Зүүн бүсийн хурдан морьдын уралдааны шүдлэн барианы зурхайд орж ирээд байна. 488 хурдан үрээ шандас шалгаснаас Сүхбаатар аймгийн Дарьганга сумын ААУяач Гүрдагвын Нямцэрэнгийн хар үрээ түрүү магнайд хурдаллаа. Хар үрээ нь өнгөрсөн жил Дорноговь аймгийн 80 жил, зүүн бүсийн даншигт сөнгө даага айргийн таваар хурдалж байсан ба өнөө жилийн хувьд Сүхбаатар аймгийн аварга хүлгийн уралдаан, мөн сумандаа түрүүлж, Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд давхар уяагаар дахин түрүүлчихээд төрийн наадамдаа тоосоо өргөн аман хүзүүдсэн. Удам угшлын хувьд эх тал нь Дарьгангын "сонин" Пүрвээгийн далиу ногооны угшилтай бол эцэг тал нь Дарьгангын Гомбын Одсүрэнгийн зээрд азарганы угшилтай. Харин аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат Аюушжавын шарга хурдалсан бол айргийн гуравт Ховд аймгийн Чандмань сумын харьяат Ерөөлтийн хүрэн үрээ хурдалжээ. Харин айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Баттулгын хээр хурдалсан бол айргийн тавд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Б.Чулуунбаатарын зээрд тус тус хурдалжээ.
ЭХ СУРВАЛЖ: WWW.TODMAGNAI.MN