Д.Урианхайн бүтээл дэлхийд үнэлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.07.28-нд нийтлэгдсэн

Д.Урианхайн бүтээл дэлхийд үнэлэгдлээ

Францын нэрт эрдэмтэн судлаачдын баг эрхэлдэг “Дэлхийн нэг шүлгийн ном”-д хүн төрөлхтний оюун сэтгэлгээ, мэдрэмжийн охь дээж болсон бүтээлүүдийг хоёр жил тутамд нэг удаа шалгаруулж зөвхөн нэг л шүлгийг сонгож ном бүтээдэг аж. Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, зохиолч, яруу найргийн бичгийн сод туурвигч Дамдинсүрэнгийн Урианхайн бүтээл “Дэлхийн нэг шүлгийн ном”-д багтжээ. Тодруулбал, “Инээд шиг хуучин хүний амьдралд” хэмээх зохиолчийн өөрийнх нь тодотгосноор постмодернь авангард чиглэлийн шүлэг нь хэвлэгдсэн байна. “Дэлхийн нэг шүлгийн ном”-д Д.Урианхай найрагчийн бүтээл орсноор Ази тивээс анх удаагийнх болсон аж. Хятад, Япон, Солонгос, Энэтхэгийн найрагчид зохиол бүтээлээ явуулж байсан ч шалгарч чадаагүй аж.

“Дэлхийн нэг шүлгийн ном”-ыг ердөө 50 ширхэг хэвлэж олон улсад элит хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн хаадын номын сангуудад тусгайлан дурсгадаг ажээ. Номыг хэвлэхдээ орчин үеийн ямар ч техник, технологи шаардлагагүй бөгөөд гар аргаар тусад нь боловсруулсан цаасан дээр гангаар барлаж сонгогдсон шүлгээ бичдэг аж. 50 ширхэг хэвлэсэн номны эхний таван ширхэгийг Францын эрдэмтэн профессорууд өөрсдөө авдаг бөгөөд дэлхийн ховор түүхийн бүтээлтэй номын сангуудад хадгалагддаг аж. Харин номын эзэнд 3-5 ширхэгийг гардуулдаг юм байна.

Д.Урианхайн хувьд Үндэсний төв номын сангийн эртний ховор номын танхимд, мөн ажлын хамт олондоо, “Шинэ Ази” группийн ерөнхийлөгч Л.Төрбаярт “Дэлхийн нэг шүлгийн ном”-ынхоо дээжийг өргөн барьжээ. Тэрхүү ёслолд уг бүтээлийг хэвлүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн ачтан бол уран бичээч Т.Жамьянсүрэн болон Францын эрдэмтдийн төлөөлөл байсан аж. Францад суурин амьдарч уран бүтээлээ туурвидаг уран бичээч, орчуулагч Т.Жамьяансүрэн хоёр жилийн турш монголын сор болсон бүтээлүүдийг орчуулан хүргэж байсан бөгөөд дээрхи бүтээлүүдээс “Инээд шиг хуучин хүний амьдралд” бүтээл шалгарч зохиолчийн болон шүлгийн бүтээлийг хоёр жилийн турш судалсаны үндсэн дээр энэхүү ном хэвлэгджээ. Д.Урианхайн “Инээд шиг хуучин хүний амьдралд” шүлгийн дараа Францад зохиол бүтээлээ туурвидаг Солонгосын яруу найрагчийн дөрвөн мөрт шүлгүүдээс хэвлэгдсэн аж.

“Дэлхийн нэг шүлгийн ном”-д хэвлэгдсэн “Инээд шиг хуучин амьдралд” шүлгүүдийг хүргэе.

ИНЭЭД ШИГ ХУУЧИН ХҮНИЙ АМЬДРАЛД …

Инээд шиг хуучин хүний амьдралд
Нулимс шиг халуун байх!
Маргааш шиг ойрхон байх!
Магад ирэх үхэл шиг
Давтагдахгүй байх!
Нулимс шиг хуучин хүний амьдралд
Мөрөөдөл шиг гэгээн байх!
Хайргүй хүндээ ч хайр шагнах
Харагдахгүй бурханы хутаг олох!
Мартагдахгүй гомдолоо
Уйлахгүй тэсэхээр цайлган байх!
Гомдол шиг хуучин хүний амьдралд
Харагдахгүй бурхан шиг ил байх!
Өнөөдрийнх шиг уйтай өдрийг
Дахиад яасан ч тэвчихээргүй
Тэсрэмтгий байх!
Өчигдөрийнх шиг,
Уржигдарынх шиг,
Утгагүй тарчилгах удаан өдрөөс
Яасан ч дахиад амьд үлдэхээргүй
Тэрсүүд байх!
Тэнэг шүлэг бичихээр
Дахин төрөхгүй байх!
Инээд шиг хуучин …
Нулимс шиг хуучин …
Гомдол шиг хуучин …,
Харагдахгүй бурхан шиг
Хүний амьдралд
“Байхгүй юм” шиг нь
Үргэлж шинэ байх!
“Байгаа” бүгдээс нь
Мөнхөд өөр байх!..

МОДОД

Навчсын чинь шуугиан чиний үг үү, салхины үг үү
Намрын сэтгэл гэгэлзүүлсэн аниргүй чинь чиний нам гүм үү
Бараа тасарсан шувуудын орхисон зай юу
Намрын торомны ноос шиг өнгө чинь
Чиний өнгө үү, зэвэрсэн борооны өнгө үү
Чи зовлон таньсан ухаант хүн шиг л дуугүй байх юм

Дуугүй үгийг чих сонсдоггүй
Нүд, зүрх хоёр минь л сонсох юм
Чамтай ярихад хэцүү юм,
Чадахгүй байх тусмаа улам их хүсэх юм
Аливааг асуумаар санагдана
Асуусанд чи дуугарахгүй
Хүүхэд шиг, юу ч мэдэхгүй маанаг юм шиг, юм бүгдэд гэгээрсэн шиг
Асуултад минь асуултаар л хариулах юм аа …

Ч.БОЛОРЧУЛУУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж