Уулзалтын үеэр Комиссын гишүүн Ж.Дашдорж байгууллагынхаа үйл ажиллагааны талаар товч танилцуулав.
Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс байгуулагдаад 12 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хуулиар хүлээсэн үндсэн 3 чиг үүргийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээг бусад хууль тогтоомжид заасан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавих, хүний эрхийг хамгаалах, хүний эрхийг хөхиүлэн дэмжих үйл ажиллагааг явуулдаг. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын тухай илтгэлийг жил бүр УИХ-д өргөн барьж, их хурал зохих бүтцээрээ хэлэлцэн шийдвэр гаргадаг. Иймд комиссын хамгийн гол үйл ажиллагаа бол энэхүү жил бүр бичигддэг илтгэл гэдгийг Ж.Дашдорж гишүүн онцолсон юм. ХЭҮК нийтдээ 11 илтгэл бичсэн байна. 2010 онд хийсэн үйл ажиллагааны 11 дэхь илтгэл буюу хамгийн сүүлчийн илтгэлийг УИХ-ын зохих бүтцээр хэлэлцээд эцсийн шийдвэр гаралгүй завсарласан байгаа тул илтгэлийг шуурхай хэлэлцэх асуудлыг УИХ анхааралдаа авч зохих шийдвэрийг гарган биелэлтийг хангахад хамтран ажиллана гэдэгт найдаж байгааг тэрээр дуулгалаа.
ХЭҮК-ын тухай хууль батлагдаад 11 жил болсон ч үндсэндээ өөрчлөлт ороогүй. Өнгөрсөн жил хуулинд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн баригдсан ч их хурлаар эцэслэн шийдэгдээгүй байгааг мөн тэрээр хэллээ. Энэ хуулийн төсөлд ХЭҮК-ийн гишүүдийн тоог 5 болгохоор тусгажээ. Ингэснээр Хүүхдийн төлөө үндэсний төв, Жендэрийн үндэсний хороо тус тус нэг хүн дэвшүүлж эмэгтэйчүүд, хүүхдийн талаар дагнаж ажиллахаар зохицуулагдах юм байна. Хууль санаачлагчдын дунд ХЭҮК-ийг өөрчлөх талаар янз бүрийн байр суурь байдаг. Ардчилал хөгжсөн хүний эрхийг дээдэлдэг улс оронд байдаг төрийн бие даасан хараат бус байгууллага бол ХЭҮК. Иймд комиссыг өөрчлөх бус улам өргөтгөж баталгаажуулах нь хүний эрхийн тулгамдсан асуудал гэдгийг мөн тэрээр тэмдэглэсэн.
Эрх нь зөрчигдсөн иргэдийн гомдлыг шийдвэрлэж байгаагийн дийлэнх нь хуулийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлууд байдаг гэлээ.
Мөрдөн байцаалтыг камержуулах асуудал ямар шатанд байгаа талаар УИХ-ын дарга тодруулсан юм. Хөрөнгө мөнгө шийдэгдээгүй учир хэрэгжилт муутай байгаа. Харин 461 буюу ганцхудагт камерын систем бүрэн тавигдсан. Бусад зарим газруудад камер эхнээсээ тавьж эхэлсэн. 11 дэхь илтгэл дээр хэдэн аймгийн камер ажиллаад хэд нь ажиллахгүй байгаа талаарх дүнг улсын хэмжээнд гаргасан байгаа. Мөн камерын системээс гадна цагдан хорих төвүүд дээр мөрдөн байцаалтын ажиллагааг авах аудио системийн талаар ярьж байна. Энэ нь байцаагчийн ажлыг хөнгөвчлөх юм. Камерын систем нь нэг талаар ажилтан албан хаагчдын аюулгүй байдал, нөгөө талаас тэнд хоригдож байгаа сэжигтэн яллагдагч, ялтнуудын үйл ажиллагаатай холбоотой зүйлийг бичиж тодорхой хугацаанд хадгалж баримтжуулах, урьдчилан сэргийлэх үүднээс хийгдэж ажиллагаа гэдгийг Комиссын гишүүн П.Оюунчимэг танилцууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.