Их Британийн инээдмийн жүжигчин Рассел Брэнд өнгөрсөн гуравдугаар сарын 12-нд гудамжаар явж байхдаа зургийг нь дарсан хүний “iPhone” утсыг айлын цонх руу шидэж, танхайран тухайн үедээ шуугианы эзэн болж байлаа. Тэгвэл түүний энэ хэрэгт Нью-Орлеан хотын шүүхээс 20 цаг олон нийтийн ажил хийж, 500 ам.долларын торгууль төлөх шийтгэл оноосон байна. Тэрбээр олон нийтийн ажил хийх болсноор шоронд хоригдох ялаас мултарч чадсан аж. Өдгөө 37 настай жүжигчин Рассел Брэнд шүүхээс оноосон олон нийтийн ажил хийх шийтгэлийг хүлээн зөвшөөрчээ.
Тэрбээр шүүхийн шийдвэрийг наймдугаар сарын 31 хүртэлх хугацаанд Англи эсвэл Калифорнийн аль ч халамжийн газарт хийж болох гэнэ. Шүүхээс иргэнд 500 ам.доллараас бага хохирол учруулсан иймэрхүү энгийн хэрэгт 500 ам.долларын торгууль ноогдуулах, эсвэл зургаан сар хүртэлх хугацаагаар шоронд хорих ял оноодог байна. Өмнө нь 2010 онд жүжигчин Рассел Брэнд Лос-Анжелесийн нисэх онгоцны буудал дээр папарацци руу дайрсны улмаас баривчлагдаж байжээ.
Б.Анхтуяа