Хуучирсан мэдээ: 2012.07.27-нд нийтлэгдсэн

МАН наашиллаа, гэвч

УИХ-ын үйл ажиллагаа гацаанд ороод 10 шахам хоносны эцэст энэ долоо хоногийн ажлын сүүлийн өдөр наашлах чиг харагдаж эхэллээ.

Парламентад одоогоор 25 суудалтай хүчтэй сөрөг хүчин болох МАН-ынхан авсан суудлаа чамлаж, намын бага хурлаараа далимдуулан УИХ-ын үйл ажиллагааг гацаагаад байсан юм. МАН ялагдахаараа угаасаа ингэдэг нь гэм биш зан. Огт тугаа бөхийлгөж үзэлгүй 75 жил төр барьсан МАН-ынхан МАХН нэртэй байхдаа 1996 оны УИХ-ын сонгуулиар анх сөрөг хүчин, парламентын цөөнх болж, түүндээ цочирдон ялархаж бүтэн дөрвөн жил төр, засгийн ажлыг чөдөрлөсөн. УИХ-ын 2000 оны сонгуулиар үнэмлэхүй олонх болж 72 суудалтай дөрвөн жил засаглаад 2004 оны сонгуулиар 39 гишүнтэй болтлоо уруудаж мөн л төрийн ажлыг хоёр сар шахам гацааж тоглосон. УИХ-ын 2008 оны сонгуулиар 46 суудал авч арай дээшилсэн ч бас л санаандаа хүрээгүйд шаралхаж төр, засгийг гацаасан.

Энэ удаа 25 суудалтай болж 1996 оны байдалдаа эргэн очиж, гурван хоногийн турш бага хурлаа хийж, ходоодондоо зангираад байсан гомдлоо хэлэлцэж тайтгараад одооноос төрийн ажилд анхаарахтайгаа болжээ.

Ерөөсөө л МАН ялагдаж балбуулж сураагүй, АН ялж балбаж сураагүйгээс ийнхүү наадмаас хойш төр, засгаа шинэчлэн эмхлэх ажил саатсан гэж хэлж болно. УИХ-ын 2000 оны сонгуулиас хойш МАН хэрэг дээрээ дандаа амжилтаа бууруулж ялагдаж ирсэн. Биедээ хир халдаах дургүй эрх танхи хүүхэд шиг өөрөө унасныхаа бурууг бусад руу бухаж, зүтгэж ажиллах урианаасаа бултан зугтсаар сая л наашлах шинжтэй боллоо. МАН-ынхан.

МАН-ын шинэ дарга Ө.Энхтүвшин долоо хоногийн ажлын сүүлийн өдөр УИХ-ын дарга З.Энхболд, АН-ын дарга Н.Алтанхуяг нартай уулзаж зөвшилцөж ойлголцоно гэдгээ хэллээ.
Ө.Энхтүвшин дарга “Ойлголцох ёстой, зөвшилцөх ёстой, өөр яах юм. Ард түмний сонголт угаасаа ийм байгаа . Аль ч улс төрийн хүчин УИХ-д олонхи болж чадаагүй. Ардчилсан нам 31 суудалтай, МАН 27 суудалтай, хоёрынх нь тангаргыг өргүүлэхгүй байна. Эвслийн хувьд 11 суудалтай байна гэдэг чинь аль нь ч олонхи болоогүй гэсэн үг. Ийм тохиолдолд хоорондоо зөвшилц, ойлголц, тэгээд төрийн ажлаа хий гэдгийг ард түмэн сонголтоороо хэлчихээд байна шүү дээ. Энэ сонголтыг л хүндэтгээд өг, энэ байр суурин дээр бид байх болно. Тэгэхдээ бүх зүйл хуулийн дагуу байх ёстой. Ойлголцож чадна гэж бодож байна” гэжээ. Үндсэн хуулийн Цэцэд УИХ-ын даргыг хууль бусаар сонголоо гэсэн үндэслэлээр гаргасан маргааныхаа хариуг хүлээлгүй УИХ-ын үйл ажиллагаанд оролцоно гэдгээ хэллээ.

Ингээд ирэх долоо хоногоос УИХ-ын үйл ажиллагаа цэгцэрч төр гацаанаас гарах шинжтэй болж байна. Гэхдээ маргаантай асуудал үүгээр зогсохгүй. МАН-ын зүгээс УИХ-ын даргыг хууль бусаар сонголоо гэсэн шантажаа үргэлжлүүлнэ. Цэцэд хандсан гэдгээрээ түрнэ. Өвөрхангайн хоёр гишүүний бүрэн эрхийг баталгаажуул гэсэн шаардлагаа тавина.

Гэхдээ эргээд барьцаалагдах нэг шалтгаан МАН-д бий. УИХ-ын даргыг сонгосноос хойш 24 цагийн дотор УИХ дахь намын бүлгээ байгуулах хуулийн заалтыг МАН-ынхан зөрчсөн. Үүнийгээ 24 цагийн дотор Цэцэд хандсан гэсэн шалтгаанаар цайруулахыг оролдож буй. Гэхдээ УИХ-ын даргыг хууль бусаар сонгосон гэдэг асуудлаар Цэц дээр унавал МАН-ын гишүүд бүлэггүй хоцорно. Тийм тохиолдолд зөвлөл гэдгийг байгуулахаас аргагүй. Гэхдээ УИХ-ын шийдвэрүүдийг бүлгээр дамжуулж хэрэгжүүлдэг журамтай тул зөвлөл нэрийн дор 25 сул гишүүн хоцорно. Ажлын албаны ажилтнуудын төрөөс цалин пүнлүү авах эсэх эргэлзээтэй болно. Нэгэнт бүлэггүй тул МАН-аас УИХ-д дэд даргатай байх асуудал ч эргэлзээтэй.

МАН-аас бусад парламентад суудалтай нам, эвсэл, бие даагчид байнгын хороодоо байгуулаад явъя гэхээр тангараг өргөсөн 69 гишүүний 25 нь оролцохгүй болохоор байнгын хороод байгуулах гишүүдийн тоо дутна. Нэг гишүүн хоёр л байнгын хороонд сонгогдоно гэхээр гурваас дөрвөн байнгын хороо байгуулаад л энэ УИХ-ын нөөц шавхагдана. Дахиад байгуулах гурав дөрвөн байнгын хороо эзгүйднэ.

Зугтсан МАН наашилсан ч энэ мэт эргэлзээтэй асуудлууд ирэх долоо хоногт УИХ-ын хүрээнд үүссээр л байх бололтой.

Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж