Д.Дэмбэрэлийн шийдвэрийг цэцэд өгнө гэв

Хуучирсан мэдээ: 2012.07.28-нд нийтлэгдсэн

Д.Дэмбэрэлийн шийдвэрийг цэцэд өгнө гэв

УИХ-ын даргыг сонгосон явдлыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн МАН-ын нэрийн өмнөөс Б.Лхагважав нь Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаад байгаа билээ. Гэвч УИХ-ын гишүүдийн энэхүү үйлдэл нь бус ахмад настай гишүүн Д.Дэмбэрэл хууль зөрчсөн байна хэмээн гишүүн Р.Бурмаа мөн Үндсэн хуулийн цэцэд хандахаар болсон аж. Ингээд ямар үндэслэлээр цэцэд хандах болсон талаар нь сонирхоё.


-Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргахаар болсон үндэслэлээ тайлбарлаач?

-УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн 11.2-т “Шинээр сонгогдсон гишүүдийн тангараг өргөх ёслол үйлдэж дуустал Ерөнхийлөгч, УИХ-ын даргыг сонгож дуустал УИХ-ын хамгийн ахмад гишүүн чуулганы хуралдааныг зохион байгуулж даргална” гэж заасан. Харин Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6-д чуулганы хуралдаан олонхи нь хүрэлцэж ирснээр хүчинтэй гэж заасан байдаг. УИХ-д 57-оос дээш гишүүн тангараг өр-гөсөн байх юм бол тухайн УИХ бүрэн эрх нь хэрэгжих чадамжтай гэсэн үг. Харин одоогоор 69 гишүүн тангараг өргөөд байгаа. Энэ утгаар УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх хууль эрх зүйн чадамжтай. Тэгэхээр энэ бол 69 гишүүний 50 хувь нь буюу 35-аас дээш гишүүн ирсэн бол тухайн чуулган Үндсэн хуулийнхаа дагуу хэвийн үйл ажиллагаагаа явуулна. Тэгэхээр Их хурлын даргыг сонгож дуустал насаар хамгийн ахмад гишүүн чуулганы хуралдааныг зохион байгуулж даргална гэж байгаа юм. Үүнд ямар нэг байдлаар УИХ-ын гишүүдийн нийт бүрэлдэхүүний хамгийн ахмад нь ч юм уу эсвэл тангараг өргөсөн гишүүдийн хамгийн ахмад нь гэж тухайлан заагаагүй. Дэгийн тухай хуульд тухайн хуралдаанд оролцож байгаа гишүүдээс хамгийн ахмад нь хуралдааныг удирдаад явуулна гэсэн. Энэ бол ямар нэг субьектийн хүчин зүйлээс үл хамааран төрийн үйл ажиллагаа тасралтгүй явагдах ёстой гэдэг зарчим дээр үндэслэж байгаа юм. Хэрэв нийт бүрэлдэхүүний эсвэл тангараг өргөсөн гишүүний зөвхөн нэг нь даргална гэх юм бол тухайн хүнд ямар нэг эрсдэл гарч, өвдлөө гэхэд төрийн үйл ажиллагааны тасралтгүй байдал алдагдах болчихно. Тиймээс ч төрийн үйл ажиллагаанд асуудал гарлаа гэхэд орлодог хүн байдаг. Жишээ нь, УИХ-ын даргыг дэд дарга нь орлоно, Ерөнхийлөгч эзгүй үед Их хурлын дарга орлоно гэх мэтээр нөөц хувилбарууд бий. Тухайн хуралдааны үед хамгийн ахмад нь хурал удирдахаас биш тангараг өргөсөн гишүүдээс хамгийн ахмад нь заавал даргална гэсэн заалт байхгүй. Хоёрдугаарт, УИХ-ын чуулганыг завсарлуулах учиргүй байсан. УИХ-ын чуулганыг бусад гишүүд эзгүй гэдэг нэрээр завсарла гэж Д.Дэмбэрэл гуай хэлсэн. Нэгэнт Үндсэн хуулийн 27.6-д байгаагаар 35 ба түүнээс дээш гишүүд нь ирчихсэн байхад хуралдаан хэвийн үргэлжлэх байсан. Гэтэл зарим гишүүн ирээгүй гэдэг шалтгаанаар хойшлуулсан нь хууль бус. Ийнхүү дараагийн хурлын зарыг хуралдаан даргалагч зарласан нь ч хууль зөрчсөн. Үндсэн хуульд анхдугаар чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч товлон зарлана, бусад чуулганыг Их хурлын дарга товлон зарлана гэж заасан байдаг. З.Энхболд даргыг анхдугаар чуулганаар баталсан. Тэгэхээр Д.Дэмбэрэл гишүүнд анхдугаар чуулганыг завсарлуулаад, дахин товлох эрх мэдэл байхгүй. Тиймээс Д.Дэмбэрэл гуай хууль зөрчсөн. Өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан учраас энэ талаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж өгөхөөр болсон нь энэ.

Б.ЭНХМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж