-Дэлхийн банкны гаргасан судалгаагаар БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч байна. Хятадын эдийн засгийн хөгжил саарч байгаа шалтгааныг юу гэж үзэж байна вэ?
-БНХАУ-ын эдийн засаг сүүлийн 30 орчим жилийн туршид жилд дунджаар 10-аас дээш хувийн өсөлттэй байсан. Харин 2011 онд 9,3 хувь болсон. 2012 онд 8,3 хувь болж өсөлтийн хурд буурна гэж судлаачид үзэж байгаа. Хятадын эдийн засгийн хөгжил буурахад гадаад хүчин зүйлс ихээхэн нөлөөлсөн. Тухайлбал, 2008 оны дэлхийн санхүүгийн хямрал, Америкийн эдийн засгийн зогсонги байдал, Европын орнуудын өрийн шүлжээ гээд. Мөн дотоодын хүчин зүйлс ч нөлөөлсөн зүйл бий. Тухайлбал, дотооддоо дэд бүтцэд хэт их хөрөнгө орууллалт хийж, дотоод өр нэмэгдсэн. Улмаар чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэхэд хүргэсэн. Худалдан авах эзэнгүй олон мянган орон сууц бий болж барилгын үнэ унаж байна. Ер нь асар том эдийн засгийн хүрдийг өндөр хурдтай эргүүлээд байх боломжгүй л дээ. Хэдийгээр Хятадын эдийн засгийн хурд саарч байгаа ч эдийн засаг нь улам бүр томорч, хүчирхэгжиж байгаа. 2009 онд Хятадын нэг хүнд ногдох ДНБ 3000 ам. доллар байсан бол 2011 онд 4520 ам. доллар болж нэмэгдлээ. Чөлөөт валютын нөөц 2011 онд 2,86 триллион ам доллларт хүрч өнгөрсөн оноос 16,7 хувиар нэмэгдсэн. Хятадын хот суурин газарт амьдарч байгаа иргэдийн орлого жилд дунджаар 10 хувиар, хөдөө тосгонд амьдарч байгаа иргэдийн орлого 6-7 хувиар нэмэгдэж байна шүү дээ. Ард түмний амьдрал өдрөөс өдөрт улам бүр сайхан болоод л байна.
-Монголын гадаад худалдааны хамгийн том түнш болох урд хөршийн эдийн засгийн хөгжлийн энэ бууралт Монголын эдийн засагт ямар доргилт өгөх бол?
-Юуны өмнө урд хөршийн эдийн засгийн хөгжлийн бууралт манай эдийн засагт нөлөөлөхгүй гэж хэлэхээр байна. Эдийн засгийн хөгжлийн хурд нь буурч байгаа болохоос биш эдийн засаг нь зогсонги байдалд эсвэл хямарчихаагүй байна. Даяарчлагдаж байгаа энэ үед аливаа нэг улс дангаараа, хэн нэгнээс огт хамааралгүй хөгжинө гэдэг асуудал байхгүй. Ялангуяа манай улсын эдийн засаг, гадаад худалдаа БНХАУ-тай тодорхой түвшинд хамааралтай шүү дээ. Манай нийт гадаад худалдааны 56 хувь нь дан ганц Хятад улсад ногдож байна. Хятадын эдийн засгийн хөгжлийн удаашрал манайд нөлөөлөхгүй гэдгийн учир нь нийт эдийн засаг нь томорч байна. Мөн монголын экспортын гол бараа болох ашигт малтмалын үнэ нэмэгдэж байна. Зах зээлийн хэрэгцээ нь буураагүй харин ч эсрэгээр нэмэгдэж байна. Тухайлбал, 2012 оны эхний таван сард Хятад улс 112,7 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 67,7 хувь илүү байна. Дотооддоо эхний 4 сард улсын хэмжээнд нийт нэг тэрбум 211сая тонн нүүрс олборлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 73.6 саяар илүү буюу 6.5 хувиар өссөн дүнтэй гарсан.
-Монгол Улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 17 хувьтай гарсанд нүүрсний экспортоос олсон ашиг гол нөлөөлөл үзүүлсэн. Энэ онд Монголын нүүрсний экспорт өнгөрсөн жилээс өхөсгүй, үнэ нь харин хямдарсан гэх мэдээлэл байна?
-Маш тодорхой статистик мэдээ хэлье. 2011 онд манай улс 21,1 сая нүүрс экспортлож нийт 2,26 тэрбум ам. долларын худалдаа хийсэн. 2012 оны эхний 6 сарын байдлаар нийт 10,2 сая тонн нүүрс гаргаж 1,1 тэрбум ам. долларын худалдаа хийсэн. Дунджаар 1 тонн нүүрсээ 106,0 ам доллараар зарж байгаа. Тэгэхлээр өнгөрсөн оны түвшинтэй ижил байна гэж хэлж болно.
-Нүүрсээ маш хямдхан үнээр Хятадад борлуулдаг гэдэг шүүмжлэл байдаг. Энэ талаар та хариулт өгнө үү? Ер нь нүүрсний гадаад худалдааны бодлого хаана байна вэ?
-Өнөөдөр Монгол Улсын нүүрсний зах зээл ганцхан БНХАУ гэж хэлж болно. Тэгэхээр манай нүүрсний экспорт БНХАУ-аас бүрэн хамааралтай гэсэн үг. БНХАУ-ын хувьд Монголоос гадна Орос, Австрали, Индонез, Вьетнам гээд өөр олон орноос нүүрс авдаг тул сонголт их. Монгол Улс нүүрснээс олон улсын зах зээлийн үнээс ихээхэн бага үнээр БНХАУ-д өгдөг. Энэ нь бидэнд нүүрсний гадаад худалдааны зохицуулалт, бодлого байхгүйтэй шууд холбоотой. Манай улсын нүүрсний гадаад худалдаа эрхэлдэг компаниуд, уурхайнуудыг нэгдсэн бодлогоор удирдах шаардлага байна. Харамсалтай нь тийм байгууллага, бүтэц, хууль эрх зүйн орчин байхгүй байна. Тийм ч учраас компаниуд хоорондоо өрсөлдөн үнээ буулган хямд үнээр нүүрсээ БНХАУ-д нийлүүлж байна. 2011 онд нийт 83 компани нүүрс экспорлосон байдаг. Эдгээр олон компани тус тусдаа биш нэгдэх нь их чухал байна. Гол нь тэдгээрийг нэгтгэж удирдах эрх бүхий байгууллага хэрэгтэй байна даа.
-БНХАУ нь манай мөнхийн хөрш. Хөрш улсууд учир огт харилцан хамааралгүй байна гэж мэдээж үгүй. Хэт хамааралтай байхгүй тулд ямар яах ёстой вэ?
-Дэлхийн бүх улсууд гадаад худалдааг аль болох лебарлчлах, олон оронтой худалдаа хийх бодлого барьдаг. Өнөөдөр яах аргагүй газар зүйн байрлал манай гадаад худалдаанд нөлөөлж байгаа нь үнэн. Өнөөдөр бид уул уурхайн бүтээгдэхүүнээ Хятадад экспортолж байна. Хятадыг давуулаад цаашаа экспортлох боломж одоогоор алга. Хятад тэдгээр бүтээгдэхүүнийг гаднаас импортоор авдаг орон байхгүй юу. Өөрөө импортоор авч байж, манай нүүрсийг нутаг дэвсгэр дээрээ дамжуулаад гуравдагч оронд гаргана гэж байхгүй. Наад зах нь зам тээврийн асуудал байна. Хятад өөрөө дэлхийн хамгийн том түүхий эдийн зах зээл. Тэр дотроо уул уурхайн бүтээгдэхүүний аварга том мангас. Дэлхийн бүх орон Хятад руу бүтээгдэхүүнээ экспортлохын тулд өрсөлдөж байхад бид Хятадад өгөхгүй гээд хэнд өгөх болж байна. Хамгийн гол баримтлах бодлого бол гаргаж байгаа бүтээгдэхүүндээ яаж нэмүү өртөг шингээх, үнэ хүргэх вэ гэдэг л их чухал.
-Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд өнөөдөр тулгараад байгаа томоохон хүндрэлтэй асуудлууд юу байна вэ? Тэдгээрийг даван туулахын тулд цаашид ямар бодлого, зорилт тавьж ажиллаж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд хоёр орны хоорондын худалдаа ихээхэн нэмэгдэж байгаа хэдий ч худалдаа үндсэндээ уул уурхайн түүхий эдээс хамааралтай болох эрсдэл өндөр байна. Манай экспортын 90 гаруй хувийг нүүрс, зэс зэрэг боловсруулалт хийгээгүй түүхий эд эзлэж байна. Манай экспортлож буй бүтээгдэхүүний дийлэнх хувийг боловсруулаагүй болон хагас боловсруулсан түүхий эд эзэлдэг тул экспортын барааны бүтцэд бүрэн боловсруулсан бүтээгдэхүүний жинг нэмэгдүүлэх, үүний тулд боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, гүн боловсруулалт хийх техник технологийн шинэчлэлт хийх үйл ажиллагааг эрчимжүүлэхийг зорилго болгож байна. Хоёр талын Худалдааны салбарыг хөгжүүлэхэд хил, гааль, автозамын дэд бүтцийг хөгжүүлэх асуудал нэн тэргүүнд тавигдаж байна. Ялангуяа гаалийг орчин үеийн дэвшилтэд шинэ технологи бүхий тоног төхөөрөмжөөр даруй хангах ёстой гэж бодож байна. Нүүрс ачсан машинийг нүүрсийг буулгалгүйгээр дотор нь юу байгааг мэддэг болох хэрэгтэй. Мөн БНХАУ-тай хийж буй худалдааг орчин үеийн олон улсын хэмжээнд тавигдаж байгаа стандарт, шаардлагын түвшинд хүргэх, иргэдийнхээ эрүүл ахуй, хэрэглээний аюулгүй байдлыг бүрэн хангахад анхаарч ажиллах нэн чухал байна.
-Монголын мал 50 саяд хүрлээ. Уг нь БНХАУ-д экспортловол манайд хэрэгтэй. Гэтэл Хятадын зах зээл хаалттай хэвээр байна?
-БНХАУ-д салаа туурайтай мал, махан бүтээгдэхүүн тэдгээрийн гаралтай түүхий эдийг экспортлох боломж одоогоор байхгүй байна. Хятад улс энэ тал дээр нилээд хатуу байр суурьтай байдаг бөгөөд монголын мал шүлхийтэй гэсэн шалтгаанаар оруулахгүй байгаа. Бид бүхий л сувгаар Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагад асуудал тавьж манай мал эрүүл гэсэн тодорхойлолтыг гаргуулахаар хөөцөлдөж байна. Эсвэл өвчин гарсан үед нь голомттой нутгийг хэсэгчилж тодруулж байх саналыг тавиад байгаа юм. Нөгөө талаар манайх дотоодоо малын махны үнэ Хятадаас үнэтэй болоод байдаг. Үнэтэй мах Хятадууд авахгүй шүү дээ.
-Манай гадаад худалдаа сүүлийн жилүүдэд алдагдалтай байгаа. 2011 онд 1,6 тэрбум ам. долларын алдагдал хүлээсэн. Тэгэхээр БНХАУ-тай хийж буй худалдаа манай талд алдагдалтай юу?
-Алдагдалгүй, харин ашигтай гардаг. 2011 онд хоёр орны худалдааны нийт эргэлт 6,37 ам. долларт хүрч, экспорт 4,4 тэрбум ам.доллар, импорт 1,97 тэрбум ам. доллар болсон. 2012 оны эхны 6 сарын байдлаар хоёр орны худалдааны хэмжээ 2,97 тэрбум ам. доллар болсон. Үүнээс экспорт 2 тэрбум 110 сая ам. доллар, импорт 864,4 сая ам. доллар болж худалдааны бланс манай талд ашигтай гараад байна.
-Монголд Хятадтай явуулж буй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг нэгтгэн зангидаж хариуцах байгууллага байх ёстой гэж та нэгэнтээ дурдаж байсан. Яагаад?
-Хятадын эдийн засаг хүчирхэгжихийн хэрээр дэлхийд үзүүлэх нөлөөлөл улам бүр тэлж байна. Монгол Улсын эдийн засаг өсөхийн хэрээр БНХАУ-тай хамтран ажиллах хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна. Цаашдаа ч улам бүр нэмэгдэх нь тодорхой. Мэдээж нэг байрандаа байгаад байхгүй. Зам, тээвэр, барилга, уул уурхай, ашигт малтмал, хөдөө аж ахуй, хүнс, гааль, татвар гээд манай эдийн засгийн бүх салбарууд БНХАУ-тай харилцаа, холбоотой байж хөгжиж байна. Арай бага хамааралтай гэх мал аж ахуйн салбар гэхэд л мах, махан бүтээгдэхүүнээ Хятадын зах зээл дээр гаргах боломж хайж байна. Шинжлэх ухаан, боловсрол, технолгийн салбарт илүү хамтран ажиллах шаардлага их байна. БНХАУ-аас Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалт жилээс жилд нэмэгдэж байна. Манай улсад үзүүлж буй зээл, тусламж, төслийн хамтын ажиллагаа улам бүр өргөжиж байна. Гэтэл энэ олон зүйлийг нэгдсэн бодлогоор удирдаж чиглүүлж байгаа Засгийн газрын байгууллага байхгүй байна шүү дээ. ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрыг л аваад үзье л дээ. Энэ газарт Хятадын асуудал хариуцсан хятад хэлтэй нэг ч хүнгүй байна. Уг нь энэ том эдийн засгийн харилцааг тусгай эрх бүхий байгууллага хариуцах ёстой юм. Ийм бүтэц байгууллага байхгүй учраас өнөөдөр БНХАУ-тай явуулж буй эдийн засгийн харилцаа урсгалаар явж байна.
-Хөрш орнуудын асуудлыг хариуцсан газар Гадаад харилцааны яаманд байдаг биз дээ?
-Тийм. Тус газарт Хятадын асуудлыг хариуцдаг хятад хэлтэй ердөө гуравхан хүн л ажилладаг. Гол нь улс төрийн харилцааны чиглэлийн асуудалаа хариуцдаг. Хятадын асуудал маш их, 3 хүн ёстой хаанаа ч хүрэхгүй нь ойлгомжтой. Гал унтраах гэж манайхан ярьдаг. Түүнээс илүү гаргаж ажиллах бололцоогүй. Хятадтай явуулж буй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал Хөрш орны газраар дамждаггүй, тухайн салбарын яам, агентлаг, орон нутаг гээд тус тусийнхаа чиглэлээр ямар ч нэгдсэн бодлогогүй явагддаг юм. Манай газраар ч дамждаггүй. Өөрөөр хэлбэл ГХЯ-нд тэдгээр харилцааг зохицуулахад эрх, мэдэл хүрдэггүй юм. Өнөөдөр хоёр талын харилцаанд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа маш чухалаар тавигдаж байгаа энэ үед тодорхой арга хэмжээ авахгүй болохгүй болоод байна.
-Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын Комисс гэж байдаг. Энэ Комисс тэгэхлээр хэр үр дүнтэй ажил явуулдаг юм бэ?
-Манай хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг зохицуулагч хамгийн том бүтэц бол “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улсын засгийн газар, БНХАУ-ын засгийн газар хоорондын Комисс” юм. Уг комисс 2 жилд нэг удаа хуралддаг. Засгийн газар хоорондын Комисс нь 1991 оноос хойш нийт 12 удаа хуралдаад байна. Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны шийдвэрлэвэл зохих бүхий л асуудлаар хэлэлцэн ярилцаж, протокол гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг. Комиссын үйл ажиллагааг улам идэвхжүүлэх шаардлага их байгаа. Учир нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа улам бүр өргөжиж, ярьж шийдвэрлэх асуудал байнга гардаг боллоо. Иймд цаашид Комиссыг жил бүр хуралдах асуудлыг Хятадын талдаа санал болгоно гэж бодож байна. Комисс өөрөө байнгын ажиллагаатай бус, хоёр жилд нэг хуралдаад л тарчихдаг. Тэгэхээр хоёр хурлын хооронд комиссын үйл ажиллагааг хэвийн явуулах бүтэц байгууллага зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр л Хятадын асуудлыг хариуцдаг, хүн хүчний боломжтой бүтэц байгууллага зайлшгүй байгуулах шаардлага байгаа гэж би хэлээд байгаа юм. Шинээр байгуулагдах Засгийн газар Хятадын асуудалд онцгой анхаарал хандуулна гэж найдаж байна.
-Хятадад Монголын асуудлыг хариуцсан бодлогын томоохон газар байдаг уу?
-Тусгайлан Монголын асуудал хариуцана гэж нэрлэсэн газар гэж байхгүй. Гэхдээ Монголын асуудалд БНХАУ өндөр ач холбогдол өгдөг. ГХЯ, Худалдааны яаманд Монголын асуудал хариуцсан хэлтэс байдаг. Төрийн олон судалгааны байгууллагууд байдаг. Мөн Хөгжил шинэчлэлийн хороо, Төмөр замын яам гээд эдийн засгийн чиглэлийн гол байгууллага бүр дээрээ Монголын асуудлыг хариуцсан ажилтнууд бий. Хятадын төр засгийн байгууллага маш тогтвортой. Манайх шиг бүтэц, удирдлагууд нь байнга өөрчлөгдөөд байдгүй. Тийм ч учраас тухайн албанд ажил хариуцаж ажиллаж байгаа хүмүүс нь маш өндөр түвшинд бэлтгэгдсэн байдаг. Гэтэл манай бусад яамд, төрийн байгууллагуудад Хятад хэлтэй хятадын асуудал хариуцсан хүн байхгүй байна. Ер нь хэлийг нь мэдэхгүй байж асуудлыг нь хариуцаад сайн ажиллана гэдэг хэцүү.
-Та өмнө нь Бээжинд манай ЭСЯ-нд худалдаа, эдийн зөвлөхөөр ажиллаж байсан. Ер нь манай өмнөд хөрш эдийн засгийн хөгжлийн нууц нь юу вэ? Хятадаас суралцах, санаа авах зүйл их байгаа гэж ойлгож байна.
-Хөгжлийн цөм гол нууц нь гэвэл Хятад улсын төр, засаг маш тогтвортой байна.
Мөн бизнесийн орчин нь их тогтвортой. Төр нь засаг нь хүчтэй, доорхи гүйцэтгэх байгууллага нэгж нь түүнийг хэрэгжүүлэх чадвар өндөртэй байна. Эдийн засгийг нээлттэй хөгжүүлэх бодлогыг цэгцтэй, төлөвлөгөөтэй, дэс дараатай хэрэгжүүлж байна. Сахилга, хариуцлага, эв нэгдэлийг эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөх хүчин болж байна. Нэгэн зүйлийг онцлон хэлэхийг хүсэж байна. Хятад улс тав таван жилээр нийгэм, эдийн засгаа төлөвлөж хөгжүүлдэг. Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд бүхий л бололцоогоороо, ёстой өдөр шөнөгүй ажиллаж байна. Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхгүй бол маш том хариуцлага хүлээдэг. Манай улсад намуудын мөрийн хөтөлбөрийг эс тооцвол хөгжлийн төлөвлөгөө алга байна шүү дээ. Хариуцлага гэдэг юм бол бүр байхгүй. Яаж ч хурдтай хөгжих билээ дээ.