“Лондон-2012” олимпийн наадамд Монголын багийн цөмийг бүрдүүлж оролцож байгаа жүдочид сугалаагаа татлаа. Манай есөн жүдочийн оноолтыг харахад бүгд л шөвгийн наймд үлдэхээр буюу медалийн төлөө өрсөлдөөнд оролцох бололцоотой харагдаж байна. Хоёр жилийн турш үзүүлсэн амжилтаараа шигшигдсэн шилдгүүд энд цугласан болохоор мэдээж даваа бүр амаргүй. Гэхдээ энэхүү чансааг тогтоосон тэмцээнүүдэд манай тамирчид гол өрсөлдөгчидтэйгөө хэрхэн барилдсанаас багцаа аван дээрх дүгнэлтийг гаргасан билээ.
Лондонд 135 орны 233 эрэгтэй, 154 эмэгтэй, нийт 387 жүдоч хүч үзэх гэж байна. Олимпийн хөтөлбөрт багтсан спортын төрлүүд дотор хамгийн олон орны төлөөлөлтэй төрлийн нэг нь жүдо. Энэ нь жүдо бөх дэлхий дахин хэр өргөн дэлгэр хөгжсөн бэ гэдгийг нотлох нэг үзүүлэлт юм. Будант Альбионд буугаад байгаа 135 орны жүдочдоос 118 улсын тамирчид нь чансаагаар болон тивийн квотоор эрхээ авцгаасан бол 17 орны төлөөлөл нь бидний хэлж заншсанаар “цагаан хуудас” буюу урилгаар оролцох болсон. Ингээд монгол жүдочдын ямар сугалаа татсаныг танилцуулъя.
ЭРЭГТЭЙ 60 кг.
Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгө, Азийн АШТ-ий мөнгөн медальтай, удамт бөх Даваадоржийн Төмөрхүлэг энэ жинд барилдана. Манай бөх олимпод зодоглох 60 кг-ынхны 8-д эрэмбэлэгдсэн учраас энэ жингийн манлай Ришод Собировын толгойлох “А” хэсэгт орох нь сугалаанаас өмнө тодорхой байсан. Шөвгийн найм хүртэлх барилдаанд хэн хэнтэй гар зөрүүлэх вэ гэдэг нь сугалаагаар шийдэгдсэн юм. Ингээд манай бөх эхний тойрогт хийлээд Бразилийн Фелипе Китадайтай олимпийн дэвжээн дэх анхны барилдаанаа хийхээр боллоо. Пан-Америкийн 3 удаагийн аварга, Армийн дэлхийн аварга энэ бразил залууг монголчууд ялж сурсан гэхэд болно. Китадайг Ч.Болдбаатар 3 удаа, Г.Болдбаатар 1 удаа ялж байсан бол Д.Төмөрхүлэг өөрөө 2008 онд Тайландын Бангкок хотноо зохиогдсон залуучуудын ДАШТ-д түүнийг буулган авч, мөнгөн медаль хүртэж байв. Китадайг хожвол дараагийн өрсөлдөгч нь Саудын Арабын Эиса Мажраши байх болов уу. Азийн АШТ-д хоёр ч удаа медалийн төлөө барилдаж, “Гуанжоү-2010” Азийн наадамд Японы Хироаки Хираокад хантэйгаар дийлдэж байснаас нь үзэхэд Гайанагийн бөхөд хожигдчих эр биш ээ. Тэрээр Японд Цүкүба их сургуульд бэлтгэлээ базаадаг гэсэн. Гэхдээ манай бөх Мажрашиг дараад унах нь тодорхой.
Ингээд хоёр ялчихад Д.Төмөрхүлэг наймд үлдэж байна. Харин энэ даваанд тэр Бээжингийн олимпийн мөнгө, хүрэл медальтай хоёр жүдочийн нэгтэй барилдах биз ээ. Олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга Узбекистаны Ришод Собиров гарцаагүй аварга болно гэж нэрлэгдсэн тамирчдын нэг. Хэдий ид үеийнх шигээ амжилт нь тогтвортой биш байгаа ч олимпийн мөнгөн медальт, ДАШТ-ий мөнгө, хүрэлтэй, Австрийн Людвиг Пайшер дахиад олимпийн наадмын шагналын тавцанд зогсох эрэмбэтэй хүн. Д.Төмөрхүлэг Собировтой барилдаж үзээгүй. Харин Пайшерийг хоёр удаа хазайлгаж байлаа. “В” хэсгээс ОХУ-ын Арсен Галстян, БНСУ-ын Чой Гван-Хён хоёрын нэг нь хагас шигшээд шалгарах болов уу. Тус группт энэ хоёр тамирчны гарыг нь нугалах хүн байхгүй гэхэд буруудахгүй байх.
ЭРЭГТЭЙ 66 кг. Дэлхийн аварга, олимп, ДАШТ-ий хүрэл медальтай Х.Цагаанбаатарыг манайхан ч, гадныхан ч гарцаагүй медаль авна гэж итгэл хүлээлгэж байгаа. Нэг үе дэлхийн чансааг өнгөлж явсан түүнийг хэсэгхэн амсхийх зуур Оросын хоёр жүдоч урдуур нь дайрсан билээ. Хойд хөршийнхөн энэ хоёр бөхөөсөө Могушковыг нь Лондон руу илгээсэн.
“С” хэсгийг толгойлсон манай бөх эхний тойрогт хийлээд Тайванийн Ту Кай Веньтэй “бие халаалт” хийхээр болжээ. 20 настай энэ тайвань залуу 2009 онд залуучуудын ДАШТ-д VII байрт шалгарч, 2010 онд Азийн залуучуудын АШТ-ээс мөнгөн медаль хүртэн, энэ жил Ташкентэд зохиогдсон тивийн АШТ-д шагналт байрт орсон хоосонгүй жүдоч. Цагаанаагийн дараагийн өрсөлдөгч нь Австралийн Иво Дос Сантос, Их Британийн Колин Оатес нарын нэг байх юм. Дэлхийн аварга маань 2010 онд Рио-де-Жанейрогийн Их дуулгад Далайн орнуудын 4 удаагийн аварга австрали жүдочийг хожиж байсан бол 2011 онд Москвагийн Их дуулгад Европын АШТ-ий хүрэлтэй британи эрийг сөхрүүлжээ. Дашрамд сонирхуулахад Австралийн Иво Дос Сантос өөрийн хөтөлдөг блогтоо Лондонгийн олимпийн жүдогийн медальтнуудын таамгаа дэвшүүлсэн байсан бөгөөд өөрийнхөө барилддаг 66 кг-д Цагаанааг аварга болгосон байсан юм. ЭНД дарж сонирхоно уу.
Харьцангуй бартаа багатай замаар шөвгийн наймд хүрэх Х.Цагаанбаатарын хувьд эндээс л жинхэнэ тулаануудаа хийж эхэлнэ. 2004 оны залуучуудын дэлхийн аварга Давид Ларос (Франц), Европын 20 болон 23 хүртэлх насныхны аварга Дан Фасиэ (Румын), залуучуудын ДАШТ-ий хүрэл, Европын 20 хүртэлх насныхны АШТ-ий алт, энэ жилийн Европын АШТ-ий хүрэл медальт Лаша Шавдатуашвили (Гүрж) нарын нэг нь шөвгийн наймд Цагаанаатай барилдах юм. Манай бөх Ларостой 4 барилдсанаас 1, Фасиэтэй 5 удаа тулснаас 4-т нь ялж байв. Харин 20 настай гүрж залуутай тэмцээнд хараахан таарч үзээгүй ч бэлтгэл дээр хангалттай гар зөрүүлсэн. Хагас шигшээд Японы Эбинүма, БНСУ-ын Чо Жүн-Хогийн нэгтэй барилдах магадлал бий.
ЭРЭГТЭЙ 73 кг. Чансаагаар 5-д жагсаж буй С.Ням-Очир 4-т бичигдсэн ОХУ-ын Мансур Исаевтэй “В” хэсэгт зоогдсон. Сугалаагаар тэдэн дээр Испани, Азербайжан, Португал, Герман, Украины жүдочид орж иржээ. Манай бөхийн хувьд эхний барилдаанаа Германы Кристофер Фоэлктэй хийнэ. Европын 20 хүртэлх насныхны АШТ-ий хүрэл медальтай энэ залуу Монголд зохиогдсон анхны Дэлхийн цомд ирж оролцохдоо С.Ням-Очирт хүрэл медалийн төлөө хожигдож байсан бол энэ жил Парисын Их дуулгын финалд манай жүдочийн даацтай тохоонд нь далаараа буусан билээ.
Германы бөхийг хожвол С.Ням-Очир Португалийн Жоао Пинья, Украины Володимир Сорока нарын нэгтэй наймд үлдэхийн төлөө барилдах юм. 2010, 2011 онд Европын АШТ-д түрүүлсэн Пиньятай С.Ням-Очир хоёр барилдаж, ялалтын харьцаа 1-1 байгаа. 2007 онд Хамбургийн супер дэлхийн цомд хожигдож байсан бол 2010 онд Дюссельдорфын гранприд түрүүлэхдээ хагас шигшээд португал жүдочоос даагаа нэхэж чаджээ. Харин Европын АШТ-ий алт, мөнгөн медальт Сорокатай барилдаж үзээгүй. Ингээд наймд үлдэхэд түүнийг ОХУ-ын Мансур Исаев, Испанийн Киёши Үэмацү нарын нэг нь хүлээж байх магадлалтай. С.Ням-Очир ДАШТ-ий хүрэл медальт орос эртэй гурван удаа барилдаад нэг ч ялж үзээгүй бол мөн ДАШТ-ий хүрэл медальт Үэмацүд 2011 онд Абу-Дабигийн Гранприд хожигдсон түүх бий. “В” хэсгийнхэнтэй хагас шигшээд тулах “А” группт БНСУ-ын Ван Ки-Чунь, Казахстаны Ринат Ибрагимов, Бельгийн Дирк ван Тишельт нарын луугарууд оржээ.
ЭРЭГТЭЙ -100 кг. Эрэгтэй жүдочдоос маань арай хатуу сугалаа татсан нь олимпийн аварга Н.Түвшинбаяр гэж хэлж болно. Гэхдээ олимпийн анхны аварга маань Бээжинд хамгийн хатуу өрсөлдөгчидтэй таарч хожсоор аваргалсан тул тэр түүхээ давтах ч юм бил үү гэсэн бодол төрж байна. Түвшээ эхний тойрогт Тайландын Теерават Хомклинтой барилдана. Харин дараагийн даваанд ДАШТ-ий хүрэл медальт Тьерри Фабре (Франц), мөн ДАШТ-ий хүрэл медальт Рамадан Дарвиш (Египет) нарын хожсонтой нь тулна. Н.Түвшинбаяр Фабретэй 2010 оны ДАШТ-д хүрэл медалийн төлөө барилдаанд тулаад ялагдаж байсан бол 2011 онд Жэжүгийн Дэлхийн цом, энэ жил Парисын Их дуулгад хожоод байгаа. Рамадан Дарвиштай гурвантаа гар зөрүүлснээс нэг ч хожоогүй. 2010 онд Москва болон Токиогийн Их дуулга, 2011 онд Абу-Дабигийн Гранприд тус тус бүдэрчээ. Энэ хоёр бөхийн ард гарчихвал хэсгийн аваргын төлөө Азийн гурван удаагийн аварга Рамзиддин Саидов (Узбекистан), ДАШТ-ий хошой хүрэл медальт, Пан-Америкийн 8 удаагийн аварга Орейдис Деспэйн (Куба) нарын нэгтэй хүч үзнэ. “А” хэсгээс Максим Раков (Казахстан), Хван Хи-Тэ (БНСУ) нарын дэлхийн аваргуудын нэг нь хагас шигшээд шалгарах болов уу.
ЭМЭГТЭЙ 48 кг. 19 бөх зодоглох энэ жинд Азийн аварга Мөнхбатын Уранцэцэг эхний тойрогт хийлээд залуучуудын ДАШТ-ий хүрэлтэй казах жүдоч Александра Подрядоватай наймд үлдэхийн төлөө барилдана. М.Уранцэцэг энэ жил ДАШТ-ий дайтай хэмээн үнэлэгддэг Парисын Их дуулгаас хүрэл медаль хүртэхдээ Подрядоваг эхний даваанд сөхрүүлж байв. Хэсгийн аваргын төлөө барилдаанд манай бөх Румыний Алина Думитрутай тулах магадлалтай. Өмнөх олимпод түрүүлж, ДАШТ-ээс 3 хүрэл медаль хүртэн, Европт наймантаа аваргалсан Думитру өнгөрсөн жилийн ДАШТ-д Уранцэцэгийг эхний тойрогт хожсон. Гэхдээ Даярис Местре (Куба), Наталья Кондратьева (ОХУ) нар ч энд гараад ирэхийг үгүйсгэхгүй.
ЭМЭГТЭЙ 52 кг. Япончууд Юүка Нишидагаа үлдээж, Мисато Накамүраг олимпод сойсноор М.Бундмаа жингийнхээ тэргүүн бөхөөр Лондонд зодоглох болсон. Энэ нь түүний давааг бага боловч хөнгөлөх давуу талтай юм. Гэвч тэгсэнгүй, монгол бөхчүүдийн хамгийн хатуу сугалаа түүнд таарчээ. Манай бөхийн аманд Хаитигийн Леноус Десравин хэмээх бөх ирсэн. Харин дараагийн учраа нь тун амаргүй бөх байх нь. Олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хошой мөнгөн медальтай энэ куба бөх хоёр ч ДАШТ-д (2009, 2011) М.Бундмааг хожиж байсан юм. Харин энэ жил Бундаа Парисын Их дуулгад үзүүрлэхдээ хагас шигшээд тэрхүү Бермойг анх удаа хожсон билээ. Хоёр дахь өрсөлдөгчөө аргалчихвал Бундмаа Испанийн Ана Карраскосатай хэсгийн аваргын төлөө барилдана. ДАШТ-ий хошой хүрэл медальт испани жүдочид манай бөх Бээжингийн олимп, 2009 оны ДАШТ-д “тахим өгчихөөд” дараалан гурав ялаад байгаа.
ЭМЭГТЭЙ 57 кг. Азийн квотоор олимпийн эрхээ авсан залуу тамирчин Доржсүрэнгийн Сумъяа БНСУ-ын Ким Жан-Дитай эхний тойрогт таарчээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд энэ хоёр бөх таван удаа таарахад солонгос жүдоч эхний гуравт нь хожиж, Д.Сумъяа сүүлийн хоёрт нь давамгайлсан. Энэхүү хоёр ялалт нь манай бөхөд олимпийн эрх биелүүлэхэд том түлхэц болсон билээ. Солонгосын бөхийг хожсон цувралаа үргэлжлүүлж чадвал Д.Сумъяа хоёрдугаар тойрогт олимпийн аварга Жулия Квинтавалье (Итали)-тэй тулна. Бээжингийн олимпийн эхний тойрогт Х.Эрдэнэт-Од гавьяатыг хожиж, улмаар аваргалсан итали бүсгүй түүнээс хойш гавьтай амжилт үзүүлээгүй. Тиймээс энэ жил оролцсон тэмцээн бүрээсээ шахуу медаль авсан Д.Сумъяа шөвгийн наймд үлдэх магадлал өндөр. Үлдэж чадвал түүнийг дэлхийн аварга Каори Мацүмото хүлээж байх болов уу.
ЭМЭГТЭЙ 63 кг. Энэ жинд 7-рт эрэмбэлэгдэж буй Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа бараг “нүдээ аниад” наймд үлдэхээр байгаа гэж хэлж болно. Эхний тойрогт түүнтэй таарсан Палаугийн Женнифер Ансон жүдогийн хөгжлөөр хамгийн тааруу бүс нутаг Далайн орнуудын АШТ-дээ ч медаль авч үзээгүй нэгэн. Хоёрдугаар тойрогт тулах Финландын Йоханна Илинен Европын өсвөр үеийн аварга болж, Европын залуучуудын АШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртжээ. Харин хэсгийн аваргын төлөө барилдаанд дэлхийн аварга Жеврис Эмане (Франц), ДАШТ-ий хүрэл медальт Ярица Абель (Куба) нарын нэг нь манай бөхийн өрсөлдөгч болох болов уу. Ц.Мөнхзаяа 2010 онд Москвагийн их дуулгын шөвгийн наймд Эманед хожигдсон удаатай.
ЭМЭГТЭЙ -78 кг. Өмнөх олимпод 7-р байрт шалгарч байсан, сүүлийн хоёр жил тивийн АШТ-д түрүүлээд буй Пүрэвжаргалын Лхамдэгд эхний тойрогт хийлээд Их Британийн Жемма Гиббонс, Португалын Яхима Рамирес нарын нэгтэй наймд үлдэхийн төлөө барилдах нь. П.Лхамдэгд 2009 онд Универсиадаас мөнгөн медаль хүртэхдээ хагас шигшээд олимпийг зохион байгуулагч орны тамирчныг хожиж байсан ба Европын АШТ-ий хүрэл медальт португал жүдочтой хараахан барилдаж үзээгүй юм. Энэ хэсэгт орсон нөгөө гурван бөхийн хувьд хэн нь хэнийгээ хожоод гараад ирэхээр шилдгүүд. ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай Акари Огата энэ хэсгийг толгойлсон бөгөөд олимп, ДАШТ-ий хүрэл медальт Жён Гён-Ми (БНСУ)-тай эхний тойрогт таарчээ. Энэ хоёр бөхийн ялагч нь 2009 оны дэлхийн аварга Мархинде Веркерктэй тулах юм. “С” хэсгийн тэргүүн бөхтэй хагас шигшээд тулах “D” хэсгээс дэлхийн аварга Одри Чеумео (Франц), олимпийн аварга Ян Сьюли (БНХАУ) хоёрын нэг нь финалдахын төлөө хүч үзэх болов уу.
Лондонгийн олимпийн жүдо бөхийн тэмцээнд Япон, БНСУ, Франц, Бразилийн жүдочид бүтэн багаар оролцож байгаа бөгөөд Их Британи зохион байгуулагч орны хувиар бүх жинд төлөөллөө барилдуулах юм.