Боксын тэмцээний сугалаа тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.07.28-нд нийтлэгдсэн

Боксын тэмцээний сугалаа тодорлоо

“Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын боксын тэмцээн маргааш эхэлнэ. Харин өнөөдөр сугалааг тодруулах арга хэмжээ болж, саяхан өндөрлөлөө. Лондонгийн рингэнд эх орноо төлөөлөх Монголын ширэн бээлийтнүүдийн сугалааг сонирхуулъя.

Тэмцээний хамгийн хөнгөн жин болох 49 кг-ын жинд өрсөлдөх Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба эхний тойрогт хийлээд, хоёрдугаар тойрогт Энэтхэгийн Девендро Сингх Лайшрам ба Гондурасын Байрон Молино Фигуэро нарын ялсантай тоглохоор сугалаа таарчээ.

Харин 52 кг-ын жинд тоглох дэлхийн аваргын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогтын эхний учраа нь Азербайжаны боксчин Элвин Мамишзада байх нь. Ялбал дараагийн тойрогт Италийн боксчин Винчензо Пикардитай тоглох юм.

Тэгвэл, 64 кг-ын жингийн төлөөлөгч, дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ эхний тойрогт Чехийн тамирчин Зденек Хладектай тоглох бөгөөд эхний учраагаа ялбал дараагийн даваанд Морокко болон Мавритын тамирчдын ялсантай нударга зөрүүлнэ.

Харин 69 кг-ын жинд ОУХМ Б.Түвшинбат Габоны боксчин Янник Митумба Мбемитэй эхний тойрогт сугалаа таарсан байна. Ялбал дараагийн өрсөлдөгч нь Францын Алексис Вастин, Германы Патрик Вожцики нарын ялагч байх нь ээ.

Олимпийн хөтөлбөрийн дагуу боксын тэмцээн маргааш Монголын цагаар 20.30 цагт 56 ба 75 кг-ын жингийн тоглолтоор эхлэх юм. Харин Монголын ширэн бээлийтнүүдийн салхийг хагалж, ням гаригт Б.Түвшинбат олимпийн рингэнд эхний тулаанаа хийнэ. Үргэлжлүүлээд 30-нд буюу даваа гаригт Гавьяат тамирчин Н.Төгсцогт, харин 31-ний мягмар гаригт Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ нар эхний өрсөлдөгчтэйгээ тоглоно.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж