Сургуулиудын засвар ирэх сарын 25-нд дуусна

Хуучирсан мэдээ: 2012.07.28-нд нийтлэгдсэн

Сургуулиудын засвар ирэх сарын 25-нд дуусна

Хичээлийн шинэ жил дөхөж буй эдгээр өдрүүдэд их, дээд, дунд сургуулиудын засвар ид өрнөж байна. Гэхдээ тухайн сургуулийн хийх засварын их, багаас хамаарч зарим нь дууссан, зарим сургуулийн засвар үргэлжилж байгаа юм. Энэ жил нийт 14 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 250 гаруй боловсролын байгууллагад засварын ажил хийхээр төсөвлөсөн байна.

Ингээд улсын хамгийн том бөгөөд олон хичээлийн байртай МУИС-ийн засварын ажлыг сонирхлоо. МУИС-ийн төв буюу хичээлийн нэгдүгээр байранд одоогоор шороо манарсан, ажилтнууд нь шавар зуурч, энд тэнд гүйлдсэн байдалтай байна. Гаднах засварын ажлаар сургуулийн том багануудыг шавардан, өнгөлж байгаа бөгөөд засварын ажлыг долдугаар сарын 23-наас эхлүүлжээ. Засварын ажлыг гүйцэтгэж буй ажилтнаас явцын талаар асуувал “Гаднах фасадны ажил одоогоор 30 хувьтай байна. Наймдугаар сарын эх гэхэд дуусчих байх” гэлээ. Ямартай ч наймдугаар сарын эхэн гэхэд МУИС гаднаасаа өнгө нэмсэн байхыг олж харах байх гэдэгт найдъя. Харин дотор засвар яагаа ч үгүй байна гэж хэлж болохоор. Долдугаар сар “хүүе” гэхийн завдалгүй дуусаад, шинэ сартай золгох нь. Засварын ажлыг  ямар ч тайлбаргүйгээр гаднаас нь харахад наймдугаар сарын дунд гэхэд дуусч амжихгүй нь гэмээр. Тиймээс засварын тухай лавлахаар  тус сургуулийн Хангамж, үйлчилгээний хэлтсийн дарга  Ч.Ганбатаас тодрууллаа.

-МУИС-ийн бүх сургуулийн хэмжээнд засварыг нийт хэдэн компани гүйцэтгэж байна вэ?

-Бүх сургуулийн хувьд авч үзвэл, 15 гүйцэтгэгч компани ажиллаж байна. Үүний гурав нь БСШУЯ-ны зарласан тендерт шалгаруулалтад тэнцсэн гүйцэтгэгч. Бусад нь нээлттэй тендер зарласнаар гүйцэтгэгч компанийг сонгосон.

-Одоогоор засварын ажил хэдэн хувийн гүйцэтгэлтэй байна вэ?

-МУИС-ийн бүх сургуулийн хэмжээнд засварын ажил 30-40 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин төв байрны засварын ажил 50-60 хувьтай байгаа юм. Одоо бол жижиг заслын ажлууд үлдсэн.

-Бусад хичээлийн байрнуудын тухайд?

-Хичлээлийн хоёрдугаар байрт өнгөрсөн жил их засвар хийсэн болохоор энэ жил жижиг засваруудыг хийж байгаа бөгөөд өргөтгөлийн дээврийг засах ажлыг хийж байна.  Гуравдугаар байрны засварын хувьд гаднах засал үлдсэн. Дөрөвдүгээр байрны засвар одоогоор 30-40 хувьтай, мөн гаднах засвар хийж байна. Хичээлийн зургаа, долоо, наймдугаар байрны засвар зарим нь дууссан. Хүлээлцэх ажилдаа орж байна. Ингээд ер нь хичээлийн байрнууд өмнөх жилүүдэд хийж байсан их засвар, урсгал засвараасаа хамаарч том жижиг заслуудыг хийж байгаа.

-Засварыг ажлыг хэдийд бүрэн хүлээлгэж өгөх вэ?

– Засварын ажил болон дараа нь хийх цэвэрлэгээ бүгд наймдугаар сарын 10-даар дуусгана гэж гүйцэтгэгч компаниудтай гэрээ хийсэн. Энэ нь цаг агаарын эсвэл, гүйцэтгэгч комданиудын хүн хүчний байдлаас болж сургуулиудыг бүрэн хүлээлгэж өгөх хугацаа нь тав хоногоор сунаж болох байх. Үүнээс илүү сунжрахгүй.

-Барилгын ажил яагаад ийм удаашралтай байна вэ?

-Миний бодлоор тушлагатай, өргөн бүрэлдэхүүнээр ажилладаг барилгын компаниуд том бүтээн байгуулалт руу очсон байна. Одоо гүйцэтгэгч нь ерөнхийдөө дундаж компаниуд юм шиг.  Манай сургуулийн хичээлийн байрууд их тархмал байрлалтай гэж хэлж болохоор. Энэ тархмал барилгын засварыг багцлаад хийх том компани тендерт оролцсонгүй, тэд нар нь том том хороолол, хөдөө газарт ажилладаг юм байна.

МУИС-ийн сургуулийн засварын ажил жигд бус байгаа ч ийнхүү наймдугаар сарын дунд гэхэд хүлээлгээд өгнө гэж байна. Харин СУИС-иар дайрч өнгөрөхдөө засварын ажлын талаар нь сонирхлоо. Гэтэл энэ жил СУИС ямар ч засварын ажил хийгээгүй гэдэг үгийг сургуулийн жижүүрээс сонслоо. Харин Чингэлтэй дүүргийн тавдугаар бүрэн дунд сургуулиар орвол, засварын ажил 100 хувь дууссан, хүлээлгэж өгөхөд бэлэн гэнэ. Ийнхүү сургуулиуд урьд жилүүдэд хийж байсан засвараасаа шалтгаалан тухайн жилдээ засвар хийх эсэхээ шийддэг юм байна.

Боловсролын газруудын засварын талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Барилга захиалагчийн албаны дарга Б.Цэрэнгээс зарим зүйлсийг тодрууллаа.

-Намар болж, хичээлийн шинэ жил эхлэх дөхөж байхад боловсролын газруудын засварын явц ямар шатандаа байна вэ?

-Энэ жил нийтдээ 14 тэрбум төгрөгөөр 250 гаруй их дээд сургууль, мэдээлэл, сургалт үйлчилгээний төв, дунд сургууль, дотуур байр, цэцэрлэг, спорт заал, зарим нэг сувиллын газурудын засварын ажлыг хийхээр төсөвлөсөн. Их, дээд сургуулийн 20 гаруй барилга, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 27 газарт, шинжлэх ухааны 10 гаруй байгууллагад, үлдсэн нь цэцэрлэгүүдэд засвар хийж байна.  Одоогийн байдлаар засварын ажлыг зураг төсөл бүгд дууссан. Засварыг хийх гүйцэтгэгчийг шалгаруулах явц 85 орчим хувьтай байна.

-Ажлаа эхлээгүй гүйцэтгэгч компани байна уу?

-Шалгарсан компаниуд бүгд засварын ажилдаа орчихсон явж байна. Ингэх ч учиртай. Хичээл эхлэхээс аль болох эрт засварын ажлыг дуусгах ёстой.

-Засварын ажил хэдэн хувьтай байна вэ?

-Дээр дурдсан бүх газруудын засварын ажлыг базаад хэлбэл 40 орчим хувьтай байна. Үлдэж буй сарын хугацаанд засварын ажлыг дуусгах боломжтой.

-Хэзээ хүлээлгэж өгөх вэ?

-Барилгын засварын ажлыг хүлээлгэж өгөх цаад хугацаа нь наймдугаар сарын 25 бөгөөд засварын ажлыг тайлагнана. Мөн хөдөө орон нутгийн боловсролын газруудын засварын ажил хийсэнтэй нь явж танилцаж дүнгээ гаргана.

-Засварын ажлыг яаравчлуулах арга хэмжээ авч байна уу?

-Саяхан бүх аймгийн засаг дарга болон Боловсролын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт засварын ажлыг яаравчлах тухай албан бичиг явуулсан. Ер нь аймгийн Засаг дарга болон БСШУ-ны Сайдын хооронд жил бүр гэрээ хийдэг. Үүнд тухайн жилийн барилга засварын ажлыг наймдугаар сарын 25-ны дотор дуусгах тухай заасан байдаг.

-Хэрэв барилга засвар хугацаанаасаа хоцроод байвал ямар арга хэмжээ авах вэ?

-Энэ нь тухайн газрын дараа дараагийн хөрөнгө оруулалтанд муугаар нөлөөлнө. Мөн тодорхой хэмжээний хариуцлага тооцдог.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж