх бол

Эдийн засаг өсч байна гэдэг ч энэ нь үнэн хэрэгтээ цаасан дээр бичигдсэн тоо төдийхөн болоод байна. Яагаад гэвэл ядуурал, ажилгүйдэл буурахгүй, харин ч өсөөд байгаа шүү дээ. Эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж буйг сонирхохоор хотын төвөөр явж буй жирийн нэгэн иргэнийг сонгон ярилцсан юм.

Түүнийг У.Цэрэнбалжир гэдэг. Тэрбээр гэр хороололд амьдардаг бөгөөд хашаандаа түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ ажиллуулж, ар гэрээ тэжээдэг.
У.Цэрэнбалжираас таны сарын орлого амьдралд тань хүрэлцэж байна уу хэмээн асуувал, “Үгүй яах вэ, болгож л байна. Гэхдээ нэлээд чангахан байж, хүрч байна шүү” хэмээн хариулав.

Түүнээс танай гэрийн сарын орлого хэд вэ, танаас өөр орлоготой хүн гэрт чинь байна уу хэмээн асуутал, “Гэр бүлийн тайлангаа сонин хэвлэл дээр гаргана гэхээр эвгүй шүү дээ” гээд ярихаас татгалзав. Харин би түүнээс “Таны зургийг сонин дээр гаргахгүй. Тиймээс та санаа зоволгүй, жирийн иргэдийн эгэл боргил амьдрал ямар байгаа талаар бодит мэдээллийг олон нийтэд хүргэхэд надад туслаач” гэж хүслээ. Ингэсний эцэст миний хүсэлтээр өрхийн төсвөө тайлагнасан юм.

 Тэрбээр ам бүл зургуулаа бөгөөд 30 настай охин, 22 настай хүү, хүргэн, хоёр зээгийнхээ хамт амьдардаг хэмээн өөрийгөө танилцуулсан. Хоёр зээгээ харж, халамжлахын хажуугаар гэрийнхээ хашаанд ТҮЦ ажиллуулж, сардаа 500 гаруй мянган төгрөгийн цэвэр ашиг олчихдог овсгоотой нэгэн. Охин, хүү, хүргэн гурав нь гурвуулаа хувийн хэвшлийн компанид ажилладаг. Охин нь 350, хүү нь 450, хүргэн нь 500 мянган төгрөгийн цалин авдаг аж. Эднийд насанд хүрээгүй хоёр хүүхдээс өөр гар хумхин суух нэг ч хүн байхгүй гэнэ.

Ингээд Цэрэнбалжирынх гэх энэ айл сардаа 500.000 /ээжийн орлого/ +350.000 /охины цалин/ + 450.000 /хүүгийн цалин/ +500.000 /хүргэний цалин/=1.8 сая төгрөгийн орлоготой аж.
У.Цэрэнбалжир гуайн өрхийн төсөв, түүний хуваарилалтыг сонирхъё.

Тухайн сард:

15 кг хонины цул мах – 82000 төгрөг
10 кг дээд гурил – 8000 төгрөг
5 кг төмс – 5500 төгрөг
Сүү, тараг – 20000 төгрөг
Хүнсний бусад ногоо – 5000 төгрөг
Нэмэлт хүнсний хэрэглээ -15000 төгрөг
Хоол хүнсэнд 125500 төгрөг зарцуулдаг гэж тооцоолов.

Том бага нийлсэн зургаан хүн учир хувцас бусад хэрэглээнд нэлээд хэмжээний мөнгө зарцуулдаг. Сар бүр хувцас худалдан авдаггүй ч өрхийн нийт орлогын маань 20-30 хувийг энэ төрлийн хэрэглээндээ зарцуулдаг хэмээн У.Цэрэнбалжир гуай хуучиллаа. Өрхийн сарын нийт орлогын 20 хувь гэж тооцвол 360 мянган төгрөг хувцас болон бусад хэрэглээнд зарцуулдаг гэсэн үг. Бусад хэрэглээ гэдэгт ариун цэвэр, гоо сайхны хэрэглэл багтаж байгаа гэсэн. Гурван хүүхэд минь өглөө ажилдаа явахдаа тус бүр 5000 мянган төгрөг авч явдаг. Ажлынхаа дундуур хоол иднэ, унаанд сууна гэж. Заримдаа тэр мөнгө нь хүрэхгүй байна гэдэг. Тэр нь аргагүй биз. Хамт олонтой хүмүүс найз нөхөдтэйгээ хоолонд орох гэтэл 3-4 мянган төгрөгт нь таарах хоол байхгүй бол хэцүү л байх. Гэхдээ өдөрт түүнээс илүү мөнгө үрэх боломж төдийлөн байдаггүй. Гарцаагүй тохиолдолд гаргадаг л байх. Сард 22 ажлын өдөр байдаг. Өдөрт 5000 төгрөгөөр гурван хүн гэж тооцохоор 330000 төгрөг хүүхдүүдийн маань хоол, унааны зардалд зарцуулагддаг. Түүнээс гадна залуу хүмүүс хамт олон, найз нөхөдтэйгээ амралт зугаалганд явах, кино ший үзэх үе гарна тэр бүрт дахиад л төлөвлөгдөөгүй мөнгө гарна шүү дээ. Гэхдээ манай хүүхдүүд гадуур дотуур гарах нь ховор. Сардаа нэмэлт зардал 50 мянга гэж тооцъё. Охин, хүргэн хоёр маань орон сууц захиалах санаатай мөнгө хуримтлуулж байгаа сард 500 мянган төгрөг дансанд хийдэг. Үүнээс гадна гэрэл цахилгаан, хог ачсаны төлбөр, түлээ нүүрс гээд сардаа 70-80 мянган төгрөг зарна. Энэ мөнгөний хэмжээ өвөлдөө бүр нэмэгдчихнэ. Тэгээд хэн нэг нь өвдөх ч юм уу, ийш тийшээ явах ч юм уу төлөвлөгдөөгүй зардал гардаг.

Хүнсний хэрэглээ 145 мянга+Хувцас буса хэрэглээ 360 мянга+хоол, унааны мөнгө 380 мянга+цахилгаан, түлээ түлшний хэрэглээ 80 мянга+банкинд хийдэг 500 мянга+төлөвлөгдөөгүй зардал 250 мянга=1.71 сая төгрөг болж байна.

У.Цэрэнбалжир хэлэхдээ, “Хүүхдүүдийн цалин нэмэгдэж байна л гэдэг үнэн хэрэгтээ нэмэгдсний хэрээр өргөн хэрэглээний бараа, бусад бүтээгдэхүүний үнэ өсчихөөр мэдрэгдэх зүйл алга. Ноднин өдийд хонины мах 4500 төгрөгийн ханштай байсан бол энэ жил 6500-7000 төгрөгөөр худалдаж байна. Зүссэн талх ноднин 780 төгрөгөөр зарагдаж байсан бол өнөө жил 900 төгрөг болж нэмэгдсэн байх жишээтэй. Энэ нь бидний амьдралд маш их нөлөөлж байна. Дөрвөн килограмм мах авах мөнгөөрөө гурван кг-ыг авч байх жишээтэй. Үнэхээр амьдрал хүнд байна. Ямар ч хуримтлал хийж чадахгүй байна шүү дээ” гэж учирлав. Энэ нь оргүй зүйл биш шүү дээ. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй гэдэг үгээр сэтгэлээ аргадан амьдрал зогоож буй айл үүгээр зогсохгүй олон байгаа. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхдөг Монголчуудын ядрангуй амьдрал хэзээ эцэслэх бол доо.

М.УЯНГА

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж