Залуучуудын ААШТ-ий сугалаа тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.07.27-нд нийтлэгдсэн

Залуучуудын ААШТ-ий сугалаа тодорлоо

Дэлхий тэр чигээрээ олимпоор амьсгалж байх энэ үед манай улсад болох нэгэн чухал тэмцээний сугалаа өнөөдөр боллоо. Энэ бол 18 хүртэлх насны залуучуудын Азийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн юм. Уг нэр хүндтэй тэмцээнийг манай улс анх удаа эх орондоо зохион байгуулж байна. Азийн зургаан бүсийн төлөөлөл болсон шилдэг 16 багийн залуучууд талын Монголд цугларч сагсан бөмбөгөөр өрсөлдөнө. Ирэх сарын 17-26-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод тэмцээний сугалааг сонирхуулъя.

“А” хэсгийг Хятадын баг тэргүүлэх болов. Учир нь, тус улсын баг 2010 онд Йеменд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртэж байсан юм. Тэдэнтэй хамт Хонконг, Ливан, Энэтхэгийн баг нэг хэсэгт оржээ.

Тэгвэл “В” хэсгийг мөнгөн медальт Солонгосын баг тэргүүлсэн бөгөөд тэдэнтэй Япон, Сингапур, Сирийн баг багтлаа.

“С” хэсгийг Азийн аваргын хүрэл медальт Тайванийн баг тэргүүлэв. Энэ хэсэгт Индонез, Бахрайн, мөн зохион байгуулагч орон болох Монгол Улсын шигшээ орлоо. Манай улсын хувьд зохион байгуулагч гэдгээрээ давуу эрх эдэлж, сугалаанд оролцолгүй аль хэсэгт орохоо сонгосон юм.

Харин сүүлчийн буюу “D” хэсгийг Иран ахалж байна. Тэд 2010 онд хүрэл медалийн төлөө тоглоод хожигдож байжээ. Тэдэнтэй Казахстан, Филиппин, Саудын Арабын баг нэг хэсэгт өрсөлдөнө.

Зохион байгуулагчид энэ хэсгийг “үхлийн” хэмээн тодотголоо. Яагаад гэвэл, эн тэнцүү өрсөлдөөнийг үзүүлж чадахуйц дөрвөн баг нэг хэсэгт таарав. Манай улсын хувьд хэсгээсээ хоёроор гарах зорилго тавьж байгаа юм. 22 дахь удаагийн тэмцээнд өрсөлдөх Монголын багийн сонгон шалгаруулалтад нийт 36 тамирчин оролцож 14-ийг нь шалгаруулаад байгаа аж. Одоогоор манай тамирчид Бээжин хотод тэмцээнд оролцож байна. Энэ талаар Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргилоос тодруулахад “Манай улсын шигшээ баг тодорсон. Удахгүй албан ёсоор танилцуулна. 14 хүний бүрэлдэхүүнтэй” гэсэн юм.

Т.МАША


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж