-Увс аймгаар зуншлага ямаршуухан байна. Та “МАН-ын хоёр нэр дэвшигч Сонгуулийн хууль зөрчиж мөнгө тараасан” гээд л байсан. Гэтэл тэдгээр хүмүүс тангараг өргөчихлөө шүү дээ?
-УИХ-ын 15 дугаар тойрог буюу Увс аймагт МАН-аас нэр дэвшсэн хоёр нөхөр мөнгө тарааж УИХ-ын Сонгуулийн хууль болоод Үндсэн хуулийг зөрчсөн энэ асуудал хэн бүхэнд тодорхой болчихсон. Өмнөговьд оюутнуудад, Тариаланд иргэдэд мөнгө тараасан. Улаангом сумын иргэн Б.Цэгээд мөнгө өгч саналыг нь худалдаж авах гээд зөвшөөрөөгүй учраас хаалгыг нь эвдээд гарч зугтсан гээд бүх зүйл нэгэнт тодорхой болчихсон зүйл. Дээр нь сонгуулийн сурталчилгаа зогссон зургадугаар сарын 27-ны өдөр хууль зөрчиж, төрийн өмч ашиглаад сурталчилгаа явуулж байгааг баримтжуулаад цагдаа, сонгууль, прокурорын байгууллагад өгсөн. Би зөвхөн томоохон зөрчлүүдийг нь л хэлэхэд ийм байна. Дээр нь Төрийн өмчийн хорооны дарга Заяабал гэж нөхөр “04-08” дугаартай төрийн өмчийн машиндаа Ч.Хүрэлбаатарын ах Ч.Гантулгын машины номерийг тавиад сонгуулийн ажилд ашигласан. Төрийн албан хаагчид сонгуулийн сурталчилгаа хийсэн нь хэн бүхэнд илэрхий. УИХ-ын сонгуулийн хуулийн 35-ын 35-аар мөнгө тараасан нь нотлогдсон бол нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасаад шүүх, прокурорт шилжүүлнэ гээд заачихсан байгаа. Заалт нь ийм тодорхой, зөрчил нь баримтаар нотлогдсон байхад сонгуулийн шат шатны хороо нь энэ бүх луйврыг хамгааллаа. Увс аймгийн Сонгуулийн тойргийн хороотой бол яриад ч хэрэггүй.
-Хамгийн их хамгаалсан гэсэн үг үү?
-Тойргийн хороонд хуучны МАХН-ын угшилтай зургаан хүн суучихсан бүхнийг баллуурдсан. Хууль зөрчсөн нь тов тодорхой байхад “Гарах гарц нь юу байна вэ” гээд л сууж байх жишээтэй. Хуульд заасан арга хэмжээ авна гэж горьдоод ч хэрэггүй. Цагдаа, тагнуул, прокурорын байгууллагынхан “Хууль зөрчсөн байна. Хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд арга хэмжээ ав” гэдэг бичгийг удаа дараа өгсөн ч энэ хүмүүс арга хэмжээ аваагүй. Бид аргаа бараад СЕХ-нд хандсан. СЕХ долдугаар сарын 4-ний өдөр “Хууль зөрчсөн, эрүүгийн хэргийн шинжтэй байна. Цагдаа, прокурорын байгууллага шалгаж байгаа учраас энэ хэргийг түдгэлзүүлнэ” гэсэн шийдвэр гаргачихаад маргааш өглөө нь шийдвэр албажаагүй гэдэг шалтгаанаар тангараг өргүүлэх гээд өргөн барьчихсан. Ингэхээр СЕХ шударга ажиллаж чадаж байна уу. Энэ улсад төр, Үндсэн хууль гэж юм бий юу гэж бодоход хүргэлээ. Өнгөрсөн сонгуулиар Увс аймагт дарангуйллын сонгууль боллоо. Үндсэн хуульд заасан “Сонгогч саналаа нууцаар өгнө” гэсэн зарчим манай аймагт бүрэн алдагдсан. Ялангуяа сумдуудад санал хураалтыг гэрт хийдэг. Тэнд саналаа өглөө гэхэд “хэнд саналаа өгөв” гэдгийг гэрт байгаа бүх хүн харж, мэдсэн. Малчин сумын Баянмандал багт 350 сонгогч саналаа өглөө гэхэд 335 сонгогч хэнд өгсөнийг санал тоолохоос өмнө мэдчихсэн байх жишээний. Тиймээс сонгуулийн хорооныхон “Хэнд өгч байгааг чинь мэдэж байгаа. МАН-д өгөөрэй” гэж иргэдийг дарамталсан. Тойргийн хорооны дарга Н.Гэжээ үүрэг өгсөн.
-Ямар үүрэг өгөх үү?
-Төрийн албан хаагчдыг сонгуулийн сурталчилгааны уулзалтанд оролцох юм бол ажлаас чинь хална гэж дарамталсан. Тэрийг нь Наранбулаг сумын салбар хорооны дарга Дашдорж нотолсон. Гэтэл Н.Гэжээ гэж нөхөр “Дашдорж хууль зөрчсөн” гээд арга хэмжээ авч байгаа юм. Энэ бүхнээс шалтгаалаад Увс аймагт ажилладаг төрийн албан хаагчид сонгох, сонгогдох эрхээ эдлээгүй. Ямар ч уулзалтанд оролцоогүй. Тэгсэн хэрнээ төрийн өмч, төрийн албан хаагчийг МАН-ын сурталчилгаанд ашиглах явдал замбараагаа алдсан. Товчхондоо Сонгуулийн хуулийг бүхэлд нь зөрчсөн, асар их мөнгөний “машин” ажилласан л сонгууль боллоо. Өмнө нь ч ийм юм олон болсон. Сүүлийн хорин жилийн турш МАН энэ аймгаас сонгогдож, төр барилаа. Үр дүнд нь манайх хамгийн ядуу, хамгийн хөгжилгүй аймаг болсон. Энэ аймагт амьдрах аргагүй болоод ирэхээр оршин суугчид нь дүрвэж байна. 2000 онд Увс аймгийн хүн ам 90 мянга хүрч байсан бол одоо 72,3 мянга болсон. Зөвхөн 2008-2012 онд таван мянган сонгогч шилжсэн. Тэд амьдрал, амьжиргаагаа бодохоос илүү энэ бүх дарангуйллыг тэсэхээ байгаад нүүж байна. Иргэдийг намаар нь ялгаварлан гадуурхдаг. Дарангуйлдаг байдлыг зогсоох шинэчлэлийг л хүссэн. Увсад тендер авдаг хэдхэн томоохон компани, төрийн албан тушаалтнууд нь баяждаг, хөлждөг. Ард түмэн улам л ядуурч, доройтдог.
-Та нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Увсын Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нарыг яллуулсан нь тогоотой сүүний өрмийг нь хуулсан л төдий” гэж хэлсэн байсан. Цаашлаад төрийн мөнгийг шамшигдуулсан явдалд улстөрчид холбоотой гэсэн үг үү?
-Ер нь хар л даа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийгмийн салбарт 120 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Увс аймагт хийсэн. Түүгээр сургууль барьж, зам зассан. Харин эдийн засгийн салбарт нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй.
-Тэр мөнгө тэгээд хаашаа орчих уу?
-Тэр мөнгийг авдаг. Түүгээр баяждаг хүмүүс нь тов тодорхой. Аймгийн удирдлагад байгаа хүмүүс. Бүр тасарчихсан баян болсон. ИТХ-ын дарга Д.Батсайхан, Засаг дарга Э.Цасчихэр, Төрийн сангийн хэлтсийн дарга Норовсамбуу, Гаалийн газрын дарга Эрдэнэбаатар, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Ганболд гээд хүмүүс бий. Хэдэн том компани бий. Төрийн албаныхан нь шат шатандаа хулгайчид болчихсон. Нягтлангаасаа эхлээд менежер гээд бүгд хулгай хийж амьдардаг. Жирийн бизнес хийж байгаа хүмүүс хэзээ ч өөдөлдөггүй. Төрөөс дэмжлэг, зээл авах тухай ойлголт байхгүй. Увс аймгийн эдийн засгийн 58 хувийг нь мал аж ахуйн салбар бүрдүүлж байна. Гэтэл энэ салбарыг эрсдэлээс хамгаалах юм юу ч байхгүй. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг 90 гаруй хувьтай хангасан гэдэг. Өвөлжилт хүндрэхэд гаргаад өгөх нэг боодол өвс байдаггүй л байхгүй юу.
-Малжуулах төслийн хүрээнд нилээд их мөнгө хуваарилсан гэж байсан биз дээ?
-Энэ хөтөлбөрийн мөнгийг ерөөсөө л Ч.Хүрэлбаатарын мөнгө гэж хэлээд завхруулчихсан. 300 гаруй сая төгрөгийн 26 сая төгрөгийг нь Чимэддорж гэдэг нөхөр хулгай хийгээд л дууссан.
-Чимэддорж гэж юун хүн юм бэ?
-Ч.Хүрэлбаатарын бие төлөөлөгч. Шат шатны төрийн албан хаагчид байсаар байтал хаа хамаагүй Ч.Хүрэлбаатарын хүн яахаараа энэ ажлыг хийдэг юм бэ… Үлдсэнээр нь МАН-ын харъяалалтай хүмүүст мал авч өгсөн. Энэ хэргийг холбогдох газарт нь шалгуулахаар өгсөн. Гэтэл АТГ-т очоод л дарагдчихсан. Тийм болохоор одоо ямар ч гэмгүй хүний дүр эсгэдэг. Мундаг ажил хийсэн гээд явж байгаа юм чинь. Өнгөрсөн сонгуулиар иргэдтэй уулзахдаа “Ч.Хүрэлбаатарын өгсөн мал яасан бэ” гээд явж байгаа юм. Үнэндээ Ч.Хүрэлбаатар нэг ч мал өгөөгүй. Төсвийн хөрөнгө өөрийн гэж хэлүүлээд байгаа юм. Энэ бүх луйвраас болоод иргэд үнэхээр Ардчилсан намыг сонгоё гэж хүсч байсан. Сонгочихсон ч байсан. Гэтэл сонгуулийн сүүлийн хэдхэн өдөр “мөнгөн бороо” оруулсан. Хүмүүсийн яриа, бидний тооцоогоор 2,5 тэрбум төгрөг тараасан. Сум болгонд мөнгө тараасан. Заримд нь 150 мянган төгрөг, зарим суманд нь бүр иргэн бүрт 250 мянган төгрөг тараасан байгаа юм. Хамгийн тодорхой зүйл бол Өмнөговь суманд болсон үйл явдал. 13 оюутанд Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох, Ч.Хүрэлбаатарын хүндэт ерөнхийлөгч хийдэг Увсын Оюутны холбооны дарга, УИХ-ын рефрент Ш.Чинбат нар мөнгө тараасан бичлэг нь байгаа. Дээр нь Н.Цэгээг мөнгийг нь авахаас татгалзаж цагдаа дуудсаны төлөө хаалгыг нь эвдээд зугтсан хэрэг байна. Бас л баримттай. Энэ хүн өөрөө хуулийн байгууллагад гомдол гаргасан. Мөн Тариалан сумын иргэдэд мөнгө тараасан явдал бий.
-Тэгээд өөрсдөө юу гэж үүнийгээ тайлбарлах уу?
-Түрээсийн гэрээ хийсэн гэж байгаа юм. Энэ гэрээ Иргэний хуулиар зохицуулагддаг. Гурван хувь байх ёстой. Түрээслэгч, түрээслүүлэгч, хөндлөнгийн гэрч буюу нотариатч байх ёстой. Гэрээний нөхцөл нь ямар хэлбэрээр, ямар хугацаанд түрээслэх вэ гээд байх ёстой биз дээ. Гэтэл ганцхан хувь байгаа юм. Тэгээд учир мэдэхгүй малчныг “зүгээр л гарын үсгээ зурчих” гээд зуруулчихсан байх жишээтэй. Энэ бол түрээсийн гэрээгээр халхавчилсан төрийн эсрэг гэмт хэрэг. Хамгийн хөгжилтэй нь тойроод буучихсан 14 айлын 14-үүлэнгийнх нь гэрийг түрээслэчихэж байгаа юм. Малчин өрх гэрээ түрээслэчихээд малаа туугаад хаачих вэ? Арвандөрөвхөн айлд ухуулга хийхийн тулд тийм тооны штаб хэрэгтэй юу. Сонгуулийн хуулиар 2000 штаб ажиллуулна гэж байгаа. Ажиллуулж болно оо. Гэхдээ сурталчилгааны байранд ядаж нэг хүн байх ёстой биз дээ. Тэгэхээр 2000 штабын байранд хэдэн хүн байх уу?
-2000 л байх хэрэгтэй болно доо.
-Сонгуулийн хуулиар 200 сонгогч тутамд нэг ухуулагч, 500 сонгогч тутамд нэг шадар туслах байх ёстой. Увс аймаг 47 мянган сонгогчтой. Ингээд бодохоор ухуулагч нь 470, шадар туслах нь 180 байх ёстой. Нийлээд 650 гэсэн үг. Цаана нь 1350 хүн илүү гарчихаж байгаа биз. Тэгвэл хамгийн багаар бодоход түрээсийн гэрээ гэгчээр халхавчилж 135 сая төгрөг тараасан гэдгээ нотолчихож байгаа юм. Түрүүн ярьсан Б.Цэгээ гуайн гэрийг түрээслэх гээд орсон байж болно. Тэр хүн гэрээ түрээслэхгүй гэсний төлөө яахаараа хаалгыг нь эвдээд зугтаадаг юм.
-Хаалгыг нь эвдсэн залуу яасан бэ?
-Одоо хүртэл баригдаагүй. Хайж л байгаа гэсэн. Манай цагдаа, тагнуулын байгууллага мундаг сүлжээтэй, хэргийн илрүүлэлт сайн гээд л байдаг. Гадаадаас хүртэл хэрэгт холбогдуулаад хүн хулгайлаад аваад ирдэг биз дээ. Тэгсэн хэрнээ Монгол Улсад байгаа ганцхан хүнийг бүхэл бүтэн тагнуулынх нь сүлжээ ажиллаж байж яагаад барьж чаддаггүй юм. Барихыг хүсээгүй л байхгүй юу.
-Мөнгө тараасан туслахуудыг нь барьсан уу?
-Тагнуулынхан Ш.Чинбатыг нь гурав хоног саатуулсан. Шүүхээс үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гээд буцаагаад гаргачихсан. Гол гэмт хэргийг зохион байгуулж, үйлдсэн хүмүүс нь тэд шүү дээ. Гэтэл Сонгуулийн тойргийн хороонд гомдол гаргахаар Н.Гэжээ дарга нь “Үүнээс мултрах гарц нь юу байна” гээд сууж байсан. Энэ луйврыг дарахад хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хүн нь н.Энхтуяа гэдэг тойргийн хорооны гишүүн. Хуульч мэргэжилтэй. Увс аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга хүн. Тэгсэн байж хууль зөрчсөн. Тариалан сумын “мөнгөөр саналаа худалдахгүй” гэсэн ээжийн нус, нулимсыг барсан хүн. Ингээд ард түмний төр барих эрхийг Үндсэн хуулийн бус аргаар дээрэмдээд авчихсан шүү дээ.
-Одоо энэ хэргийг шалгаж байгаа юу. Эсвэл хаасан уу?
-Прокурор шалгаж байгаа. Цагдаагийнхан манай харъяаллын хэрэг биш гээд шалгаагүй. Тагнуулынхан мөн шалгаж байгаа. Гэхдээ одоо эргэлзээ төрүүлж байна.
-Яагаад. Шалгахаа больсон юм уу?
-Бүх хэргийг нь хот руу татчихсан. Энэ хэрэг чинь Увс аймагт гарсан хэрэг шүү дээ. Анхнаас нь Увс аймгийн тагнуул шалгаж эхэлсэн, бүгдийг нь мэдэж байгаа. Гэтэл хот руу татчихлаа. Ингэж хуйвалдаж, шүүхийг хүртэл худалдаж авдаг томчуудын бузар, булай ил болж байна. 2008 онд ч бид ялж байсан. Яг төгсгөлд нь иргэдийн саналыг эд нар худалдаад авчихдаг. Одоо ийм жишиг тогтчихлоо. Б.Чойжилсүрэн бол 2008 онд иргэдийн саналыг 10 мянган төгрөгөөр худалдаж авсан. Энэ жил түүнийгээ арав дахин өсгөж 100 мянган төгрөгөөр худалдаж авч байна. Ингэснийхээ дараа дөрвөн жил баяждаг. Төрөөс хулгайлж авсан мөнгөөрөө эргээд иргэдийг худалдаад авчихдаг, ийм л болчихлоо.
-Увсад гайгүй үйлдвэр бий л байх даа. Дорвитой бүтээн байгуулалтын ажил юу байна?
-Нэг ширхэг ч үйлдвэр байхгүй. Ганц ажиллаж байсан гурилын үйлдвэрийг нь Д.Батсайхан аваад дампууруулах араанд нь оруулчихлаа. “Увс хүнс” гээд нэг компани байна. Дээр нь Хар тарвагатайн уурхай бий. Шинээр боссон ганц ч үйлдвэр байхгүй. Зам заслаа гэхэд Э.Цасчихэрийн хамаатан 1,7 тэрбум төгрөгөөр засна. Зам тавих нэрийдлээр хулгай хийдэг. Баруун бүсийн эрчим хүч гээд газар байна. Дарга Нямсамбууг нь Ч.Хүрэлбаатар Эрчим хүчний сайд байхдаа томилсон. Тэгэхээр Ч.Хүрэлбаатарын хүн гэсэн үг. Увс аймагт тендер зарлана. Э.Цасчихэрийн компани л авна. Бүр мэргэжлийн хулгайч нар энд ажиллаж байна. Баруун бүсийн Эрчим хүч гэдэг газар л гэхэд жилд 4-8 тэрбум төгрөгийн татаас төрөөс авдаг. Тэр мөнгөөр юу хийдэг юм, бүү мэд. Энэ аймгийг өөрчлөхгүй бол болохгүй ээ. Төрийн сонгуулийг Үндсэн хуулийн бус аргаар авсан нэр дэвшигчид, МАН-ын штабын нэр бүхий хүмүүст хуулиар хариуцлага тооцохгүй л юм бол “шударга сонгууль” гээч зүгээр л түүх болно. Шударга сонгууль дахиж болохгүй. Тэгвэл сонгууль гэж хийгээд яах юм. Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нь өөрсдөдөө зориулсан хууль батлаад зөрчдөг, луйвар бульхай хийх юм бол хууль баталж, сонгуулийн хороод нь хэрэгжүүлэх гэж өчнөөн хөрөнгөөр ажилладаг байгаад яах юм. Эсвэл мөнгөтэй хүнийг нь сонгуульд өрсөлдүүл л дээ. Хамгийн их хөрөнгөтэйг нь сонгохгүй юу. Нам нь тэр мөнгийг нь иргэдэд хүргэх тал дээр хяналт тавина биз.
-Сонгуулийн үеэр тог тасалсан гэсэн байх аа?
-Өөрсдийнх нь хүмүүс эрчим хүчний газрыг толгойлж байдаг юм бол өөрсдөө л тог тасалсан байж таарах нь. Ерөөсөө л тэгдэг байхгүй юу. Аймгийн иргэдийн хурал хуралдахад “САМА” телевизээр нь шууд нэвтрүүлдэг. Гэтэл аймаг орон нутгийн асуудал зэргийг яриад эхлэнгүүт л тог таслах арга хэмжээ авдаг.
Би нэг зүйлд харамсч байна. Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар телевизээр ярилцлага өгөхдөө “Би ямар ч хууль зөрчөөгүй. Намайг гүтгэсэн” гэж байна. Ингэснээрээ өөрсдөө дахиад өнөө муу ядарсан иргэдийг гүтгэж байгаа хэрэг шүү дээ. Эрүүгийн хуульд хүнд ноцтой хэрэгт холбогдуулан гүтгэсэн бол гурав хүртэлх жилийн хорих ялтай байдаг. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэдэг нь хүнд ноцтой гэмт хэрэг. Ингэхээр хүнд ноцтой гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн Б.Цэгээ, Тариалан сумын иргэд, Ардчилсан намын дарга миний бие гүтгэгч болж таарах нь л дээ. Бид шоронд орох нь тэгвэл. Ингэхээр нэг бол биднийг шоронд нь хий, эсвэл тэр нэр дэвшигчдийг хий. Аль нэг нь хариуцлага хүлээх ёстой биз дээ. Нэгэнт хэрэг үүссэн юм чинь хэн нэгэн буруутай байж таарна. Буруутай нь хуулиар шийтгэгдэж л таарна. Бид хүн гүтгэсэн бол бидэнд хариуцлагыг нь үүрүүл. Үгүй бол тэд хариуцлагаа хүлээ.
-Иргэд энэ асуудлыг Ерөнхийлөгчид хүргэх талаар сураг дуулдсан?
-Ерөнхийлөгчид очих хүртлээ энэ асуудал хүндрэхгүй байх гэж бид найдаж байгаа. Сонгуулийн хороо, цагдаа, шүүх хяналт, тагнуулын байгууллагууд нь байна. Ямартаа ч хууль ёсыг сахьдаг улс юм бол шат шатны хууль шүүхийн байгууллагууд тогтоох зүйлээ тогтоож, хариуцлага хүлээлгэх байх. Аажмаар асуудал бүдгэрч, байдал хүндрэх юм бол бид Ерөнхийлөгчид хандахаас өөр аргагүй л дээ. Мөн олон улсын хүний эрхийн байгууллагад хандах ч санал гарч байна. Үндсэн хуульт ардчилсан Монгол Улс ард түмнийхээ сонгох, сонгогдох эрхийг мөнгөөр худалдаж авдагт төр нь хариуцлага тооцдоггүй юм бол олон улсын хүний эрхийн байгууллагад хандая гэж байна. “Ингэхээр Монгол муухай харагдах юм биш үү” гэх нэгэн ч бий. Гэхдээ ардчилсан Монгол Улсыг муухай харагдуулахгүй гээд ард түмнийг муухай харагдуулах юм уу. Ард түмэн нь гүтгүүлээд байх ёстой юм уу. Төрийн эрхийг ард түмэн барьдаг биз дээ. Төрийг хариуцлагатай болгохын тулд, шударга сонгууль явуулахын тулд, шударга сонгуулиар гарч ирсэн төр нь ард түмнийхээ төлөө ажиллаж чаддаг болохын тулд бид тууштай явна.
-Увс аймгийнхан саналаа худалдаад сурчихсан юм бол хөгжил ярьж гоншигонох хэрэг байгаа юм уу. Иргэд өөрсдөө амьдралаа сайжруулахыг хүсэхгүй байгаа юм биш үү?
-Иргэд хүсэхгүйдээ биш эд нар дарамталж байгаад саналыг нь худалдаад авчихдаг. Түүнээс гадна 2000-3000 хүн гаднаас авчраад санал өгүүлсэн. Нэг суманд л гэхэд 20 том жийптэй залуучууд очиж байна гэж. Дээр нь ах дүү, хамаатан садан нь сонгууль болонгуут л төрлөө эргэж Увсад ирж байгаа юм. Тэд бүгдээрээ яг нэг ижилхэн бэлэгтэй. Нэг тонгорог, ижил архи, гар чийдэн өгч байна гэсэн. Тэд чинь Улаанбаатараас, Дарханаас гээд ондоо газруудаас ирж байгаа хүмүүс. Гэтэл яг нэг ижилхэн бэлэгтэй байгаа юм. Тэгээд Ч.Хүрэлбаатарт саналаа өгөөрэй гээд бэлгээ тараадаг. Энэ бол зохион байгуулалттай л хэрэг. Ч.Хүрэлбаатар бүгдийнх нь бэлгийг бэлдэж өгсөн л гэж ойлгож байна. Надад бэлэг нь их зэвүүн санагдаад байгаа юм. Хутга өгч яах гэж байгаа юм. “Ална шүү” гэж айлгаж байгаа юм уу. Далд утгаар сонгогчдыг дарамталсан л гэж үзэхээс өөр аргагүй. Монголчууд чинь мэс бэлэглэдэг бил үү. Далд утгаар их бэлэг өгдөг юм гэнэ лээ.