Монголын баг тамирчдын салхийг хагалж, Лондонгийн олимпийн талбарт өрсөлдсөн байт харвааны тамирчин, ОУХМ Ж.Гантөгс дөнгөж сая урьдчилсан харваан дахь 72 сумаа харваж дууслаа. Дэлхийд чансаагаараа 33 дугаарт эрэмбэлэгдээд буй тэрбээр урьдчилсан буюу чансаа тогтоох харваанд 669 оноо авснаар 19 дүгээрт бичигдэв.
Урьдчилсан харваанд нийт 64 тамирчин тус тус 72 сум тавих бөгөөд дундаа завсарлагатайгаар 36 сум харвадаг. Урьдчилсан харвааны дараагаар тамирчдыг оноогоор нь жагсааж, эрэмбэлсний дагуу нэгдүгээрт эрэмбэлэгдсэн тамирчин 64 дэх харваачтай, хоёр дахь нь 63, гурав дахь нь 62-той гэхчилэн дараагийн шатанд халз өрсөлдөх учиртай. Эхний тойргийн харваа долдугаар сарын 30-нд болох юм. 19 дүгээрт жагссан манай тамирчны тухайд эхний тойрогт 46 дугаарт бичигдсэн Энэтхэгийн Рахул Банержеетай өрсөлдөх болж байна. Эхний тойргоос эхлэн тамирчид хасагдах журмаар өрсөлдөх юм.
Урьдчилсан харваанд БНСУ-ын тамирчид илүү амжилт үзүүлж, эхний гурван байрт бичигдээд байна. Энэ төрөлд БНСУ-ын тамирчин Им Дун Хьюн нь 699 оноогоор дэлхийн дээд амжилтыг шинэчлэв.
Ийнхүү эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн чансаа тогтоох харваа болж, оноолт гарсан бол эмэгтэйчүүдийн төрлийн урьдчилсан харваа өнөөдөр 20.00 цагт эхлэх юм. Энэ төрөлд ОУХМ Б.Урантунгалаг цэц сорих билээ.