![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/a3811db0797942ac/2ce9e20d76907d18original.jpg)
УИХ-ын дарга З.Энхболд Санхүүгийн Зохицуулах Хорооны удирдлагуудтай уулзаж хорооны эрхлэх ажлын хүрээнд тулгамдаж байгаа асуудлуудын талаар ярилцлаа. СЗХ байгуулагдсанаас хойш шинээр батлагдаж байгаа хуулиудтай холбогдуулан ажил үүрэг нь жил ирэх тусам нэмэгдэж байгаа юм.
Тус хорооноос хуулийн хэрэгжилтийг хангахад анхаарал тавин ажиллаж байна хэмээн СЗХ-ны дарга Д.Баярсайхан мэдээлэв. Тухайлбал, Инновацийн хууль, Зээлийн батлан даалтын тухай, Жолоочийн даатгалын тухай, Банкны тухай, Компаний тухай, Хадгаламж зээлийн хоршооны тухай болон Хөдөө аж ахуйн биржийн тухай хуулиудын хэрэгжилтийг хангахад анхаарч байна. Ялангуяа жолоочийн хариуцлагын даатгалтай холбогдуулан зохион байгуулах ажлууд их байна. Өнөөдрийн байдлаар 174,000 автомашины даатгалын гэрээг байгуулаад байгаа аж.
Эдийн засгийн хурдацтай өсөлтийн үед санхүүгийн тогтвортой байдлыг хангахад банкны салбараас гадна үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага байгаа билээ. Энэ хүрээнд үнэт цаасны эрх зүйн болон арилжааны дэд бүтцийг сайжруулахаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа юм байна. Энэ хүрээнд үнэт цаасны арилжаа, хадгаламж, төлбөр тооцоо, хяналтын цогц системийг нэвтрүүлжээ. Одоо УИХ-д өргөн бариад байгаа Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдвал олон улсын түвшинд гэрээ хэлцэл хийх боломж бүрдэх юм. Мөн СЗХ-ны статусыг өөрчлөн зохицуулдаг, хянадаг чиг үүргийг салгах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхиийллээ. Уулзалтын үеэр СЗХ-ны удирдлагын зүгээс Санхүүгийн мэргэжлийн сургалтын төвийг байгуулах асуудлыг шийдэж өгөх хүсэлт тавьлаа хэмээн УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.