Тариаланчид трактор авахаар дугаарлаж байна

Хуучирсан мэдээ: 2012.07.27-нд нийтлэгдсэн

Тариаланчид трактор авахаар дугаарлаж байна

Монголын ХХААХХҮЯ БНХАУ-аас хөнгөлөлттэй зээлээр 8000 трактор оруулж ирэхээр болсон билээ. Тиймээс трактор авах гэсэн тариаланчид хөдөө, орон нутгаас нийслэлд ирж, ХХААХҮЯ-ны байрны гадна хэд хоногийн өмнөөс дугаарлан зогсох болсон юм. БНХАУ-аас ийнхүү жижиг оврын трактор оруулж ирж байгаа нь тариалан эрхлэгчдийг төрөөс дэмжих ажлын нэг хэсэг болох тухай албаныхан онцолж байгаа бөгөөд нийт 8000 тракторын 5000 нь анжисны зориултын, 3000 нь хадлангийн зориулалтых ажээ. Энэ талаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Техник, технологийн хэлтсийн дарга Д.Галсанбуянгаас тодрууллаа.

-Тракторыг хэзээнээс эхэлж оруулж ирсэн бэ?

-Тракторыг иргэдэд дөрөв, тавдугаар сард тараах байсан ч Засгийн газрын шийдвэрийг хүлээж, зургадугаар  сарын 8-наас эхэлж БНХАУ-аас машинаа ачиж эхэлсэн. Ингээд долдугаар сарын 15 гэхэд тракторуудыг задалж ачсан 160 чингэлэг оруулж ирээд байна. Долдугаар сарын 15-наас одоог хүртэл нэмж 50, 60 чингэлэг ачиж оруулж ирж байна.

-Нэг чингэлэгт хэдэн трактор багтаасан бол?

-БНХАУ-аас тээвэрлэж оруулж ирэх ажлыг “Эрин интэрнейшнл” компани хариуцаж байгаа. Ингэхдээ нэг чингэлэгт 16 трактор багтааж хийж байна. Цаг хугацаа, тээвэрлэлтийн байдлыг харгалзан үзэж, аль болох ихийг багтаахын тулд дүрэм, нормын дагуу задалж хийж байна.

-Нэг тракторын үнэ ямар байх вэ?

-Таван сая төгрөгийн үнэ бүхий бага оврын трактор оруулж ирж байна. Тэгэхээр тариаланчид эхний ээлжинд хоёр сая таван зуун мянган төгрөгөө төлөөд авч байгаа гэсэн үг юм.

-Таван сая төгрөгийн үнэтэй тракторыг тал үнээр нь авч байгаа гэсэн үг үү?

-Засгийн газраас тал үнээр олгох эсэх талаар шийдвэр гараагүй байна. Тэгэхээр 2017 он хүртэл үлдсэн нэг жилдээ 500 мянган төгрөгөөр төлөх байдлаар гэрээ хийж байна. Хэрэв шийдвэр нь гарвал хоёр сая таван зуун мянган төгрөгөөр л худалдаж авах юм.

-Одоо трактор авахаар гэрээгээ хийсэн хэдэн хүн байна вэ?

-Одоогоор 700 гаруй  хүн гэрээгээ хийчихээд байна. Өдөрт 100 гаруй трактор оруулж ирж байна. Хятад улсаас оруулж ирж байгаа хилээр хэд хэдэн дамжлага даваад ирж байгааг чингэлгээс шууд задлаад угсраад, шалгаад олгож байгаа.

-Тариаланчид ингэж их дугаарлаж байгаа нь хэрэгцээ, шаардлага их байгааг харуулж байгаа хэрэг байх?

-Тийм ээ, энэ жил бороо хур ихтэй байна. Энэ бол үнэхээр нүдээ олсон газар тариалангийн тоног төхөрөөмж шүү дээ. Хадлан, тариалалтыг малчны хэмжээнд бэлтгэх боломжийг олгож байгаа юм. Тариаланчид ер нь трактор дуусна гэж бодоод яараад байх шиг байна. Нэг хүн ч гэсэн хадлан, тариаландаа эртхэн гарах гэснийг нь ойлголгүй яахав. Гэхдээ тракторууд хангалттай орж ирнэ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж