Олимпийн галт бамбарыг бадамлууллаа

Хуучирсан мэдээ: 2012.07.28-нд нийтлэгдсэн

Олимпийн галт бамбарыг бадамлууллаа

Хүн төрөлхтний эв нэгдэл, баяр бахдалын бэлгэдэл болсон олимпийн наадмын галт бамбарыг олимпийн цэнгэлдэхэд ёслол төгөлдөр бадамлууллаа. Эцсийн мөч хүртэл таавар хэвээр байсан олимпийн галт бамбарыг олимпийн талбарт өрсөлдөх 205 орныг бэлгэдсэн 205 ширхэг цэцгийн дэлбээг гэрэлтүүлж, тэдгээр нь агаарт хөөрөн нэгдсэнээр "Лондон-2012" зуны XXX олимпийн наадмын галт бамбар мандан бадарлаа.

Английн хөлбөмбөгийн "icon" болсон Дэвид Бэкхэм бамбарыг залсан моторт завийг жолоодож, Темза мөрнийг туулан олимпийн цэнгэлдэхэд ариун галыг хүргэж ирсэн юм. Үүний дараа Сара Стевенсон тамирчдын тангараг өргөж, олимпийн наадмын туршид чин шударгаар өрсөлдөхөө тангарлав. Улмаар дэлхий нийтийн амьсгаа даран хүлээж асан галт бамбарыг асаах ёслолыг эхлүүлсэн. Хэн, хэрхэн бамбарыг асаах тухай таавар тайлагдаж, залуу үе, залуу халааг илтгэх тамирчид олимпийн бамбарыг буухиалан асаав.

Олимпийн цэнгэлдэхэд Сэр Пол МакКартни ая дуугаа өргөж, алдарт "Hey Jude" дууг цэнгэлдэхэд цугласан 80 мянга гаруй үзэгч, тамирчин, албаны төлөөлөгчид даган дуулж, ёслолын буудлага хийснээр олимпийн нээлтийн ёслолыг өндөрлүүллээ.

Энэ цаг мөчөөс эхлэн наймдугаар сарын 12-ныг дуустал "дэлхийн нүд" Лондонг чиглэж, дэлхийн түүхэнд шинэ хуудас нээх Лондонгийн зуны олимпийн наадам албан ёсоор эхэллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж