Авлигатай тэмцэх киргиз арга

Хуучирсан мэдээ: 2012.07.27-нд нийтлэгдсэн

Авлигатай тэмцэх киргиз арга

Киргизийн Засгийн газар өндөр албан тушаалтай төрийн албан хаагчдын утасны яриаг сонсохыг хуулиар зөвшөөрдөг болгохыг хэлэлцэж байна. Гэтэл энэ нь үндсэн хуулийн заалтад таарахгүй явдал гэж мэргэжлийн хүмүүс үзэж байгаа аж.

Киргизэд хээл хахууль цэцэглэж байгаа тухай тус орны Засгийн газраас байнга мэдээлсээр ирсэн. Үүнтэй холбоотой авилга, хээл хахуультай тэмцэх тэдний арга барил ихээхэн шүүмжлэлд өртөж байна. Жишээ нь Киргизийн сайдаас эхлээд хотын дарга, орон нутийн удирдлага хүртэлх албан тушаалтнуудын утасны яриаг чагнадаг болохыг хуулиар зөвшөөрүүлэх саналыг дэвшүүлжээ. Үүний тулд төрийн албаны өндөр албан тушаалд нэр дэвшигчид сайн дураараа утасны яриа, цахим шуудангийн мэдээллээ шалгуулж байхыг зөвшөөрсөн мэдэгдэл бичгээр өгч байх тухай нээлттэй хэлэлцсэн байна. Хэрвээ энэ санал батлагдваас, хуучин төрийн албан хаагчид тус саналыг зөвшөөрсөн мэдэгдлийг нэг долоо хоногийн дотор өгөх ёстой гэнэ.

Киргизийн Ерөнхий сайд Омурбек Бабанов энэ тухай “Шаардлагатай бол сайд, гишүүдийн утасны яриаг сонсож байг” гэж хэлсэн байна. Төрийн зарим албан хаагч дэвшүүлсэн шинэ санааг хэрэгжүүлэхэд техникийн боломж бүрэлдээгүй гэхэд, зарим нь үндсэн хуулийн заалт зөрчиж буйг дурдсан гэнэ. Гэсэн ч хуульд оруулах нэмэлт заалтыг олонхын саналаар дэмжиж, парламентад хүргэхээр зэхэж байгаа аж. Хуульч Венера Уметовагийн хэлснээр, тухайн хүний шууданг задруулах, утасны яриаг зөвхөн шүүхийн шийдвэрт үндэслэж биелүүлэх ёстой гэж үзэж байна.

Бишкек хотын иргэн Жипар Мамбетов “Ийм тэмцэл эхэлж байгаа нь зөв, төрийн албан хаагчдын яриаг сонсож байх хэрэгтэй” гэж дэмжиж байхад өөр нэгэн иргэн “Сонсдог болоод  ч төдийлэн үр дүн авчрахгүй байх” гэжээ.
 

Х.БУЛГАН

Эх сурвалж: www.mongolianeconomy.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж