Олимпийн тамирчдын хувцсыг хуурамчаар үйлдвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.28-нд нийтлэгдсэн

Олимпийн тамирчдын хувцсыг хуурамчаар үйлдвэрлэжээ

Египетийн олимпийн шигшээ багийн тамирчдад хуурамч “Nike”-ийн хувцас хэрэглэл өгсөн гэж шигшээ багийн гишүүн, усанд сэлэлтийн тамирчин Иомна Халлаф гомдол гаргасан байна. Түүний хэлснээр бэлтгэлийн цүнх нь Nike-ийн том логотой мөртлөө цахилгаан дээр нь Адидас-ын лого байжээ. Египетийн олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Мотаз Сонбол ч мөн тамирчдын бэлтгэлийн хувцас хэрэглэл хуурамч байсанд гайхаж байгаа гэнэ. Харин “Nike”-ийн төлөөлөгч тамирчдад чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн очсонд харамсч буйгаар илэрхийлжээ. “Nike”-ийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр Өрсөлдөөнийг зохицуулах газар тус компанийн нэрийг ашиглан хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанийг сонгосон байжээ. “Nike” компани дээрх асуудлаар Өрсөлдөөнийг зохицуулах газартай хэлэлцэж байгаа юм байна. Египетийн олимпийн хорооны дарга, генерал Махмуд Ахмед Али улс орны санхүүгийн байдал сайнгүй байгаа болохоор хямдханыг нь бодож, Хятадын гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулсан хэмээн ярьжээ.

Харин Египетийн шигшээ багийн усанд сэлэлтийн тамирчин Халлаф өөрийнхөө мөнгөөр “Nike”-ийн жинхэнэ хувцас хэрэглэлийг 300 гаруй ам.доллараар худалдаж авчээ. Египет Лондон 2012 олимпийн наадамд 112 тамирчнаа илгээсэн юм.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж