Сүхбаатар аймгийн баяр наадам эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.07.27-нд нийтлэгдсэн

Сүхбаатар аймгийн баяр наадам эхэллээ

Сүхбаатар аймаг байгуулагдсаны 70 жилийн ой болон Дарьгангын Алтан-Овооны төрийн их тахилгад зориулсан баяр наадам, “Зүүн бүсийн хурд-2012” шигшмэл хурдан хүлгийн уралдаан Баруун-Урт өнөөдөр эхэлж байна. Наадам долдугаар сарын 27, 28, 29-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

Зуны дуны сарын нар хур тэгширсэн билэгт сайн өдөр (07.09) Дарьганга нутгийн шүтээн Алтан-Овооны их тахилгын ёслолыг гурав дахь удаагаа хийсэн билээ. Их тахилгын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн М.Зоригт, Ж.Батзандан, Л.Эрдэнэчимэг, хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нар хүрэлцэн ирж, орон нутгийн хишигтэн олон өргөнөөр оролцжээ. Алтан-Овооны их тахилга өнгөрсөн жилүүдэд дангаараа болдог байсан учраас маш өндөр өртөгтэй наадам хийдэг байсан бол энэ  удаагийн тахилга нь эрийн гурван наадам хийхгүйгээр өвөг дээдсээсээ уламжлагдан ирсэн үндэсний ариун ёс агуулгаар орчин цагийн шинэ агуулгаар баяжуулан залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, эх болсон байгаль, уул уул, газар нутгаа хайрлан хамгаалж зөв зохистой ашиглах, архи уухгүй, амьтан муулахгүй, хог шороо тарихгүй гээд аливаа цээртэй зүйлийг ёс бус аргаар хийхгүй байж жинхэнэ сүсэг, бишрэлийнхээ үүднээс уул овоо, газар нутаг, ус ургамал, зон олондоо хандсан байдлаар зохион байгуулжээ.

Дашрамд танилцуулахад тус аймгаас Монгол улсын төрийн нэрт зүтгэлтэн, Монгол улсын ерөний сайд Ц.Жигжиджав, Монгол улсын баатар, “Эх оронч” Чойн Дугаржав, Ардын хувьсгалын партизан М.Дугаржав, П.Тогтох, М.Дамчаа, Хурц билэгт гүн Х.Дашням, гавьяат багш Т.Банзрагч, ардын зураач Д.Амгалан, ардын жүжигчин, уртын дууч Ч.Шархүүхэн, ардын жүжигчин Ш.Чимэдцээеэ, урлагын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Жамбалын Шараа, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, соёл, яруу найргийн гарамгай зүтгэлтэн О.Дашбалбар, монгол улсын харцага Ч.Өвгөнхүү, алдарт уяач С.Төмөр-Очир зэрэг урлаг соёлын зүтгэлтэн, гавьяатнууд, хөдөлмөрийн сайчууд, эрдэмтэн мэргэд, төрийн шагналтнууд олон төрж нутаг орныхоо нэр алдрыг улс даяар дуурсгаж байна.

Сүхбаатар аймгаас улсын цолтой 17 бөх байдгаас улсын харцага цолыг гурван бөх хүртсэн байна. Ингээд харцага цолтнуудыг танилцуулбал. 

  1. Уулбаян сумын харьяат Чойдорын Өвгөнхүү харцага
  2. Мөнххаан сумын харьяат Дахын Одсүрэн нар харцага цолыг 2004 оны 6 сарын 22-нд хүртжээ. 
  3. Мөнххаан сумын харьяат Цэрэндашийн Магалжав 2006 оны Улсын их баяр наадмаар монгол улсын харцага цол хүртсэн байна.

Найрагчдын шүлгэн цацлаас

Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив байгаа бүхнээ бусдаас бүү харамла
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү бүү түлх  
Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй тэрнийг нь олж хэл
Гадаа нартай ч гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоноо /”Амьддаа бие биенээ хайрла” О.Дашбалбар/

Гүнж зам шиг, надаас гүлмэрч алсарсан нутаг минь
Гүйгээд ирэхийн цагт өөдөөс гүйсэн нутаг минь
Хөсөг тэрэгтэй нүүдэл хөтөлж одсон аав минь
Хөтөл дээгүүр саравчилсаар хөхөрч сэмэрсэн ээж минь

Бэлчээрт адуу янцгаахад хөхүүрт айраг шуугих
Тэнгэрт одод анивалзахад тулганд гал инэвэлзэх
Ус болоод галыг золгуулж уураг цай болгох
Уг чанартаа буй юмс утгын бөмбөрцөгт эвсэн бүтьюү

Юм бүхэн үүсгэлдээ эргэж ордог шиг талдаа уусъюу
Юм бүхэн үүнээсээ эвдэрч оддог шиг буцъюу
Дурдан Шар бүрдийн минь дундаа нартай толионоос
Дуу, найргийн Янжинлхам дурайхыг нэг үзьюү /"Зуны дунд сард нутаг усандаа ирэхүй "Г.Мэнд-Ооёо/

Дэлхий даяараа тэгээд
Тэнгэр дуугарсан гэж бодогддог
Тээр жилийн тэр нэг шөнө
Тэнгэрлэг гоо эхнэрийн
Тэрлэгэн дээлийн ташаагаар
Гялбаа цахихуйд
Тэнгисийн шорвог устай цуг
Эргийн мөргөцөг рүү шидэгдэж
Эхээс би мэндэлсэн юм /”Төрсний гэрчилгээ” Дан.Нямсүрэн/

Алдуул морь шиг гүйгээд ирэхэд
Аавын нутаг шиг адуу шиг сайхан
Нутгийн чулуудаа дэвтэж уяртал
Нулимсаа нэрэх сархад шиг сайхан /”Нутгийн салхи” Н.Лутбаяр/

Мандах наран зүгт нутаг минь байдаг
Маргах юмгүй тэнд дулаахан байдаг
Мал нь тогтуухан, хүн нь аядуухан байдаг
Мандах наран зүгт нутаг минь байдаг
Томоос том наран дор тоонот минь байдаг
Тогоруу шувуу зогдороо намируулаад нисэж байдаг
Тогоотой сүүгээ эжий минь самраад хүлээж суудаг
Томоос том наран дор тоонот минь байдагаа /”Мандах наран зүг”С.Амартайван/

Цагийн жамыг буцааж туучъяа
Цагаан зэрэглээг цуцааж цуучъяа
Түүхийн хүрдийг анирдаж сонсоё оо
Түүний тоосыг амтлаж үнэрлэе ээ
Манжин байхад махаар яана
Манж байхад Монголоор яана… гэж
Зуун жилийн өмнө манай сайхан нутаг дээр
Зууван хэлээр еэвэн шаахайтнууд
зунгаарладуулан тультчиж байжээ.
Тультчиж хэлсэн тэр л үгэнд нь
Тусгаар тогтнол минь баглаатай байлаа
Хальтчиж явсан Халхын заяа гэнэт
Хазаараа тасдуулаад хангинаж янцгаажээ
Хоёр зуун жил Монголын тархийг
Хонины толгой шиг мөлжиж идсэн
Манжийн хааны сүүлчийн амбан Сэндо-г ч
Малгай гуталгүй тонилгож хөөсөн юм. /"Манж" Ай.Төмөр-Очир/

Гэрлээрээ, сэтгэлээрээ
Гол мөрөн урсгаж
Голд нь хүүгээ сэлүүлж
Гоо сайхан ертөнц рүү
Горхи булаг болон салаалж
Ижий урсана, Ижий урсгана /"Ижий минь" Ч.Үл-Олдох/

Ч.БОЛОРЧУЛУУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж