Владимир Кличко олимпийн нээлтэд уригджээ

Хуучирсан мэдээ: 2012.07.27-нд нийтлэгдсэн

Владимир Кличко олимпийн нээлтэд уригджээ


Украйнийн мэргэжлийн бокчин,  хүнд жингийн дэлхийн аварга Владимир Кличко “Лондон 2012” олимпийн наадмын нээлтийн ёслолд уригджээ. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард олимпийн алтан медалиа дуудлага худалдаагаар худалдаалж, шуугиан тарьж байсан юм. В.Кличко 16 жилийн өмнө Атланта хотод болсон олимпийн наадамд сонирхогчдын боксын хүнд жингийн төрөлд алтан медалийн эзэн болсон билээ.

Владимир Кличко саяхан CNN-д өгсөн ярилцлагадаа “Тэр жил миний амьдралын оргил үе байсан. Украйн улсын хувьд ч бие даасан улс болсноос хойш анх удаа олимпод оролцсон жил байсан юм. Бид медалийнхаа тоогоор дэлхийн улс орнуудаас есдүгээрт бичигдэж, топ 10-т шалгарсан нь тамирчдын хувьд том амжилт байсан” хэмээн хамгийн их амжилт гаргасан олимпийн наадмын тухай дурсан ярьсан байна. В.Кличко Атлантын олимпийн бахархал болсон алтан медалиа дуудлага худалдаагаар нэг сая ам.доллараар зарж, “Ах дүү Кличкогийн буяны сан”-д хандивласан байдаг. Ах дүү Кличкогийн сан  нь спортод элэгтэй хүүхэд залуусыг дэмжиж, сургадаг аж. Украйны ах дүү хоёр боксчин Виталий Кличко, Владимир Кличко сүүлийн таван жил хүнд жингийн дэлхийн аваргын  рингийг  эзэгнэж байгаа билээ.  В.Кличко сүүлд өнгөрсөн жил Их Британийн хүнд жингийн дэлхийн аварга Дэвид Хейг ялсан юм. Харин Хей дээрх ялагдлын дараа зодог тайлсан билээ.

Н.Энх  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж