Монголын төмөр замд Монгол тэнхлэг гэж бий юү

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Монголын төмөр замд Монгол тэнхлэг гэж бий юү

Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийг УИХ-аар энэ өдрүүдэд хэлэлцэж байгаа. Гишүүдийн яриаг сонсох нь ээ, "Нарийн нь хэрэгтэй. Өргөн нь илүү" гэсэн учир нь олдохгүй хэрүүл ч юм шиг хэлцэл ч юм шиг өнгө аяс цухалдаж байна.

Тэдний хувьд Монголын төмөр замыг монгол тэнхлэг гэдэг утгаар нь бус Хятад хийгээд Оросын алийг нь сонгох вэ гэсэн сонголт болгон талцах аж. Энэ нь Монголын төмөр зам монгол тэнхлэг байж чадах уу гэсэн асуулт тавихад хүргэж буй.

Оюутолгойн орд газрыг ашиглах төлөвлөгөөгөө "Айвенхоу майнз"-ын ерөнхийлөгч Фрийдланд олон улсад зарласантай зэрэгцээд төмөр замыг анхаарлын төвд оруулах зайлшгүй шаардлага тулгарч буй мэт. Тус ордын баялгийг автозамаар урд хөрш рүү тээвэрлэх тохиролцоог Засгийн газар хөрөнгө оруулагчидтай хийсэн. "Тавантолгой-Сайншанд-Чойбалсангийн чиглэлд төмөр зам барих нь зөв" хэмээн гүйцэтгэх засаглалынхаа шийдсээр байтал "Үгүй ээ, Замын-Үүд рүү тавих хэрэгтэй" гэх өөр нэг хэсэг байх аж.

Энэ талаар Б.Батбаяр гишүүн чуулганы танхимд "Төмөр замыг өргөн царигтай байна гэж нэг хөршийнхөө бодлогыг нөгөө хөршдөө тулгах нь ямар байна вэ" хэмээж байсан. Эндээс Монгол Хятадтай хамт уу, Оростой хамт уу гэсэн улстөрчдийн хагарал харагдаж буй. Зөвхөн Б.Батбаяр гишүүн ч бус өөр олон гишүүн ийн Монголын төмөр замыг хоёр хөршийн холбоо эрх ашигтай хольж хутгаж буй нь харамсалтай.

Өдгөө шинээр барих төмөр зам уг нь Сайншандад байгуулах аж үйлдвэрийн парк хийгээд нэмүү өртгөөс хүртэх ашиг дээр тулгуурлаж буй. Нүүрсээ түүхийгээр нь урд хөрш рүү хямд өртгөөр худалдаж, эс бол боловсруулж өндөр үнэ хүргэх. Мөн Сайншандын аж үйлдвэрийн паркыг дагах олон арван дэд бүтцийн бүтээн байгуулалт хийгээд тэндээс ажил амьдралаа залгуулах олон мянган монгол хүний хүч хөдөлмөрийн төсөөлөл, төлөвлөгөө тэнд бий.

Тэгээд ч Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас боловсруулсан Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын төслөөс харахад "Тавантолгойн нүүрсийг зөвхөн Сайншанд хүртэл тээвэрлэхээр байгаа. Тэндээ нүүрсээ боловсруулаад 5-8 сая тонн коксын нүүрсийг Орос, Хятад руу хувааж тээвэрлэх хувилбар бий. Ингэхдээ бүр Тавантолгойн коксын  нүүрсийн 70  гаруй хувийг Эрээнээр дамжуулж, Хятадын зах зээлд нийлүүлнэ" гэсэн байгаа.

Гэтэл "МАК" болон "Тавантолгой" ХХК тэргүүтэй хувийн бизнес эрхлэгчид "Ганцхан Хятад л гайхалтай худалдан авагч. Шууд Гашуунсухайтыг сонгох хэрэгтэй. Өргөн төмөр зам сонговол зах зээлд гарах боломж бүрэн утгаараа хязгаарлагдана" гэх нь юуны учир вэ. Монголын нүүрсийг дэлхийд хүргэх төмөр замын санаачлагыг зүгээр нэг бизнес эрхлэгч өөрийнхөө хүсэл сонирхол, хялбар олдох ашгийн төлөө 180 хэм эргүүлнэ гэвэл яасан ч бүтэхгүй баймаар юм.

Гэтэл Монголд нөхцөл байдал өөр байна. Улс төрд төлөөний хүнээ шургуулсан тэд өнгөрсөн таван сарын хугацаанд өөрсдийн эрх ашгийг тунхагласаар байна. Дээр дурдсан Оюутолгойн тухайд хөрөнгө оруулагчид нь "Хэрэв төмөр замыг бидний төлөвлөсөн чиглэлийн дагуу баривал бид түрээслэх боломжтой" хэмээн мэдэгдсэн. Нэгэнт зах зээл нь Хятад руу чиглэж буй болохоор тэдэнд Тавантолгой-Сайншанд-Чойбалсан гэдэг хувилбар ямар ч эргэлзээгүй таалагдахгүй байгаа нь ойлгомжтой. Иймд шинэ төмөр замын төслийг Оюутолгойгоос ангид гэдгийг эртхэн шиг хэлэх хэрэгтэй болов уу.

Эс бөгөөс тун удахгүй "Нөгөө Оюутолгойнхон чинь төмөр зам барихгүй гэнэ шүү" гэсэн эсэргүүцлийн цуваа хөдөлгөөнд орохыг үгүйсгэх аргагүй юм. Мөн анхлан төмөр замын хувилбар Оюутолгой хийгээд Тавантолгой, Цагаан суварга гэсэн хамгийн том орд газрыг түшиглэх хэрэгтэй гэсэн санал дээр тулгуурлаж байсныг ч энэ сэдвээс орхиод хэрэггүй болов уу. Оюутолгой авто замыг сонгох нь нэгэнт тодорхой болж, төмөр замын тоглоомын гадна үлдсэн учраас тэр л дээ. Гол нь энэ нь Оюутолгой, Тавантолгой хоёр хамт гэсэн олны ойлголтыг үгүйсгэх бодит үндэслэл юм.

Харин хоёр хөршийн тухайд Монголд нарийн болон өргөн төмөр зам тавих хэрэгтэй гэдэг өөр өөрийн хувилбарыг дэвшүүлж байгаа. Хятад гэхэд хоёр орны хаалгыг нээх найман боомт шинээр ашиглалтад оруулах замаар нарийн цариг тавихыг санал болгосон. Харин Оросын тал хоёр орны хамтарч байгуулсан "Дэд бүтцийн хөгжил" компаниар дамжуулж, хүссэн ч хүсээгүй ч манайд барих төмөр замын эзэмшигч болох нь тодорхой болчихсон. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд хэн оруулахаас үл хамаараад дэд бүтцийг нь атгахаа Оросын Ерөнхий сайд В.Путин Монголд айлчлах үеэрээ ийн баталгаажуулсан.

Ийм ээдрээтэй бас эргэлзээтэй асуудлаар дүүрэн Монголын төмөр замын бодлогыг УИХ-аар хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үр дүн хэрхэн гарахыг тааварлашгүй. Эхний ээлжинд ямар ч байсан "Энержи ресурс" өөрсдийн нүүрсийг авто замаар барьж, төмөр замын хувилбар руу хуруу дүрэхээс татгалзсан дуулдсан. Энэ үнэн бол Монголын бус хувийн эрх ашгийн төлөөх өрсөлдөөнөөс нэг тоглогч нь хасагдлаа гэсэн үг.

Иймд УИХ-ын гишүүдэд энэ бүх эргэлзээний аль нь зөв, аль нь Монголд хэрэгтэй вэ гэдгийг эрхтэн шиг оновчтойхон шиг бодлогоо тодорхойлж өгөөч гэж хүсмээр байна. Оюутолгой, Тавантолгойг хүлээсэн сайн сайхан ирээдүйн тухай төсөөлөл "утаа" болон замхарахаас өмнө. Гол нь, Орос, Хятад гэсэн мөнхийн хөршийнхөө хэн нэгэн рүү нь цагаан дарцаг барьж гүйхийн оронд эрх ашгийг нь хамтад нь тэнцвэржүүлж, Монголд бодит ашиг өгөх монгол тэнхлэгийг байгуулж эхлэхэд цаг хугацаа хайран санагдахгүй байна уу гэдгийг ч бас асуумаар байна. Тодруулбал, Монголын төмөр замд монгол тэнхлэг гэж бий юу гэдгийг…

Г.Отгонжаргал.
Улс төрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж