Жеймс Холмс сэтгэлзүйн эмчилгээнд явж байжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.28-нд нийтлэгдсэн

Жеймс Холмс сэтгэлзүйн эмчилгээнд явж байжээ

Колорадогийн аллагын сэжигтэн сэтгэлзүйн эмчилгээнд явж байсан талаар шүүхэд өмгөөлөгч нь мэдэгдсэн гэнэ. 24 настай Жеймс Холмсыг өөрийн суралцаж байсан Денверийн их сургуулийн хаягаар хэрхэн аллага үйлдэх тухай бичиж, хүн буудаж буйг зурсан илгээмж явуулсан тухай хэвлэлүүдээр бичиж эхэлсэн билээ. Гэвч сэжигтний өмгөөлөгч дээрх мэдээллийг цацсан эх сурвалж шүүхийн шийдвэрийг зөрчиж, шүүх хурлын үйл явцыг хүндрүүлсэн гэж буруутгасан байна. Өнгөрсөн даваа гаригт эхэлсэн шүүх хурлаар Денверийн их сургуулийн философийн ангийн оюутан байсан Жеймс Холмсд зэвсэг хууль бусаар ашигласан, аллага үйлдэж, олон нийтийн дунд айдас хүйдэс бий болгосон зэрэг хэрэгт шүүж байгаа юм. Аллагын тухай бичиж, хүн буудаж буйг зурсан дэвтэр нь түүний эмчтэйгээ харилцдаг дэвтэр байсан гэж өмгөөлөгч нь шүүхэд мэдэгдсэн гэнэ. Гэвч дээрх илгээмжийг аллага гарсан өдрөөс өмнө Денверийн их сургуулийн хаягаар явуулсан эсэхийг нотолж чадаагүй байгаа юм. Денверийн их сургуулийн философийн ангид суралцаж байгаад сургуулиа хаясан Жеймс Холмс гэгчийг яллагчид сэтгэлзүйч эмчийн хяналтад байдаг өвчтөн гэж тодорхойлсон аж. Баривчлагдах үедээ өөрийгөө “Жокер” хэмээн танилцуулсан Жеймс Холмсыг энэ сарын 20-нд Колорадо мужийн Аврора хотын Сентури 16 кино театрт “Хар хүлэг баатар эргэн ирсэн нь” киноны нээлтийн үеэр 12 үзэгчийг буудан хөнөөж, 58 хүнийг шархдуулсан хэрэгт сэжиглэн шалгаж байгаа билээ. Шархдагсдын 11 нь одоо эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд биеийн байдал нь маш муу байгаа юм байна.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж