Ө.Энхтүвшин: Ойлголцох ёстой, зөвшилцөх ёстой

Хуучирсан мэдээ: 2012.07.27-нд нийтлэгдсэн

Ө.Энхтүвшин: Ойлголцох ёстой, зөвшилцөх ёстой

УИХ-ын дарга З.Энхболдтой МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар уулзаж, УИХ-ын үйл ажиллагааг хэрхэн гацаанаас гаргах талаар санал солилцлоо. МАН-ын зүгээс УИХ-ын даргад хэд, хэдэн хүсэлт тавьсны дотор нэгдүгээрт, УИХ-ын үйл ажиллагаа эхнээсээ хууль зүйн дагуу үргэлжлэх ёстой, энэ ч үүднээс алдаагаа засах. Хоёрдугаарт, УИХ-ын сонгуулийн аравдугаар тойрог буюу Өвөрхангайд гарсан маргааныг шүүхээр цаг алдалгүй шийдвэрлэж тус тойрогт нэр дэвшсэн Ш.Төмөрхүү, С.Чинзориг нарын тангаргыг өргүүлэх шаардлагатай байна хэмээжээ. Уулзалтаа өндөрлүүлснийх нь дараа МАН-ын дарга Ө.Энхтүвшингээс сэтгүүлчид дараах асуултад хариулт авсан юм.

-УИХ-ын даргатай та бүхэн уулзлаа. Зөвшилцөж ойлголцолд хүрч чадав уу. Яг ямар асуудлыг танай нам тавиад байна вэ?

-МАН-ын хувьд төрийн ажлыг гацаах ёсгүй, хуулийн дагуу ажил явах ёстой гэдгийг албан бичгээр хэд, хэдэн удаа Ардчилсан намд илэрхийлсэн байсан.  Тэр хүрээндээ Д.Дэмбэрэл гишүүн  “Лхагва гаригт УИХ-ын чуулганы анхдугаар хуралдааныг хийе” гээд шийдвэрээ гаргачихсан байсан. МАН-ын хувьд Ардчилсан намаас ирүүлсэн УИХ-ын даргыг томилох зөвшилцлийн бичигт “Хуралдаа оръё, УИХ-ын даргыг сонгоё, байнгын хороодоо байгуулъя, бүлгээ байгуулъя” гэж маш тодорхой илэрхийлж хүргүүлсэн байсан.  Гэтэл Ардчилсан намынхан МАН-ын бүлгийг хүлээлгүйгээр мямар гаригт нь УИХ-ын даргыг сонгоод пижигнээд явчихсан. Энэ нь зөвшилцөх процесс зөрчигдөж хууль зөрчөөд зогсоогүй хуралдааныг насаар хамгийн ахмад нь даргална гэж заасан хуулийн заалтыг  зөрчсөн. Д.Дэмбэрэл дарга байсаар байтал Л.Цог гэдэг хүнээр чуулганы анхдугаар хуралдааныг удирдуулчихсан. Ийм учраас УИХ анхнаасаа хууль зөрчөөд эхэлчихлээ. Цаашдаа УИХ-ын ажил маань хүнд болох нь, ойлголцол байхгүйгээр явах нь гэж хэллээ. Мөн бид Бага хурал дууслаа бид бичгээ өгнө, хуралд орно. Гагцхүү бүх зүйл хууль зүйн дагуу байна шүү гэдэг байр сууриа дахиад илэрхийллээ.

-Тэгэхээр УИХ-ын даргыг сонгосон асуудал нь хууль зөрчсөн тул дахиад анхдугаар чуулганыг зарлана гэсэн үг үү?

-Ойлголцох ёстой, зөвшилцөх ёстой, өөр яах юм. Ард түмний сонголт чинь угаасаа ийм байгаа шүү дээ. Аль ч улстөрийн хүчин УИХ-д олонхи болж чадаагүй. Ардчилсан нам 31 суудалтай, МАН 27 суудалтай, хоёрынх нь тангаргыг өргүүлэхгүй байна. Эвслийн хувьд 11 суудалтай байна гэдэг чинь аль нь ч олонхи болоогүй гэсэн үг. Ийм тохиолдолд хоорондоо зөвшилц, ойлголц, тэгээд төрийн ажлаа хий гэдгийг ард түмэн сонголтоороо хэлчихээд байна шүү дээ. Энэ сонголтыг л хүндэтгээд өг, энэ байр суурин дээр бид байх болно. Тэгэхдээ бүх зүйл хуулийн дагуу байх ёстой. Ойлголцож чадна аа гэж бодож байна.

-Дахин асуухад УИХ-ын даргыг томилох ажиллагааг дахиад явуулна гэсэн үг үү?

-Мэдэхгүй ээ, энэ асуудлыг ярьж байна. Наана нь бушуухан шиг ойлголцоод явах боломж байна уу гэж л санал солилцлоо. Ямар ч байсан хоёр талаасаа ажлын хэсэг гаргаад ажиллуулъя гэж шийдлээ.

-Гэхдээ УИХ, Засгийн газрыг байгуулахад танай нам идэвхигүй оролцоод байгаа юм биш үү, аль болох саад тээг тавих замаар цаг хожоод?

-Хамгийн их санаачлага гаргах ёстой нь, олонхи болсон тэр хүчин. Олонхи болж чадаагүй бол хамгийн олон суудал авсан нь санаачлага гаргах ёстой, хуулиараа. МАН-ын хувьд асуудалд санаачлагатай хандаж байгаа. Хуулиа бид мэдэж байгаа үүнийг хуулийн дагуу явуулъя л гээд байгаа болохоос биш. Та бүхэн яагаад заавал манай намынхныг буруутай юм шиг яриад байгаа юм бэ. Хуулийн бичгийг авахад хэдхэн цаг л байсан, бид бичгээ бэлтгэчихсэн байсан. Нөхцөл байдал ийм байхад Ардчилсан намынхан хүлээлгүйгээр олонхийг бүрдүүлчихлээ гээд Л.Цог гэдэг хүнээр удирдуулаад явчихаж байгаа нь өөрөө хууль зөрчиж байна. Энэ бол нэг удаагийнхаа үйлдлээр хязгаарлаж байгаа. Дараа дараагийн УИХ-ын үйл ажиллагаа үргэлжлэхэд их хүнд болно, энэ даргыг хүлээн зөвшөөрөхөд хүнд болно. Энэ хооронд гарсан шийдвэрийг хүчин төгөлдөр гэж хэлэхэд хүнд болно. Тийм учраас дараа дараагийн ажлуудаа бид хараад байна.

-Хуулиараа танай нам бүлэг байгуулах боломжгүй болчихоод байх шиг байна?

-Тийм асуудал байхгүй.

-УИХ-ын дарга томилогдонгуут 24 цагийн дотор багтаад нам бүлэг байгуулах хүсэлтээ гаргах ёстой байсан шүү дээ?

-Бид 24 цагийн дотор багтаад Үндсэн хуулийн цэцэд хандчихсан байгаа.

-Энэ асуудлыг Үндсэн хуулийн маргаан биш гэж зарим хуульчид мэдэгдэх болсон?

-Тэрийг мэдэхгүй, шийдвэр гаргадаг газар нь шийдвэрээ гаргаад хариу өгөх байх.

-УИХ-ын даргад та бүхэн хэд, хэдэн хүсэлт тавьсан гэж байна, ямар хариу өгөв?

-Бидний хувьд Өвөрхангайн хоёр мандатын асуудлыг шийдвэрлэж, шүүх хуралдааныг түргэвчлүүлж хоёр хүний тангаргийг хурдан өргүүлэх хэрэгтэй байна. УИХ-ын даргаар та албан ёсоор сонгогдох юм бол  энэн дээр онцгой анхаарал тавиач ээ гэдэг асуудлыг тавилаа. Архангай, Өвөрхангай, Хэнтий аймаг, Улаанбаатар хотын Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт санал тооллогыг гараар явуулъя, энийг даруйхан хийх талаас анхаарах хэрэгтэй байна гэдэг дээр санал нэгдлээ. З.Энхболд дарга зөв гэж үзэж байгаа юм байна. Ийм гурван зүйл дээр ярилцлаа. Хоёр талаас ажлын хэсгээ гаргая, ажлын хэсэг ажиллая гэж тохирлоо.

-Танай намынхан Үндсэн хуульд хандсан гол шалтгаан юу вэ?

-Хууль дээдлэх зарчмаар Үндсэн хуулийн цэцэд хандсан.

-Цэцийн дүгнэлт гартал МАН-ын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй гэж ойлгож болох уу?

-Ажлын хэсгүүд маань гараад ажиллаж байна, түргэхэн ойлголцчихвол Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээх ч албагүй л дээ.

-Бүлэг байгуулах эрх нээлттэй гэдэг нь ямар хуулийг үндэслэж та бүхэн ийм итгэлтэй хэлээд байна вэ?

-Хууль бусаар УИХ-ын дарга сонгогдсон гэж үзээд хугацаандаа амжиж Цэцэд хандсан.

-Автомат машины тооллогын дүнд итгэхгүй заавал гар аргаар тооллого хийх гээд байгаагийн шалтгаан юу вэ?

-Хяналтын тооллого хийгээд автомат машины уншиж гаргасан дүнтэй мөргөж байвал санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрье. Маргаад мэтгэлцээд байгаа нь олон нийтэд мэдэгдэл хийг, эргэлзээгээ тайлаг. Дараа дараагийн сонгууль байна, Ерөнхийлөгчийн сонгууль гээд тэр бүгдэд автомат машиныг хэрэглээд явна шүү дээ. Эргэлзээтэй байвал сонгуулийнхаа дүнг хүлээн зөвшөөрч чадахгүй байдалд орно. Энэ талаасаа бид асуудал тавиад байгаа.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж