Сюрприз дүүрэн Лондон-2012

Хуучирсан мэдээ: 2012.07.28-нд нийтлэгдсэн

Сюрприз дүүрэн Лондон-2012

“Лондон-2012” олимпийн галт бамбарыг Их Британийн ирээдүйтэй долоон залуу тамирчин олимпийн цэнгэлдэхэд бадамлуулав. Галт бамбарыг Их Британийн нэрт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм Темза мөрөн дээгүүр завиар авчирч, Их Британийн алдарт тамирчин Стив Редгрэйвт гардуулсан бол Стив цааш нь бамбарыг залуу тамирчдад ёслол хүндэтгэлтэйгээр дамжуулсан юм. Олимпийн галт бамбарыг бадамлуулахын өмнө Их Британийн хатан хаан Элизавета II “Зуны олимпийн 30 дахь удаагийн наадам Лондон-2012 нээснийг мэдэгдье” хэмээн тунхаглав.

Лондон 2012 зуны олимпийн наадмын нээлтийн ёслолын ерөнхий найруулагч нь “Ядуусын хорооллын саятан” киног  найруулсан, Оскарын шагналт найруулагч Дэнни Бойл юм. Нээлтийн ёслолын ажиллагааг Лондон хотын төв талбай, гудамжуудад байрлуулсан асар том дэлгэцээр харуулсан байна. Их Британийн түүхийн бүх цаг үеийн онцлогийг харуулсан үзүүлбэрүүдийн өмнө яруу найрагч Уилльям Блэйкийн хамгийн алдартай шүлгийн мөрийг уншсан гэнэ. Үзүүлбэрт Англичуудын бахархал болсон нов ногоон толгод, тал нутаг, тосгоны жирийн амьдралыг харуулжээ. Харин дараа нь үзэгдэл Английн үйлдвэрлэлийн хувьсгалаар солигдсон байна. Мөн Английн хамгийн алдартай кино Жеймс Бондын дүрийг бүтээсэн Дэниэль Грегийг ч мартсангүй. Англид бестселлер болсон зохиолч Ж.К.Роулингийн алдартай Харри Поттер зохиолд гардаг харанхуйн эзэн Волдеморт, шидэт хүүхэд асрагч Мэрри Поппинс, Английн нэрт инээдмийн жүжигчин Мистер Бин нар ч мөн нээлтийн ёслолын нэг болсон юм. Үүний дараа Английн нэрийн хуудас болсон “Битлз”,”Роллинг Стоунз” зэрэг хамтлагуудын дуу эгшиглэж,  Их Британийн алдартай дуучин Дэвид Боуи, рэппер Диззи Раскал нар амьд хөгжимтэй дуугаа өргөсөн байна.

Англичууд мөн “World Wide Web”-ийг анх санаачилсан Лондоны уугуул Тим Бернерс Ли-д тусгай хүндэтгэл үзүүлжээ. Нээлтийн ёслолын бас нэг сюрприз нь эрвээхэйн дававчтай дугуйчид байсан гэнэ. Олимпийн далбааг цэнгэлдэхэд залах үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Америкийн домогт тамирчин, боксчин Мухаммед Али нар цэнгэлдэхэд орж иржээ.

Лондон 2012 олимпийн наадмын зохион байгуулах хорооны дарга, олимпийн дөрвөн удаагийн медалийн эзэн Себастиан Кой нээлтийн ёслолын үеэр хэлсэн үгэндээ “Ирэх хоёр долоо хоногт Лондон дэлхийн хамгийн гайхалтай хот болох болно. Учир нь спортын шилдгийн шилдгүүд эндээс төрөн гарч, шинэ амжилт, шинэ домгийг бүтээнэ” хэмээжээ. Олон улсын олимпийн хорооны дарга Жак Рогге “Олимпийн наадам нутагтаа эргэн ирж, түүхийн шинэ хуудсыг бүтээх гэж байна” хэмээн мэдэгдсэн байна. Лондон 2012 олимпийн наадамд 10,500 тамирчин хурд хүч, эр зориг, авхаалж, самбаа, оюун ухаанаа сорино гэж олимпийн зохион байгуулагчид ярьсан байна.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж