Тунгалаг төрийн утасны дугаар 11-11, залгаарай

Хуучирсан мэдээ: 2012.07.27-нд нийтлэгдсэн

Тунгалаг төрийн утасны дугаар 11-11, залгаарай

УИХ-ын гишүүн, АН-ын дарга Н.Алтанхуяг өнөөдрийн морин цаг эхэлмэгц буюу 11.40 цагаас Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгох маршрутаар сэтгүүлчидтэй аяллаа. Удахгүй хамтарсан Засгийн газар байгуулмагц Төрийн ордны Чингисийн цогцолбор байрладаг өмнөд хэсгийг иргэдэд нээлттэй болгохоор төлөвлөжээ.

Иргэд Чингисийн хөшөөт цогцолборыг сонирхож, гуравдугаар давхарт байрлах Төрийн есөн хөлт цагаан сүлдэнд мөргөж, төрийн одон, медаль гардуулдаг ёслолын танхимаар зочилж, Чингисийн хүндэтгэлийн цогцолбортой танилцаад Парламентын түүхийн музейг үзээд гардаг болох ажээ.

Дунд сургуулийн нэг ангийн төгсөгчид, хуримлаж буй залуу хосууд, төрөл садан, найз нөхдөөрөө, аав ээж, үр хүүхдээ дагуулан Төрийн ордны өмнөд хэсгээр чөлөөтэй орж сонирхдог болох цаг удахгүй бололтой.

Аялал Сүхбаатарын талбай тийш харсан Чингис хааны хөшөөний өмнөөс эхэллээ. Талбайгаас шатаар өгсч Чингисийн хөшөөний дэргэд очоод, тэндээс иргэдийн Төрийн ордонтой танилцах аялал эхэлж байх юм байна. АН-ын дарга Н.Алтанхуяг Засгийн газраа байгуулмагц иргэдийг Төрийн ордны өмнө хэсэгт чөлөөтэй нэвтрүүлж төрт ёсны уламжлалтай танилцуулж байх болсноо мэдэгдээд дотогш орлоо. Сэтгүүлчдийн жимийг нь нээсэн иргэдийн чөлөөт аяллын анхны хөтөч нь Н.Алтанхуяг дарга болсон юм.

Эхлээд Чингисийн цогцолборын гуравдугаар давхарт гарч Төрийн есөн хөлт цагаан тугийг хараад доош бууж Парламентын музейг үзэж сонирхлоо. Харамсалтай нь Парламентын түүхийн музей байрладаг хэсгийн дээврээс борооны ус гоожиж үзмэрүүдээ хураасан байлаа.

Төрийн ордны өргөтгөл буюу Чингисийн хөшөөт цогцолборыг Их Монгол Улсын 800 жилийн ойд зориулан 2005 оноос байгуулж 2008 оны үед ашиглалтад оруулсан. Гэвч ашиглалтад ороод дөрөвхөн жил болж буй өргөтгөлийн хэсгийн дээврээс ус гоожиж музейн үзмэрүүдэд аюул учруулж эхэлсэн байна. Дөрвөн жил дараалан дээвэрт засвар оруулсан ч нэмэр болоогүй гэнэ.

Их эзэн Чингис хааны хөшөө, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын бүрэлдэхүүн хэсэг болох Парламентын буюу Монгол төрийн түүхийн музейг байгуулахаар 2005 онд Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэж 2012 оны нэгдүгээр сарын 11-нд албан ёсоор нээжээ.

Энэ музей Парламентын түүхэн хөгжлийн танхим, шүүх засаглалын түүхэн хөгжлийн танхим, төр ёсны түүхэн уламжлалын танхим, гүйцэтгэх засаглалын түүхэн хөгжлийн танхим гэсэн байнгын дөрвөн танхим, хурлын болон түр үзэсгэлэнгийн танхимуудтай юм.

Эдгээр танхимд Монголын төрт ёсны 2200 жилийн түүхийг хураангуйлан багтаажээ. Бөртэ Чоноос эхлээд Чингис хаан, түүний алтан ургийнхны ургийн бичгийг ХХ зууны эхэн үе хүртэл тасралтгүй үелэн тогтоосон Монгол хаадын алтан ургийн цахим үзмэр, ХIII зууны үеийн Монголын эзэнт гүрний хаадын зоосноос эхлээд Юань гүрний Хубилай хааны алдарт цаасан мөнгө, БНМАУ-ын үеийн зоосон мөнгө, одоогийн мөнгөн дэвсгэртүүд хүртэлх Монгол төрийн мөнгөн тэмдэгтүүдийн үзмэр, үе үеийн Монголын төрийн бэлгэдэл гээд үзэж харах зүйл уг музейд арвин байдаг юм байна. Монгол төрийн гал голомтын бэлгэдэл ган тулга, Монгол цэргийн хараа ихт догшин хар сүлд гээд бусад үзмэрүүд, Улсын Бага Хурал, үе үеийн УИХ-ын гишүүдийн зураг хөрөг, УИХ-ын дарга нарын түрүү үед хэрэглэж байсан модон алх, сууж байсан сэнтий зэргийг байрлуулжээ.

Музейн ажилтан Б.Зоригтын танилцуулснаар эртний үеийн түүхийн дурсгалууд, Чингис хаан, түүний хөвгүүдийн нэртэй алт, мөнгө, хүрэл зоос зэрэг нандин үзмэрүүд бий аж.

Н.Алтанхуяг дарга иргэд Төрийн ордонтой танилцах нь хууль, эрх зүйн хувьд бүрэн боломжтой. Гэхдээ төр, засгийн аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалалтын дундуур явах ёстойг хэлж байв. Тэрбээр сэтгүүлчдэд хэлэхдээ “Иргэд эзэн Чингисийн хөшөөний дэргэд зургаа авахуулаад Төрийн ордонд нэвтэрч улсын баяр наадмаар л төв цэнгэлдэхэд барааг нь хардаг Есөн хөлт цагаан тугны дэргэд очсоны дараа Төрийн түүхийнхээ музейг үздэг байх учиртай” гэлээ. Энэ нь тунгалаг төртэй байхын эхний алхам гэсэн юм. Дараагийн төлөвлөж буй алхам нь Засгийн газар иргэдтэйгээ шууд харилцдаг тусгай утастай байх ёстой гэлээ.  Засгийн газар 11-11 гэдэг утсыг иргэддээ нээлттэй ажиллуулахаар төлөвлөжээ. Ямар ч асуудлаар иргэд Засгийн газарт нээлттэй хандаж, шүүмжилж болох юм байна. Энэ мэт төлөвлөж буй ажил асар олон байгааг хэллээ.

“Үүнд хэдэн тэрбумаар мөнгө гаргаад байх шаардлагагүй. Сэтгэл зүрх л байх хэрэгтэй. Засгийн газар шийдвэр гаргаад маргааш ч гэсэн хаалтыг авч иргэдийг нэвтрүүлэх боломж байгаа. Жижигхэн саад байгаа нь дээврээс гоожиж байгаа ус. Түүнийг засах нь асуудал биш. Ингээд нээлттэй, ил тод засгийн ажил эхэлнэ. Дээврийг 2008 оноос хойш дөрвөн жил зассан юм байна. Олигтой мөнгө гаргалгүй хоёрын хооронд урсгал маягийн засвар хийсэн бололтой. Одоо 200 гаруй сая төгрөг гаргачихвал дээврээ бүрэн засах юм байна. Түүнийг шийдэж болно. Түүнийг заавал шинэ засгийг хүлээлгүй одоогийн Засгийн газар ч хийж болно. Ямар ганц АН-ын ажил биш. Цаашдаа Иргэдийг хүлээж авах төвийг өөрчилнө. Хуучин шар тавилгуудыг сольж шилэн тавилга тавина. Цаад талд нь зургаа, долоон хүн сууж иргэдийг хүлээж авна. Утсаар иргэдийн санал бодлыг авна. Иргэд 11-11 дугаарын  утас руу залгаад хэлэх гэсэн болгоноо хэлж болно” гэлээ. Үүгээр өнөөдрийн аялал өндөрлөв.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж