Хатан хаан ”Лондон-2012” олимпийг албан ёсоор нээв

Хуучирсан мэдээ: 2012.07.28-нд нийтлэгдсэн

Хатан хаан ”Лондон-2012” олимпийг албан ёсоор нээв

Зуны XXX олимпийн наадмын галт бамбарыг бадамлуулах торгон мөч ойртсоор байна. Нээлтийн үйл ажиллагааны урлаг, соёлын арга хэмжээ өндөрлөж, олимпийн талбарт өрсөлдөх 204 орны баг тамирчид цэнгэлдэхэд жагсан орж ирсний дараа Лондонгийн олимпийн зохион байгуулах хорооны дарга Себатьян Кое үг хэллээ. Тэрбээр түүхэнд тэмдэглэгдэн үлдэх зуны олимпийн наадмыг нутагтаа зохион байгуулах боломж олдсон сэтгэл өндөр буйгаа илэрхийлээд, Лондонгийн олимпийн наадмыг дурсамж дурдатгал дүүрэн, амжилттай зохион байгуулахын тулд шилдэг бүхнээ зориулсан гэдгээ хэлэв. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд олимпийн наадмын бэлтгэл ажлыг хангахад багагүй хүндрэл, бэрхшээл гарч байсан тухай ч тэр хэлсэн үгэндээ дурдсан юм.

Дараа нь Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч, доктор Жак Рогге үг хэлж, олимпизмийн үзэл санааг дэлгэрүүлэх үйлст үнэтэй хувь нэмэр оруулсан Лондон хотод талархлаа илэрхийлэхийн сацуу олимпийн наадамд өрсөлдөх 10 мянга гаруй тамирчдад амжилт хүслээ.

Үүний дараа Их Британийн эрхэмсэг Хатан хаан II Элизабета Лондонгийн олимпийн наадам албан ёсоор нээснийг тунхаглав. Улмаар Олон улсын олимпийн хорооны тугийг Лондонгийн тэнгэрт мандууллаа.

Тун удахгүй олимпийн наадмын галт бамбарыг бадамлуулна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж