“Samsung Electronics” дээд амжилт тогтоов

Хуучирсан мэдээ: 2012.07.27-нд нийтлэгдсэн

“Samsung Electronics” дээд амжилт тогтоов

Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани 2012 оны хоёрдугаар улиралд 5.19 триллион вон буюу 4.53 тэрбум ам.долларын цэвэр ашиг олжээ. Ашгийн дийлэнхийг ухаалаг гар утасны борлуулалт эзэлсэн байна. Дэлхийн хамгийн том технологийн компани болох “Samsung Electronics”-ийн албаны хүмүүс өнөөдөр санхүүгийн тайлангаа танилцуулж, “Бид өнгөрсөн дөрөвдүгээр сараас зургадугаар сарын хооронд 6.72 триллион воны ашиг олж, дээд амжилт тогтоолоо” хэмээн мэдэгджээ. Компанийн цэвэр ашгийн 48 хувь нь жилийн эхэнд олсон орлогоос бүрэлдсэн бөгөөд үйл ажиллагааны орлого 79 хувиар нэмэгдсэн байна. Үүний  50 гаруй хувийг ухаалаг гар утасны борлуулалтаас олсон орлого эзэлжээ. Харин тэд энэхүү амжилтаа ухаалаг гар утасны хэрэгцээ, шаардлага нэмэгдэж, маш нимгэн  дэлгэцтэй ухаалаг гар утасны борлуулалт сайн байсантай холбон тайлбарласан байна.

“Samsung” корпорацийн  нийт орлого 21 хувиар өсч, 47.59 триллион вонд хүрсэн байна. Үүний дөрөвний нэг нь технологийн компанийн олсон орлогоос бүрджээ. “Samsung” корпораци сүүлийн үед үүсээд буй  бизнесийн хүнд хэцүү нөхцөл байдлыг  даван туулахын тулд бүтээгдэхүүнүүдээ өрсөлдөх чадвараар нь ялгах арга хэмжээ авсан байна. Шинжээчид жилийн сүүлийн хагаст  “Samsung” корпорацийн ашиг, орлого  илүү ихээр нэмэгдэнэ гэж найдаж  байгаа аж. Тус компани жилийн ирэх гуравдугаар хагаст “Galaxy S III” ухаалаг гар утасны борлуулалтын тусламжтайгаар  4.8 триллион воны ашиг олно хэмээн найдаж байгаа гэнэ. 

“Samsung Electronics” компани хоёр сарын өмнөөс “Galaxy S III” смартфоноо худалдаанд гаргасан билээ. Түүнээс хойш нийт 10 гаруй сая ширхэг “Galaxy S III” смартфон худалдаалсан байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж