Уулзалтын үеэр Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам байгууллагынхаа үйл ажиллагааны талаар танилцууллаа. Тус байгууллага 15 ажилтантай, хуулиар заагдсан орон тооны бус 4 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Орон тооны бус гишүүдэд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Дээд шүүхийн шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга нар багтдаг гэлээ. Харин орон тооны салбар зөвлөл одоогоор байхгүй байгаа аж. Өмнө нь гардаг байсан сонгон шалгаруулалтын талаарх гомдол гарахаа больж, төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтын хувьд бүрэн цахимжсан байна. Харин сонгон шалгаруулалтад ороод нэгдүгээрт орсон ч санал болгосон тухайн албан тушаалд очихгүй байх тохиолдол нэлээдгүй гардаг байна. Энэ нь тухайн зарлагдсан албан тушаалд очих гэж шалгалт өгөөгүй харин нөөцөд орохын тулд шалгалтад орсон гэсэн тайлбарыг хүмүүс өгдөг ажээ. Иймд шалгалтын дүнгээр нэгд орсон ч тухайн зарлагдсан албан тушаалд очихгүй тохиолдолд сар хүлээгээд шалгалтын дүнг хүчингүй болгох журамд шилжээд байгаа гэлээ.
Түүнчлэн төрийн удирдах албан тушаалтанд тавигдах тусгай шаардлагыг боловсруулж УИХ-д оруулаад 2 жил болж байгааг Д.Зүмбэрэллхам дарга дуулгалаа. Тэрээр ямар нэгэн хувилбараар энэхүү тусгай шаардлагыг батлаад өгвөл ажилд том дэм болно гэдгийг хэлсэн. Энэ нь ажлын байрны тусгай шаардлагын жишгийг баталж нэг стандартыг мөрдүүлж ажиллахад чиглэгдэж байгаа аж. Иймд УИХ-ын даргыг төрийн удирдах албан тушаалтанд тавигдах тусгай шаардлагыг батлахад анхаарал хандуулахыг хүслээ.
Мөн Төрийн албаны зөвлөл Канадын төрийн албаны комисстой хамтын ажиллагаа тогтоон төрийн албаны төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаар танилцуулав.
УИХ-ын дарга З.Энхболд, одоо Ашиг сонирхлын тухай хууль үйлчилж эхлээд байгаа. Зарим сумдын Тамгын газарт хамаатан садангууд ажиллах явдал их гарч байна. Энэ нь ёс зүйд нийцэхгүй . Иймд Ашиг сонирхлын хуультай холбогдуулж энэ асуудал дээр анхаарч ажиллах хэрэгтэй гэдгийг анхаарууллаа. Мөн Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар тухайн байгууллагад гарсан орон тоог үүдэндээ бичиж өлгөх үүрэгтэй болсон. Жишээ нь сумын тамгын газарт бичээч хэрэгтэй, сонгуулийн тов тэдэнд болно гэх зэрэг мэдээллийг бүх хүнд харагдахаар байрлуулсан байх үүрэгтэй. Танай байгууллага сул орон тоо гарсан захилага авахаас гадна байгууллагууд мэдээллийн самбараа хэр ажиллуулж байгааг анхаарч ажиллах хэрэгтэй. Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл яригдаж байх үед төрийн албан байгууллагууд мэдээлэл өгдөггүй, орон тоогоо зарладаггүй гэсэн шүүмжлэл их гарч байсан гэдгийг хэлж, хуулийн хэрэгжилтэд анхаарал хандуулахыг чухалчиллаа. Түүнчлэн УИХ-ын дарга дөнгөж их, дээд сургууль төгссөн хүнийг ажилд авах зохицуулалтын талаар тодруулсан юм.
Өмнө нь их, дээд сургууль дөнгөж төгссөн хүнийг төрийн албанд заавал нэгээс хоёр жил ажилласан байх ёстой гэсэн босго тавьдаг байсан. Харин одоо их, дээд сургууль төгсөгчид сул орон тоон дээр өрсөлдөх боломжтой. Ажилласан жил шаардахгүй, туслах, дэс түшмэлийн албан тушаалд ажиллах боломжтой гэсэн хариултыг Д.Зүмбэрэллхам дарга өгөв.